Цацраг идэвхт ашигт малтмалыг эдийн засгийн эргэлтэнд оруулах

Уран нь дэлхийн царцдас, далай тэнгис, гол мөрөнд өргөн тархсан бөгөөд нь алтнаас 500 дахин, мөнгөнөөс 40 дахин элбэг оршдог. Хүний биед 90-150 микро-грамм уран агуулагддаг. Ураныг боловсруулж, нийгэм-эдийн засгийн олон салбарт ашигладаг бөгөөд үндсэн хэрэглээ нь эрчим хүчний салбарт байдаг.

Уран нь алт, мөнгө шиг байгаль дээр дангаараа оршдоггүй. Байгаль дээрх ураны хүдрийг олборлоод, боловсруулах үйлдвэрт химийн аргаар боловсруулан ураны шар нунтгийг гарган авдаг. Уурхайгаас 0.1 хувь буюу түүнээс бага агууламжтай (1 тонн хүдэрт ойролцоогоор 200 грамм уран) ураны хүдрийг боловсруулах үйлдвэрт боловсруулснаар 80 орчим хувийн уран агуулсан (1 тоннд 800 кг) исэл (U3O8) буюу бидний ярьж заншсанаар “шар нунтаг”-ийг гарган авдаг. Өнөөдрийн байдлаар ураныг ил уурхай, далд уурхай, газрын дор уусган олборлох гэсэн үндсэн 3 аргаар олборлож байна.

Манай орны зүүн, зүүн өмнөд хэсэгт 1940-өөд оны сүүлээр геологийн сэдэвчилсэн судалгааны ажил хийгдсэнээр цацраг идэвхт ашигт малтмалын судалгаа эхэлсэн. БНМАУ, ЗХУ-ын Засгийн газар хооронд байгуулсан 1970 оны хэлэлцээрийн дагуу ураны геологийн судалгааг Монгол Улсын нутаг дэвсгэрийн зүүн хэсэгт төрөлжүүлэн явуулах ажлыг ЗХУ-ын Геологийн яамны Монголын геологи-зураглалын экспедиц, эрдэм шинжилгээний хүрээлэн, бусад байгууллагууд гүйцэтгэсэн. Геологийн судалгаа, хайгуулын ажил өргөн хүрээнд 1990 он хүртэл үргэлжилж, Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 70 орчим хувь нь хамрагдсан байна.

Улмаар Монгол Улсын нутаг дэвсгэрт 100 орчим илрэл, 1000 гаруй эрдэсжсэн цэг, цацраг идэвхт гажлуудыг илрүүлж, ураны 6 орд (Дорнод, Гурванбулаг, Мардай, Нэмэр, Улаан, Нарст)-ын нөөцийг ЗХУ (хуучнаар)-ын Ашигт малтмалын нөөцийн комисс (УАМНК)-оор хэлэлцүүлж бүртгүүлсэн байдаг. Судалгаагаар тогтоогдсон илэрцийн тархалт, хүдэржилтийн онцлог, үйлдвэрлэлийн ач холбогдлоос шалтгаалан манай орны зүүн, зүүн өмнөд болон төвийн бүсүүд нь харьцангуй сайн судлагдсан бөгөөд нийтдээ 1.4 сая тонн ураны тойм нөөцийг үнэлсэн ба 1989-1995 онд Дорнодын ордоос ойролцоогоор 500 тонн уран агуулсан 490 мян.тонн хүдэр олборлож, ЗХУ (хуучнаар)-д экспортлосон.

1993 онд Геологи, эрдэс баялгийн яамны (хуучнаар) дэргэд “Уран” компани байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойш Монголын геологичид ураны геологийн судалгааны ажлыг бие даан хийдэг болсон. “Уран” УҮГ нь ОУАЭА-тай хамтран “Монголын уранжилтын байдал, түүний үнэлгээ” төслийг 1993-2001 онд 2 үе шаттай хэрэгжүүлэн “Сэвсгэр хурдас дахь болон метасоматит ураны хүдэржилт” сэдэвчилсэн судалгааны ажлыг гүйцэтгэсэн байна.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад ураны Дорнод, Гурванбулаг, Улаан, Нэмэр, Мардайн гол, Хараат, Хайрхан, Гурвансайхан, Өлзийт, Дулаан-Уул, Зөөвч-Овоо, Энгэр ар, Далт зэрэг 13 ордын хэмжээнд 192.2 мян.тонн геологийн нөөц бүртгэгдэж, үүнээс 11 ордын нөөцийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцэн бүртгэж авсан. Цацраг идэвхт ашигт малтмалын нөөцөд 2020 оноос хойш өөрчлөлт ороогүй. Нийт нөөцийн 67% нь газар дор уусган олборлох аргаар ашиглахад тохиромжтой.

Цаашид цацраг идэвхт ашигт малтмалын геологийн хайгуул, судалгааны ажлыг эрчимжүүлснээр тойм нөөц баялгийг ашигт малтмалын нөөцийн түвшинд ахиулах боломжтой юм.

Цөмийн энергийн тухай хууль 2009 онд батлагдсан бөгөөд цацраг идэвх ашигт малтмал, цөмийн энхийг энхийн зорилгоор ашиглах, түүнтэй холбоотой хүн ам, хүрээлэн буй орчныг ионжуулагч цацрагийн сөрөг нөлөөллөөс хамгаалахтай холбоотой асуудлуудыг бүхлээр нь зохицуулсан салбарын үйл ажиллагаанд мөрдөх суурь баримт бичиг юм.

УИХ-ын 2009 оны 45 дугаар тогтоолоор “Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого”-ыг баталсан. Төрөөс баримтлах бодлогод ураны ордыг стратегийн ач холбогдол бүхий ордод хамааруулах, батлагдсан цацраг идэвхт ашигт малтмалын нөөцийг нэмэгдүүлэх, ураныг хүдэр хэлбэрээр экспортлохгүй байх, ураны бүтээгдэхүүнийг гадаад улсад энхийн зориулалтаар экспортлох, ураны ордыг ашиглах стратегийн хөрөнгө оруулагчид болон Монгол Улсын хөгжилд үзүүлэх дэмжлэгийн талаар тодорхой нөхцөл, шаардлагуудыг тусгасан.

Мөн Монгол Улсын Их Хурлын 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 21 дүгээр тогтоолоор баталсан "Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр"-ийн 1 дүгээр хавсралтын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан бодлогын үндсэн 4 чиглэлийн хүрээнд хэрэгжүүлэх 14 мега төслийн төлөвлөгөөний 8. Монгол Францын хамтарсан Ураны төслийг хэрэгжүүлнэ" гэж заасан.

Улсын хэмжээнд 2025 оны I дүгээр улирлын байдлаар 4 аймгийн 7 сумын нутагт нийт 95 мянган гектар талбайд 6 аж ахуйн нэгжийн цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын 3, ашиглалтын 8 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр бүртгэлтэй байна. Энэ нь Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 0.06 %-ийг эзэлж байгаа ба 2009 онд тусгай зөвшөөрлийг шинэчлэн бүртгэсэн үетэй харьцуулахад 18 дахин буурсан байна.

БНФУ-ын хөрөнгө оруулалттай, хамтарсан “Бадрах Энержи” ХХК, БНЧУ-ын хөрөнгө оруулалттай, хамтарсан “Гурвансайхан” ХХК, БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Хунбөө”, “Шинь Шинь” ХХК-иуд цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа бөгөөд “Бадрах энержи” ХХК-ийн хөрөнгө оруулагч БНФУ-ын “Орано майнинг” компани нь 2023 оны 03 дугаар сард хөрөнгө оруулалтын гэрээний төслийг Монгол Улсын Засгийн газарт өргөн барьснаас хойш 2 жил орчим хугацаанд хэлэлцээ үргэлжилсний эцэст 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр талууд гэрээнд гарын үсэг зурсан. Уран олборлох хамтарсан төсөлд Монгол Улсын Засгийн газар ямар нэгэн байдлаар хөрөнгө оруулалт хийх үүрэг хүлээхгүй бөгөөд жил бүр ордын үp өгөөжийн дийлэнх хэсэг буюу 51-ээс доошгүй хувийг Монгол Улс хуримтлагдсан дүнгээр хүртэхээр гэрээнд тусгасан.