Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-аас “Цөмийн аюулгүй байдлын ирээдүй” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг залуу эрдэмтэн, судлаачдын дунд зарлаж байна. ОУАЭА-аас “Цөмийн аюулгүй байдал: Тогтворжуулах ба бэхжүүлэх хүчин чармайлт” сэдэвт олон улсын бага хурлыг 2020 оны 02 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Австри Улсын Вена хотноо зохион байгуулна. Хурлаар улс орнуудын цөмийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, цөмийн аюулгүй байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, ОУАЭА-ийн цөмийн аюулгүй байдлын удирдамж, сайн туршлагуудыг дэмжих, цөмийн аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлэх цаашдын арга хэмжээнүүдийг боловсронгуй болгох талаар хэлэлцэнэ. (2019-05-23 07:22:00)

Гадаад мэдээ

ОХУ, Бразил улсууд цөмийн эрчим хүчний хамтын ажиллагаагаа бэхжүүлэв

ОХУ, Бразил улсууд цөмийн эрчим хүчний хамтын ажиллагаагаа бэхжүүлэв

ОХУ-ын атомын энергийн Росатом төрийн өмчит корпораци Бразил Улсын “Eletrobras”, “Eletronuclear” компаниудтай цөмийн эрчим хүчний хамтын ажиллагааг дэмжих харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав.

Санамж бичигт Бразил Улсад цөмийн эрчим хүчний станц шинээр барих, барьсан станцын ажиллагаа, засвар үйлчилгээ, хаалтын үеийн үйлчилгээг үзүүлэх, цөмийн түлшний менежмент болон одоо ашиглагдаж байгаа ЦЭХС-ын ашиглалтыг уртасгах, цөмийн салбарын хүний нөөцийг бэлтгэх чиглэлээр сургалт, боловсролын арга хэмжээ хэрэгжүүлэх, Бразил Улсын цөмийн эрчим хүчний хөтөлбөрийн талаарх олон нийтийн ойлголт, мэдээллийг сайжруулах зэрэг ажлууд тусгагдсан байна.

Санамж бичгийг 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан ба Оросын талаас Росатом төрийн өмчит корпорацийн хөгжил, олон улсын бизнес хариуцсан ерөнхий захирлын тэргүүн орлогч Кирилл Комаров, Бразил Улсын Элетробрас компанийн захирал Вилсон Ферейра Жуниор, Элетрониклир компанийн захирлын үүрэг гүйцэтгэгч Леонам дос Сантос Гүймараес нартай тус бүр санамж бичигт гарын үсэг зурсан юм.

Кирилл Комаров хэлэхдээ, “ОХУ, Бразил улсууд цөмийн түлшний цикл болон цөмийн анагаах ухааны салбарт хамтарсан төсөл хэрэгжүүлж ирсэн бол 2 байгууллагатай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан явдал нь 2 улсын хооронд хоёр талт хамтын ажиллагааг хөгжүүлэх суурийг тавихын зэрэгцээ хамтын ажиллагаа шинэ шатанд хөгжиж буйн нэгэн том илрэл боллоо” хэмээсэн юм. 

Дашрамд дурьдахад, ОХУ, Бразил улсууд анх 1994 онд “Цөмийн энергийг энхийн замаар ашиглахад хамтран ажиллах тухай” засгийн газар хоорондын гэрээг байгуулж байсан юм. Мөн Бразил Улс анх 1982 онд цөмийн реактор ашиглалтад оруулсан ба Ангра 1 болон 2 гэсэн 2 цөмийн реактор ажиллаж нийт эрчим хүчний 3 хувийг үйлдвэрлэдэг ажээ. 2020 он гэхэд дахин 4 реактор ашиглалтад оруулахаар ажиллаж байна.