Японы атомын энергийн агентлаг (ЯАЭА)-аас жил бүр зохион байгуулдаг “Сургагч багш бэлтгэх” хөтөлбөрийн хүрээнд “Реакторын инженер” дагалдах сургалтыг ЯАЭА болон Шинжлэх ухаан технологийн их сургуультай хамтран 2019 оны 01 дүгээр сарын 07-18-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна. (2018-12-26 06:40:00)

Нийтлэл

Цөмийн энергийн салбарын цагаан бар жилийн үйл явдлын товчоон

МЭНДЧИЛГЭЭ
 
Цөмийн энергийн газар 2010 онд Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого, түүнийг хэрэгжүүлэх хөтөлбөр, төлөвлөгөө, Цөмийн энергийн тухай хуулийг хэрэгжүүлэх,сурталчлах ажлыг эрчимжүүлэх болон Монгол Улсын Ерөнхйи сайд С.Батболд Цөмийн энергийн салбарын төлөөлөлтэй 2009 оны 12 сард хийсэн уулзалтын үеэр өгсөн үүрэг, даалгаврыг биелүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлж ажиллав. 2010 онд “Цөмийн энергийн тухай хуулийн хэрэгжилтийн байдал” Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөмж болон “Цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн салбарт гадаад орнуудтай хамтран ажиллах хөтөлбөр”-ийг баталсан Засгийн газрын тогтоол, “Ажлын хэсэг байгуулах тухай” Ерөнхйи сайдын хэд хэдэн Захирамжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулсан. Гурванбулаг, Хайрхан, Хараатын ураны ордын нөөцийн тайлан нь батлагдаж, техник, эдийн засгийн үндэслэл нь боловсруулагдсан. Эдгээр ураны ордын олборлолт, боловсруулалтыг 2011-2012 онд багтаан эхлүүлэхээр ажиллаж байна. “Дорнод уран” хязгаарлагдмал хариуцлагатай хамтарсан компани байгуулах зарчмын нөхцлүүдийн тухай хэлэлцээр байгууллаа. “Монгол Улсад цөмийн эрчим хүчний станцыг барих урьдчилсан судалгаа” төслийг эхлүүлж, энэ төслийн хүрээнд Хээрийн судалгааны анхдугаар их хуралдай, “Монгол Улсад цөмийн энергийг ашиглах нь” сэдэвт эрдэм шинжилгээний хурал, “Цөмийн энерги-Монгол Улс” форумыг амжилттай зохион байгууллаа. Монгол Улсын Ерөнхий сайдын Оросын Холбооны Улсад болон БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд, АНУ-ын Эрчим хүчний яамны дэд сайд, БНФУ-ын Засгийн газрын гишүүн, Гадаад худалдааны сайдын Монгол Улсад хийсэн албан ёсны болон ажлын айлчлалын үеэр гарын үсэг зурсан цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн эрчим хүч ашиглах салбарт хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэх, ураны хамтарсан үйлдвэр байгуулах, хүний нөөцийг бэлтгэх тухай харилцан ойлголцлын санамж бичиг, хэлэлцээрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж байна. Монгол Улсын Ерөнхий сайдын урилгаар Олон улсын атомын энергийн агентлагийн Ерөнхий захирал, доктор Юкияа Амано манай улсад хийсэн ажлын айлчлал, Оросын Холбооны Улсын Дубна хот дахь Цөмийн шинжилгээний нэгдсэн институттэй хамтран олон улсын хурал зохион байгуулсан нь болон Монгол Улс Азийн орнуудын цөмийн хамтын ажиллагааны форумд эллсэн нь хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэх, Монгол Улсын олон улсын нэр хүнд өсөхөд чухал үйл явдал боллоо. Цөмийн энергийн газрын албан хаагчдын ажиллах нөхцлийг сайжруулах, мэдлэг, чадварыг дээшлүүлэх, материаллаг баазыг бэхжүүлэх талаар тодорхой ажлыг хийж гүйцэтгэлээ. Засгийн газрын тохируулагч агентлаг-Цөмийн энергийн газар 2010 онд хийсэн ажпаа товч танилцуулахын ялдамд Та бүхэнд хамт олны өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, XVII дугаар жарны Төмөр туулай жилдээ эрүүл энх, аз жаргал, сайн сайхан байхын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье.
 
ЗАСГИЙН ГАЗРЫН ТОХИРУУЛАГЧ АГЕНТЛАГ
ЦӨМИЙН ЭНЕРГИЙН ГАЗРЫН ДАРГА, ДОКТОР, ПРОФЕССОР  С.ЭНХБАТ
 
ЦӨМИЙН ЭНЕРГИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР УЛСЫН ИХ ХУРАЛД МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ
 
Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд 2011 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Цөмийн энергийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хийж ЦЭГ-ийн удирдлага болон холбогдох хүмүүсийн хамт гишүүдийн сонирхсон асуултанд хариуллаа Ерөнхий сайд С.Батболд “…Монгол Улсын Засгийн газраас Цөмийн энергийн тухай хуулийг Улсын Их Хурлаар 2009 оны долдугаар сарын 16-ны өдөр батлуулан хэрэгжүүлж байна. Цөмийн энергийн тухай хууль батлагдсан нь манай улсын хувьд цацраг идэвхт ашигт малтмалын нөөц баялгаа гүнзгийрүүлэн судлах, түүнийг энхийн зорилгоор олборлогч, боловсруулагч, экспортлогч болох, улмаар цөмийн энергийг нийгэм, эдийн засгийн салбарт өргөн хүрээнд ашиглах, хүний эрүүл мэндэд халгүй, экологийн хувьд цэвэр, байгаль орчинд ээлтэй технологиор цөмийн эрчим хүч үйлдвэрлэх чухал алхам боллоо” хэмээн дурьдаад цаашид хийхээр төлөвлөсөн ажлууд болон цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын ажлын явц, гадаад хамтын ажиллагааны талаар мөн мэдээллэв. Дундговь аймгийн Гурвансайхан сумын “Хайрхан” ураны орд, Дорноговь аймгийн Даланжаргалан, Дундговь аймгийн Баянжаргалан, Өндөршил сумын нутаг дахь “Хараат” ураны ордын нөөцийн тайлан нь батлагдаж, техник, эдийн засгийн үндэслэл нь боловсруулагдсан бөгөөд ураны ордуудын олборлолт, боловсруулалтыг 2011-2012 онд багтаан эхлүүлэхээр ажиллаж байна.Ерөнхий сайд С.Батболд Засгийн газраас цацраг идэвхт ашигт малтмалын ордыг ашиглахдаа хуулийн хүрээнд тодорхой нөхцөл шаардлагыг хангасан стратегийн хөрөнгө оруулагчдыг татан оролцуулж, Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд нийцсэн урт хугацаанд тогтвортой ажиллах гэрээ байгуулан, хамтран ажиллах бодлого баримталж байгаа талаар дурдлаа.
 
МОНГОЛ УЛСАД “ХОРТ ХАВДРЫН ЭМЧИЛГЭЭНИЙ ЗАГВАР ХӨТӨЛБӨР (PACT)”-ИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ НАЙМ ДАХЬ УЛСААР ТОДРОВ
 
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын урилгаар Монгол улсад айлчилсан Олон Улсын Атомын Энергийн агентлаг (ОУАЭА)-ийн ерөнхий захирал Юкияа Амано Цөмийн энергийн газарт зочиллоо. ОУАЭА-ийн Ерөнхий захирлын 2009 онд хийсэн айлчлалаас хойш ОУАЭА-ийн хорт хавдартай тэмцэх хөтөлбөрийн хүрээнд тус агентлагаас Монголд хоёр судалгаа хийж, Монгол Улсыг Хорт хавдрын эмчилгээний загвар хөтөлбөр (PACT)-т хамруулсан бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2010 оны гуравдугаар сард ОУАЭА-т айлчлах үеэр ОУАЭА болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Монгол Улсыг Хорт хавдартай тэмцэх загвар хөтөлбөрийг хэрэгжүүлэх (PMDS) найм дахь улсаар тодруулсныг албан ёсоор мэдэгдсэн билээ. Цөмийн энергийн газрын удирдлага ноён Юкияа Амано-той уулзах үеэрээ Монгол Улс энэ загвар хөтөлбөрт хамрагдах болсонд түүний хичээл зүтгэл их байсныг тэмдэглээд “Улс орны 2009-2014 оны хөтөлбөрийн хүрээ” (Country Program Framework)-ний баримт бичигт тусгасан зорилтуудыг цаг хугацаанд нь хэрэгжүүлж ажиллахаа илэрхийлээ. ОУАЭА нь цацрагийн хяналт, хамгаалалтын чиглэлээр Монгол улсад мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, зөвлөгөө өгөх, техник тоног төхөөрөмж нийлүүлэх зэргээр ихээхэн тусламж дэмжлэг үзүүлж ирсний үр дүнд цацрагийн хяналт, хамгаалалт, аюулгүй байдлыг хангахад их ахиц дэвшил гарсныг ЦЭГ-ийн дарга С.Энхбат онцлон дурдлаа. ОУАЭА-ийн зөвлөмж, заавар, техникийн баримт бичгийг үндэслэн цөмийн болон цацрагийн хамгаалалт, аюулгүй байдалд тавих төрийн хяналтын тогтолцоог олон улсын стандартын шаардлагад нийцүүлэн сайжруулах чиглэлээр цаашид хамтран ажиллах тодорхой саналуудыг ЦЭГ-аас ОУАЭА-ийн ерөнхий захирал Юкияа Амано-д танилцуулав. Тухайлбал ураны судалгаа, хайгуул, олборлолт, баяжуулалтын үйл ажиллагаа явуулах үеийн дүрэм, журам, эрх зүйн хэм хэмжээний актуудыг боловсруулах, шинэчлэхэд мэргэжлийн туслалцаа үзүүлэх, ураны хайгуул, олборлолт, боловсруулалтын үйл ажиллагаанд цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналт тавих, хүрээлэн буй орчны цацрагийн аюулгүйн үнэлгээний чиглэлээр мэргэжилтэн албан хаагчдыг урт болон богино хугацааны сургалтанд хамруулах, цөмийн болон цацрагийн хяналтын мэргэжилтнүүдийг сургах, давтан сургах, хөгжилтэй орнуудын туршлага судлахад дэмжлэг туслалцаа үзүүлэх, цөмийн болон цацрагийн ослоос урьдчилан сэргийлэх, ослын үед авах арга хэмжээний талаар сургалт, семинар зохион байгуулах, Байгаль орчны цацрагийн хяналт болон геологийн дээжинд цацрагийн шинжилгээ хийх иж бүрэн лаборатори байгуулах болон лабораторийн мэргэжилтнүүдийг өндөр хөгжилтэй орны эрдэм шинжилгээний хүрээлэн болон лабораториудад дадлага хийлгэх, шинжилгээний арга аргачлалыг эзэмших, мэргэжил дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүслээ.
 
“МОНГОЛ УЛС, ЦӨМИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ИНСТИТУТТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГАА ХӨГЖҮҮЛЭХ , ХЭТИЙН ТӨЛӨВ - ЭГЭЛ БӨӨМСИЙН ФИЗИКЭЭС НАНОТЕХНОЛОГИ ХҮРТЭЛ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ХУРАЛ БОЛОВ.
 
 ОХУ-ын Цөмийн шинжилгээний нэгдсэн институттэй хамтран 2010 оны 5 дугаар сарын 31-ээс 6 дугаар сарын 02–ны өдрүүдэд Улаанбаатар хотноо “Цөмийн Шинжилгээний нэгдсэн институтын хамтын ажиллагааг хөгжүүлэх, хэтийн төлөв-эгэл бөөмсийн физикээс нанотехнологи хүртэл” сэдэвт олон улсын хурлыг зохион байгууллаа. Монгол Улс, Цөмийн шинжилгээний нэгдсэн институт хоорондын хамтын ажиллагаа, хэтийн төлөв, цаашдын зорилтуудыг тодорхойлохын зэрэгцээ өнгөрсөн хугацаанд хамтран хийсэн эрдэм шинжилгээ, судалгааны ажлуудын үр дүн, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүд болон цөмийн физикийн шинжлэх ухаан болон дэлхийн шинжлэх ухаанд оруулах хувь нэмэр, болон олон талт хамтын ажиллагааны талаар хэлэлцэж санал бодлоо солилцов. Зөвөлгөөний үеэр Цөмийн энергийн газар, ЦШНИ-ийн хооронд “Цөмийн физик ба технологи”-ийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх, магистр болон аспирантурт сургах, мэргэжил дээшлүүлэх, ЦШНИ-ийн лабораториудад монгол эрдэмтдийг урт болон богино хугацаагаар ажиллуулах, дадлага хийлгэх тухай хамтын ажиллагааны Протоколд гарын үсэг зурсан болно.
 
МОНГОЛ, ОХУ-ЫН ХАМТАРСАН “ДОРНОД УРАН” ҮЙЛДВЭР БАЙГУУЛАХААР ТОХИРОЛЦОВ
 
 Монгол Улсын ерөнхий сайд С.Батболд Оросын Холбооны Улсад 2010 он 12 дугаар сарын 13-16-ны өдрүүдэд хийсэн албан ёсны айлчлалын үеэр Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг-Цөмийн энергийн газрын дарга С.Энхбат, ОХУ-ын Атомын энергийн «Росатом» улсын корпорацийн ерөнхий захирал С.В.Кириенко, «Мон-Атом» хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирал Р.Бадамдамдин, «Атомредметзолото» нээлттэй хувьцаат нийгэмлэгийн нэгдүгээр орлогч захирал нар «Дорнод Уран» хязгаарлагдмал хариуцлагатай хамтарсан компани байгуулах зарчмын Нөхцлүүдийг тохирсон тухай хэлэлцээрт 2010 оны 12 дугаар сарын 14-ний өдөр гарын үсэг зурлаа. «Дорнод Уран» хязгаарлагдмал хариуцлагатай хамтарсан компанийн 51 хувь нь Монгол Улсын эзэмшилд, 49 хувь нь ОХУ-ын эзэмшилд байхаар хоёр тал өмнө нь харилцан тохиролцсон билээ. Шинэ хэлэлцээрээр «Дорнод Уран» ХХК-ий төлөөлөн удирдах зөвлөл 10 гишүүний бүрэлдэхүүнтэй байх ба Монгол улсын талаас 5 гишүүн, ОХУ-ын талаас 5 гишүүнийг томилон ажиллуулах, Төлөөлөн удирдах зөвлөлийн даргыг Монгол улсын гишүүдийн дотроос сонгох, талууд Монгол Улсын “Цөмийн энергийн тухай” хуулийн дагуу ураны хүдрийг тус улсын нутаг дэвсгэр дээр боловсруулахаар тус тус тохиролцов.
 
ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГАА ХҮРЭЭГЭЭ ТЭЛЭВ
 
БНХАУ-тай: “Цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн салбарт хамтран ажиллах тухай Цөмийн энергийн газар БНХАУ-ын Үндэсний цөмийн корпораци хооронд харилцан ойлголцлын санамж бичгийг 2010 оны 6 дугаар сарын 1-нд байгууллаа. Санамж бичигт цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул, олборлолт, боловсруулалт хийх, хүрээлэн байгаа орчныг хамгаалах, цацраг идэвхт хаягдлыг хоргүйжүүлэх, цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангах зэрэг асуудлаар хамтран ажиллах талаар тусгасан. АНУ-тай цөмийн энергийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг 2010 оны 9 дүгээр сарын 22-нд байгуулав. БНФУ-тай Монгол Улсын Засгийн газар хооронд цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах салбарт хамтран ажиллах хэлэлцээрийг 2010 оны 10 дугаар сарын 14-ний өдөр байгууллаа.
 
АЗИЙН ОРНУУДЫН ЦӨМИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМД ЭЛСЛЭЭ
 
Ази Номхон далайн бүсийн 10 орон (Австрали, Бангладеш, Хятад, Индонез, Япон, Өмнөд Солонгос, Малайзи,Филиппин, Тайланд Вьетнам) 1990 онд хамтран байгуулсан Азийн орнуудын цөмийн хамтын ажиллагааны форум (FNCA – Forum of Nuclear Cooperation in Asia)-д Монгол улс 2010 оны 11 дүгээр сард гишүүнээр элслээ. Азийн орнуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, бус нутгийн хэмжээнд цөмийн судалгаа, шинжилгээний үр дүнтэй танилцах, туршлага судлах, эрүүл мэнд, газар тариалан, аж үйлдвэрийн салбарт цөмийн энергийг зүй зохистой ашиглах судалгаа, шинжилгээ хийх, судалгааны үр дүнг хуваалцах, туршлага солилцох, залуу эрдэм шинжилгээний ажилтан нарыг сургахад тус Форум чухал ач холбогдолтой юм.
 
МАЛЫН ГОЦ ХАЛДВАРТ ШҮЛХИЙ ӨВЧНИЙ ЭСРЭГ ВАКЦИН НИЙЛҮҮЛЭВ
 
Зүүн бүсийн аймгуудад дэгдсэн малын гоц халдварт шүлхий өвчний эсрэг тэмцэх вакцин хүрэлцээгүй байгааг харгалзан Цөмийн энергийн газраас Олон Улсын Атомын Энергийн Агентлагт туслалцаа үзүүлэхийг хүссэн захидлыг 2010 оны 10 дугаар сард хүргүүлсэн бөгөөд ОУАЭА уг хүсэлтийг хүлээн авч тусламж үзүүллээ. Тус агентлагаас ОУАЭА-ийн техникийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн дагуу Мал эмнэлгийн хүрээлэнд 2009-2011 оны хооронд хэрэгжиж буй “Малын өвчнийг оношлох, урьдчилан сэргийлэх бэлдмэлийн тогтвортой үйлдвэрлэлийг дэмжих” MON 5017 төслийн хүрээнд Бүгд Найрамдах Франц Улсын Амьтдын эрүүл мэндийн хүрээлэнгийн Биологийн лабораторид үйлдвэрлэсэн, нийт 92 мянган ам.долларын өртөг бүхий хивэгч малыг шүлхийгээс сэргийлэх, дан цэнт Aftovaxpur Mono O (O Manisa, O 3039 омог агуулсан) 200 мянган тун вакциныг манай оронд тулгараад байсан хүнд үед хамгийн түрүүнд нийлүүлсэн юм.
 
“ЦӨМИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ СТАНЦЫГ БАРИХ УРЬДЧИЛСАН СУДАЛГАА” ТӨСЛИЙН ХЭЭРИЙН СУДАЛГААНЫ АНХДУГААР ИХ ХУРАЛДАЙ БОЛОВ
 
 Монгол Улсад aнхны цөмийн эрчим хүчний станц барих бэлтгэл ажил амжилттай эхлээд байна. Цөмийн энергийн газраас “Цөмийн эрчим хүчний станцыг барих урьдчилсан судалгаа” төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ төслийн хүрээнд хийсэн хээрийн туршилт, судалгааны талаарх анхдугаар их хуралдайг 2010 оны 10-р сарын 2-нд Хэрлэнгийн хөвөөнөө зохион байгууллаа. Хуралдайгаар Монголын цөмийн физик болон геофизикийн эрдэмтдийн хийсэн цөмийн эрчим хүчний станцын байршлын судалгааны урьдчилсан дүнг танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүллээ. Тухайлбал Цөмийн эрчим хүчний станц барих газрын газар хөдлөлийн идэвхжил, тектоник судалгааны талаар академич О.Төмөртогоо, Д.Доржготов, доктор М.Өлзийбат нар болон Монгол Улсад ашиглах цөмийн эрчим хүчний станцын хүчин чадлын талаар Академич Б.Чадраа дэлгэрэнгүй танилцуулж, илтгэлтэй холбогдуулан эрдэмтэн судлаачид санал бодлоо илэрхийллээ. Эрдэмтэд зургаан сарын турш газар хөдлөлтийн аюулын үнэлгээг тодорхойлох хээрийн станцын бичлэг хийж, атомын цахилгаан станц барихад тавигддаг шалгуур, Олон улсын атомын энергийн агентлагаас гаргасан заавар, журмын дагуу бусад холбогдох судалгааг хийсний үндсэн дээр Төв аймгийн Баянжаргалан сумын нутаг Малхийн тал хэмээх газрыг /Хэрлэнгийн доод гүүр орчмын 100 ам.км талбай/ атомын цахилгаан станц барих боломжтой нутаг гэж үзсэнийг хуралдайд оролцогчид дэмжин хүлээн авлаа.
 
МОНГОЛ УЛСАД УРАНЫГ ОЛБОРЛОХ ТЕХНОЛОГИЙН ТУРШИЛТ ЭХЭЛЛЭЭ
 
Монгол Улс цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын ажлаас олборлолт руу шилжих бүтээн байгуулалтын анхны шанг татлаа. Цөмийн энергийн газраас олгосон зөвшөөрлийн дагуу Франц улсын хөрөнгө оруулалттай, дэлхийн ураны салбарыг тэргүүлэгч “Арева” группийн охин компани болох “Кожеговь” ХХК Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт хэрэгжүүлж буй “Дулаан-Уул” төслийнхөө хайгуулын талбайд газар доор ураныг уусган баяжуулах apгачлалаар технологийн туршилтын ажлыг эхлүүлэв. Энэ нь өнгөрсөн 20 жилийн хугацаанд Монгол Улсад уран олборлох чиглэлд хийгдсэн анхны томоохон алхам болж байгаа бөгөөд “Арева” группээс үйл ажиллагаагаа цаашид улам эрчимжүүлэхээ мэдэгдсэн байна.
 
ЦӨМИЙН ЭНЕРГИЙН ФОРУМ, ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ
 
Цөмийн энергийн газраас “ЦӨМИЙН ЭНЕРГИ-МОНГОЛ УЛС” форумыг 2010 оны 12 дугаар сарын 09-ний өдөр зохион байгуулаа. Форумаар Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах талаар баримтлах бодлого, хөтөлбөрийн хэрэгжилт, Цөмийн болон цацрагийн хяналтын өнөөгийн байдлын талаар тайлагнаж дээрх чиглэлээр цаашид хэрэгжүүлэх зорилт, Цөмийн технологи нэвтрүүлэх, цацраг идэвхт ашигт малтмалыг эдийн засгийн эргэлтэд оруулах зэрэг асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж Цөмийн энергийг хөгжлийн ирээдүй, монголын эдийн засгийн тулгуур болгохоор ард түмэндээ хандан уриалга гаргасан. Энэ форумын өмнө Цөмийн энергийн газраас хэрэгжүүлж буй “Монгол улсад цөмийн эрчим хүчний станц барих урьдчилсан судалгаа” төслийн хүрээнд “Монгол улсад цөмийн энергийг ашиглах нь” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 2010 оны 12 дугаар сарын 02-ны өдөр зохион байгуулсан. Хурлаар Монгол орны ураны геологийн судалгаа, орд газрууд, нөөц, хэтийн төлөв, Монгол Улсад Цөмийн эрчим хүчний станцыг барьж байгуулах үе шат, цөмийн цахилгаан станц барих үндэслэл, хүчин чадлын сонголт, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг судлахад цөмийн аналитик аргыг ашиглах болон цөмийн анагаах ухааны өнөөгийн байдал, орчин үеийн чиг хандлага, шинэ техник технологийн талаар ЦЭГ-ын мэргэжилтэнүүд, ШУА, МУИС-ийн эрдэмтэн судлаачид, илтгэл тавьсан юм