(2017-03-10 10:01:00)

Гадаад мэдээ

Хятад улс туршилтын реактор барьж эхлэв

Хятад улс туршилтын реактор барьж эхлэв

CFR-600 реакторын суурь тавигдав (Зураг: China National Nuclear Corporation (CNNC)

БНХАУ Фүжян мужийн Сайпу хотноо 600 МВт чадалтай хурдан нейтроны үзүүлэнгийн реактор барихаар барилгын ажлыг эхлүүлсэн байна. Тэд энэхүү загварын реактораар 2023 оноос эрчим хүч үйлдвэрлэж эхлэхээр төлөвлөж байгаа аж.Хятадын үндэсний цөмийн корпораци /ХҮЦК/ энэхүү барилга  байгууламжийн угсралтын ажлыг Хятадын цөмийн үйлдвэрлэлд чухал ач холбогдолтой төсөл  хэмээн үзэж байна.

Энэ сарын эхээр Сайпугийн хурдан нейтроны реакторын төслийн тендерт “Хятадын Цөмийн Үйлдвэрлэл 23 Констракшин” ХХК шалгарч реактор барих гэрээнд гарын үсэг зуржээ.

Барилгын шав тавих ёслолын үеэр ХҮЦК-ийн дарга Ван Шоужун “Энэ төслийг цөмийн шинжлэх ухаан, технологийн үндэсний төсөл гэж тодорхойлон, Хятад Улсад цөмийн энергийн тогтвортой хөгжлийг дэмжиж, орон нутгийн эдийн засгийг хөгжүүлэхэд түлхэц болохуйц, цөмийн түлшний битүү цикл (Цөмийн эрчим хүчний станцын ашигласан түлшийг дахин боловсруулж ашигладаг цикл)-ийг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой” гэж дурджээ.

Хурдан нейтроны реактор нь БНХАУ-ын цөмийн реакторын технологид голлох технологид тооцогдох болсон  бөгөөд ХҮЦК нь хурдан нейтроны реакторыг энэ зууны дунд үед давамгайлна гэж үзэж байгаа аж. БНХАУ-ын хурдан нейтроны реакторын судалгаа, хөгжүүлэлтийг 1964 оноос эхэлжээ.

Хятад Улс нь 2010 оны 7 дугаар сард Бээжин хотын ойролцоо 65 МВт чадалтай хурдан нейтроны туршилтын реакторыг амжилттай ажиллуулсан бөгөөд жилийн дараа эрчим хүчний сүлжээнд холбосон байна. БНХАУ-ын Атомын эрчим хүчний хүрээлэн энэ туршлагадаа тулгуурлан 600 МВт-ийн CFR-600  реакторын загварыг  боловсруулсан байна. Энэхүү хурдан нейтроны реактор нь натри хөргөлттэй, усан сан төрлийн реакторын загвартай, 1500 МВт дулааны чадалтай, 600 МВт цахилгаан эрчим хүчний чадалтай юм. Реактор эхний ээлжид  100 ГВт×хоног/т шаталттай холимог оксид (MOX) түлш ашиглаж, 480°C-тай уур үйлдвэрлэх, 2 контуртай(2 үе шаттай хөргөлтийн систем) шингэн хөргөлтийн системээр ажиллах юм. Дараа нь метал түлшээр ажиллуулах бөгөөд хоногт 120 ГВт×хоног/т түлш ашиглах аж. Мөн реактор нь идэвхтэй, идэвхгүй аюулгүй ажиллагааны системтэйгээр зохион бүтээгдсэн байна.

Ирээдүйд 1000-1200 МВт чадал бүхий CFR1000 реакторыг эрчим хүч үйлдвэрлэлийн чиглэлээр ашиглахаар 2020 онд шийдвэр гаргаж, 2028 оны сүүлээр барилгын ажлыг эхлүүлэн, 2034 он гэхэд бүрэн ажиллуулна хэмээн төлөвлөж байна.

Эх сурвалж: http://www.world-nuclear-news.org