(2017-03-10 10:01:00)

Гадаад мэдээ

Ашигласан цөмийн түлшийг боловсруулах шийдэл: Ашигласан цөмийн түлшийг эцсийн байдлаар булшлах талаар Финлянд улсын байр суурь

Ашигласан цөмийн түлшийг боловсруулах шийдэл: Ашигласан цөмийн түлшийг эцсийн байдлаар булшлах талаар Финлянд улсын байр суурь

Цөмийн эрчим хүчний станцтай улс орнууд өөрийн ашигласан цөмийн түлшийг реакторын ойролцоо эсвэл реактороос хол зайд хадгалдаг байна. Хэрэв ашигласан цөмийн түлшийг зохих байдлаар менежмент хийгээгүй тохиолдолд хүн ам, хүрээлэн буй орчинд аюултай. Тиймээс олон нийтийн хүлээн зөвшөөрөх байнгын шийдэл хэрэгтэй болдог. Хэд хэдэн улс орнуудад газрын гүнд булшлах байгууламжийн талаар яригдаж байгаа хэдий ч Финлянд улс нь ашигласан цөмийн түлшийг эцсийн байдлаар газрын гүнд булшлах байгууламжийнхаа барилгын ажлыг эхлүүлээд буй цорын ганц улс болоод байна.

Финлянд Улсын баруун эргийн Олкилуото арал дээр баригдаж буй “ОНКАЛО” газрын гүнд булшлах байгууламж нь 400-450 метрийн гүнд ойролцоогоор 70 км-ийн урттай хонгил, босоо амуудтай бөгөөд цөмийн цахилгаан станцаас гарах ашигласан цөмийн түлшийг зэс торхонд дүүргэн байрлуулах юм. Энэхүү байгууламж нь цацраг идэвхт хаягдлыг ойролцоогоор 100 жилийн турш хүлээн авах бөгөөд үүний дараагаар битүүмжлэнэ. Цацраг идэвхт хаягдлын менежментийн ерөнхий стратеги болон газрын гүнд булшлах байгууламжийг ашигласан цөмийн түлш хадгалах үндсэн сонголт болгох шийдвэр 40 жилийн өмнө гарснаас хойш бүх оролцогч талууд энэхүү шийдвэрийг дагаж ирсэн хэмээн төслийг хариуцагч компанийн ахлах дэд ерөнхийлөгч Тийна Жалонен мэдэгдэв. Засгийн газар болон олон нийтийн санаа бодол өөрчлөгдсөн хэдий ч гаргасан шийдвэр, ирээдүйн алсын хараа хэвээр үлдсэн юм.

Финлянд улсын энэхүү ашигласан цөмийн түлшийг газрын гүнд булшлах байгууламжийг барьж гүйцэтгэх төслийг амжилттай хэрэгжүүлж буй учир нь төсөлд оролцогч бүх талуудыг цаг алдалгүй хамруулж, ижил зорилготой нэг баг хамт олон болгон ажиллуулах явдал юм. Мөн төсөлд оролцогч талууд хоорондын чиг үүрэг нь тодорхой байдаг бөгөөд шийдвэр гаргагчид цөмийн энергийг нэвтрүүлэхтэй зэрэгцэн хууль тогтоомж боловсруулж, Финлянд улсын цөмийн болон цацрагийн аюулгүй ажиллагааны газар (STUK)-аас уг төслийг баримтжуулах, хэрэглээг хянах, шалгах зорилгоор аюулгүй ажиллагааны заавар, дүрэм журам, эрх зүйн баримт бичгийг боловсруулсан.            

Олон нийтээр хүлээн зөвшөөрүүлэх нь мөн төслийн амжилтад чухал ач холбогдолтой. Цөмийн эрчим хүчний 3 реактор байрлах Олкилуото талбайг газрын гүнд булшлах байгуууламж барих газраар сонгосон нь дан ганц тус газрын геологийн тохиромжтой нөхцөл төдийгүй, оршин суугчдын хүлээн зөвшөөрсөн явдалтай холбоотой. Финлянд улс нь уг төсөлтэй холбоотойгоор орон нутгийн болоод үндэсний хэмжээнд хүн амын хандлагын талаарх олон судалгаа явуулсан бөгөөд судалгаагаар цөмийн цахилгаан станцын орчимд амьдардаг оршин суугчид илүүтэйгээр цөмийн төслүүдэд итгэлтэй байх хандлагатай нь ажиглагдсан байна. 

Уг төсөл нь “давхар хамгаалалт” гэсэн ойлголт дээр үндэслэсэн бөгөөд энэ нь ашигласан цөмийн түлшийг тархах, алдагдахаас урьдчилан сэргийлэх зорилгоор шаардлагатай хязгаарлалт, тусгаарлалтыг бий болгох зорилготой юм. Үндсэн чулуулгийн хослол, шавраар хүрээлэгдсэн торх, хучилтын материал агуулсан шавраар дүүргэсэн хонгилууд, хонгилын амыг таглах зэрэг нь олон давхар хамгаалалт болдог.

Эх сурвалж: https://www.iaea.org