(2017-03-10 10:01:00)

Гадаад мэдээ

АНУ-ын цөмийн эрчим хүчний станцууд 80 хүртэл жил ажиллах боломжтой боллоо

АНУ-ын цөмийн эрчим хүчний станцууд 80 хүртэл жил ажиллах боломжтой боллоо

Зураг. Сарри ЦЭХС нь АНУ-ын Цөмийн хяналтын комисст тусгай зөвшөөрлөө дахин
сунгуулах хүсэлтэй гэдгээ мэдэгдсэн анхны станц боллоо. (Зургийг NEI)

Сүүлийн хэдэн арван жилийн турш ЦЭХС-ын ажиллах хугацааг уртасгах чиг хандлага ажиглагдаж байна. Ашиглалтын хугацааг сунгах нь шинэ станц барихаас илүү эдийн засгийн үр өгөөжтэй ба АНУ-д ЦЭХС-ын операторууд энэхүү боломжийг судалж байна. Ингэснээр эрчим хүчийг хязгаарлахгүйгээр, улсын хэмжээнд хүлэмжийн хийн ялгаралтыг багасгахад үнэтэй хувь нэмэр оруулах юм.

Цөмийн эрчим хүчний институтийн гүйцэтгэх захирал Мария Корснийкийн хэлснээр: “Энэ дэлхийн иргэн бүр цахилгаан эрчим хүч хэрхэн үйлдвэрлэгдэж байгаад анхаарал хандуулах хэрэгтэй. Бид эрчим хүчийг салхи, нар гэх мэт сэргээгдэх эх үүсвэрээс үйлдвэрлэж болно, тэгсэн хэдий ч бидэнд 7 хоногийн 24 цагийн турш найдвартай түгээх, байгаль орчинд ээлтэй эрчим хүчний суурь эх үүсвэр гарцаагүй шаардлагатай болно. Тэр нь цөмийн эрчим хүч юм”.

“Хэрэв үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг сунгаж ЦЭХС-уудад 80 хүртэл жил ажиллахыг зөвшөөрвөл энэхүү боломжийг бусад цөмийн байгууламжууд сонирхох хандлагатай байна” гэж Цөмийн хяналтын комиссын тусгай зөвшөөрлийн сунгалт хариуцсан ахлах зөвлөх Ален Хисер хэлэв.

АНУ-ын Цөмийн хяналтын комисс нь ЦЭХС-уудад 40 хүртэл жилийн хугацаатай тусгай зөвшөөрөл олгодог ба оператор нь цөмийн байгууламжийн эд ангийн элэгдэлд хангалттай хэмжээнд зохицуулалт хийгдэнэ гэдгийг баталж чадсан тохиолдолд тусгай зөвшөөрлийг 20 хүртэл жилээр сунгадаг.

АНУ-ын ЦЭХС-уудын 90 хүртэлх хувь нь тусгай зөвшөөрлөө сунгасан буюу 60 хүртэл жил ажиллах эрхтэй болсон байна. Гэвч тэдгээрийн ихэнх нь удахгүй 60 жилийн хязгаартаа хүрэх болно. Хэрэв үйл ажиллагааны хугацааг сунгах эсвэл тэдний оронд шинэ цахилгаан станц барихгүй бол цөмийн энергиэс үйлдвэрлэж буй эрчим хүчний хэмжээ багасна. Иймд тусгай зөвшөөрлийн дараагийн сунгалт нь ЦЭХС-уудын насыг 80 жил болгох юм.

Цөмийн эрчим хүч нь АНУ-ын нийт эрчим хүчний 20%, хүлэмжийн хий үл ялгаруулах эрчим хүчний эх үүсвэрийн 60%-ийг бүрдүүлж байна. Эрчим хүчний хэрэгцээ 2035 он гэхэд 30%-иар өсөх хандлагатай байна.

Тусгай зөвшөөрөл сунгуулахын тулд операторууд нь тухайн цөмийн байгууламжийн барилгын элэгдлийн үнэлгээг Цөмийн хяналтын комиссод хүргүүлнэ. Үүнд барилгын араам, гагнаас, шугам хоолой, бетон, цахилгаан шугам болон реакторын эд ангийн үнэлгээ багтана. Дахиад 20 жил ажиллах учир цөмийн эрчим хүчний станцын байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг мөн үнэлнэ. Цөмийн хяналтын комисс нь хяналт шалгалт, аудит хийж үнэлгээг баталгаажуулдаг ба тусгай зөвшөөрөл сунгахыг хүссэн материалтай танилцах ажил 22-30 сар үргэлжилнэ.

“Сунгалтын үйл ажиллагаа эхэлж байхад Цөмийн хяналтын комисст шийдвэр гаргахад хэдэн жил шаардагддаг байсан бол одоо үйл ажиллагаа илүү ойлгомжтой болж 2 жилийн хугацаанд л шийдвэрлэдэг болсон. Хоёр дахь шатны сунгалтын хувьд 18 сар болж буурна” гэж Корсник үзэж байна.

Одоогийн байдлаар тусгай зөвшөөрлийн хоёр дахь шатны сунгалтыг олгоогүй ба 3 ЦЭХС-ууд өөрсдийн сонирхлоо илэрхийлээд байна.

УЛС ТӨРИЙН БОЛОН ЗАХ ЗЭЭЛИЙН ХҮНДРЭЛҮҮДИЙГ ДАВАН ГАРАХ

АНУ-ын ихэнх муж улсын бодлого нь сэргээгдэх эрчим хүчийг цөмийн эрчим хүчээс илүүд тавьж байгаа ба Корсникийн үзэж байгаагаар зах зээл дээр цөмийн эрчим хүчний боломж бололцоонууд хангалттай үнэлэгдэхгүй байна. Сүүлийн 6 жилийн хугацаанд 3 ЦЭХС-ууд тухайн эдийн засгийн нөхцөл байдалд хангалттай ашиг олохгүй байсан учир тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болохоос өмнө үйл ажиллагаагаа зогсоосон байна. Түүний бодож байгаагаар цөмийн эрчим хүчний дараах давуу талуудыг үнэлснээр зах зээл сайжрах болно. Үүнд: цэвэр агаар, эрчим хүчний тогтвортой эх үүсвэр, 18 сарын хугацаанд тасралтгүй ажиллах боломж гэх мэт багтана. Ингэснээр дахин ЦЭХС хугацаанаасаа өмнө үйл ажиллагаагаа зогсоохоос урьдчилан сэргийлнэ.

“Өөрөөр хэлбэл багц эрчим хүчний эх үүсвэрээс бүрдсэн эрчим хүчний сүлжээтэй болохыг хүсэж байна. Үүнд эх үүсвэр бүрийн давуу талуудыг зөв үнэлж, түүний дүнд нийгэмд ач тус нь хүртээх нь чухал” гэж Корсник хэлэв.

ОУАЭА-ИЙН УРТ ХУГАЦААНЫ БОДЛОГО

Цөмийн хяналтын комисс нь ОУАЭА-ийн урт хугацааны үйл ажиллагаанд өөрийн хувь нэмрийг оруулсан. ОУАЭА-ийн ЦЭХС-ын урт хугацааны үйл ажиллагааны мэдээллийн сан нь Цөмийн хяналтын комиссын мэдээлэл дээр үндэслэгдсэн ба ОУАЭА-ийн гишүүн орнууд хожим өөрсдийн станцуудын мэдээллээр баяжуулсан байна.

Монгол Улсын Их Хурлын 2016 оны 19 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ын 2 дугаар зорилтод нийт эрчим хүчинд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувийг нэмэгдүүлж, эрчим хүчний шинэ эх үүсвэрийг ашиглах бэлтгэлийг хангах буюу 2016-2020 онуудад цөмийн эрчим хүч ашиглах бэлтгэл ажлыг хангах, 2021-2025 онуудад цөмийн эрчим хүч ашиглах бэлтгэл ажлыг бүрэн хангах, 2026-2030 цөмийн эрчим хүч ашиглаж эхэлнэ гэж заасан байна.

Эх сурвалж: https://www.iaea.org/