БНСУ-ын Засгийн Газрын Эдийн Засгийн Хөгжлийн Хамтын Ажиллагааны Сан (ЭЗХХАС)-гийн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй МОН-8 төслийн хүрээнд Солонгосын Олон Улсын Эрүүл Мэндийн Сан (СОУЭМС)-гийн буцалтгүй тусламжаар Үндэсний оношилгоо, эмчилгээний төвийн Изотоп үйлдвэрлэх тасгийн Циклотроны тасагт ажиллах дараах 5 мэргэжилтнийг сургалтад хамруулах нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж байна. (2018-07-19 08:03:00)

Гадаад мэдээ

ОХУ, Аргентин хоёр ураны салбарт хамтран ажиллана

ОХУ, Аргентин хоёр ураны салбарт хамтран ажиллана

ОХУ, Аргентин нь Өмнөд Америкт ураны хайгуул, олборлолт явуулахад хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан байна. Түүнчлэн ОХУ-ын атомын энергийн Росатом улсын корпораци Аргентинд цөмийн эрчим хүчний станц барих санал тавьжээ.

            Аргентин Улсын Ерөнхийлөгч Маурисио Макригийн ОХУ-д анх удаа албан ёсны айлчлал хийж, Ерөнхийлөгч Владимр Путинтай уулзсан өдөр буюу 2018 оны 01 дүгээр сарын 23-нд тус санамж бичгийг байгуулжээ.

            Санамж бичигт Аргентины Шинжлэх ухаан, технологи, бүтээлч инновацийн сайд Лино Бараньяог төлөөлж Гадаад хэргийн сайд Хорхе Фори, “Ураниум Нэг” /Uranium One/ группийн ерөнхийлөгч Василий Константинов болон “Ю Ар Америка Аргентина” /UrAmerica Argentina SA/ корпорацийн ерөнхийлөгч Омар Адра нар гарын үсэг зурсан байна. “Ю Ар Америка Аргентина” корпораци нь Буэнос-Айрес хотод байрлах ураны хайгуул чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хувийн компани юм.

            Харилцан ойлголцлын санамж бичиг нь ураны хайгуул, олборлолтын чиглэлээр ОХУ, Аргентин Улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд ураныг газрын дор уусган олборлох /ГДУО/ аргад онцгой анхаарал хандуулах зорилготой юм.

            ГДУО аргаар уран олборлоход уусгагч бодис, тухайлбал натрийн карбонаттай хүчилтөрөгчийг уран агуулсан элсэн давхарга руу шахахад уусгагч бодис нь ураныг шингээж авдаг байна. Үүний дараа уран агуулсан уусмалыг сорох цооногоор соруулан авдаг. Уран агуулсан уусмалаас ион солилцооны аргаар ураныг ялган авах ба үлдсэн уусмалд исэлдүүлэгч нэмэн шахах цооногоор хүдрийн биет рүү шахдаг. Соруулах цооногоор соруулж буй хэмжээ шахалтын цооногоор шахаж буй уусмалын хэмжээнээс тодорхой хэмжээгээр илүү байх шаардлагатай ба ингэснээр олборлолтын үйл ажиллагаанд ашиглаж буй уусмалыг олборлолтын талбайгаас илүү тархахгүйгээр барьж байдаг.

            Аргентин Улсын Гадаад хэргийн сайд хэлэхдээ ГДУО арга нь “өртөг багатай, хөрс хуулах ажил хийх шаардлагагүй, байгаль орчинд хамгийн бага нөлөө үзүүлдэг үр дүнтэй арга юм” гэжээ. Түүнчлэн “Аргентин Улс дээрх технологийг хэрэглэх Латин Америкийн анхны улс болохын сацуу Ю Ар Америка бүтээгдэхүүн гаргаж эхлэх үед бүс нутгийн хэмжээнд уран олборлолтын хэмжээгээр тэргүүлэх, дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах болно” гэж нэмж хэлжээ.

            Төслийн хөрөнгө оруулалт 250 сая ам.доллар байх төлөвлөгөөтэй ба ойролцоогоор 500 ажлын байр бий болох юм.

Ерөнхийлөгч Путин болон Макри нарын уулзалтын үеэр Росатом корпораци Аргентинд сүүлийн үеийн, хамгийн найдвартай технологийн стандартад суурилсан оросын загварын цөмийн эрчим хүчний станц барих саналтай байгааг дурджээ.

ОХУ, Аргентин улсууд 2015 онд Өмнөд Америкт 1200 МВт чадалтай ус-ус төрлийн цөмийн эрчим хүчний станц барих “хамтран ажиллах тухай” харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулж байжээ. Тус санамж бичгийн хүрээнд Росатом корпорацийн гадаад захиалга хариуцдаг “Русатом Оверсиз” болон “Аргентиний цөмийн эрчим хүч” /Nucleoeléctrica Argentina SA/ компанийн хооронд 6 реактор барих төсөл боловсруулах урьдчилсан гэрээ байгуулсан байна.     

Түүнчлэн ОХУ, Аргентинийн Засгийн газар хооронд 2014 онд цөмийн эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглахад хамтран ажиллах тухай гэрээ байгуулж байсан ба энэ гэрээ нь 2012 онд байгуулсан гэрээг орлож, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн байна. Уг хамтын ажиллагааны хүрээнд цөмийн эрчим хүчний станцийн төрөл, барилгын ажил, станцын үйл ажиллагаа болон буулгах, судалгааны реактор, ус цэвэршүүлэх байгууламжийн асуудлыг багтаасан байна. Түүнчлэн цөмийн түлшний цикл, цацраг идэвхт хаягдлын менежмент, изотоп үйлдвэрлэх асуудлуудыг мөн багтаажээ.

Эх сурвалж: http://www.world-nuclear-news.org