(2017-03-10 10:01:00)

Гадаад мэдээ

Хавдартай тэмцэх дэлхийн өдөр - 2 дугаар сарын 04

Хавдартай тэмцэх дэлхийн өдөр - 2 дугаар сарын 04

Жил бүр дэлхий даяар 8 сая хүн хорт хавдрын улмаас нас бардаг бөгөөд үүний 4 сая нь 30-69 насандаа хорвоог орхидог байна. Хорт хавдрын өвчлөл, нас баралтын нэг шалтгаан нь зохих эмчилгээ, тусламжийг хугацаандаа авах боломж хязгаарлагдмал байгаагаас болж байна.

Судлаачдын үзэж байгаагаар 2030 он гэхэд хөгжиж буй орнуудад бүх нас баралтын гуравны хоёроос илүү хувийг хорт хавдарын өвчлөл эзлэнэ гэсэн тооцоо гарчээ. Тиймээс ОУАЭА нь хорт хавдрын эсрэг тэмцэхээр хөгжиж буй улс орнуудад цөмийн технологийг нэвтрүүлэх, ашиглахад дэмжлэг үзүүлж байна.

ОУАЭА-ийн ерөнхий захирал Юкия Аманогийн гол зорилтын нэг нь хөгжиж буй орнуудад хорт хавдрын эсрэг эмчилгээний үр дүнг сайжруулах бөгөөд Техникийн хамтын ажиллагааны хөтөлбөрүүдээрээ дамжуулан туяа эмчилгээ, цөмийн эмчилгээний үр өгөөжийг илүү өргөн хүртээмжтэй болгож байна.

Энэхүү чиглэлээр гарсан сүүлийн үеийн ололт амжилтуудаас дурьдвал:

ОУАЭА нь Уганда Улсын Засгийн газартай хамтран Хавдар судлалын хүрээлэнгийн туяа эмчилгээний хуучин аппаратыг ашиглалтаас гаргаж шинэ аппаратыг суурилуулан өвчтөнүүдийг эмчилж эхэлсэн ба шинэ Кобальт-60 аппарат нь Хүрээлэнгийн одоо ашиглагдаж байгаа дотоод шарлагын аппаратын хүчин чадлыг нэмэгдүүлж эмэгтэйчүүдэд тохиолддог умайн хүзүүний хорт хавдрыг эмчилж байна.

ОУАЭА нь Камбож  Улсын Засгийн газартай хамтран тус улсад хамгийн анхны Үндэсний хорт хавдрын төв “Tэко Сантэпхип цэнтр”-ийг барьж байгуулсан. ОУАЭА-аас тус төвийн барилгын ерөнхий загвар, ашиглалтанд оруулах туяа эмчилгээ, цөмийн оношилгооны техник, мэргэжилтэн бэлтгэх, сургалт зохион байгуулах зэрэгт ойролцоогоор 2 сая еврогийн санхүүжилтийг олгосон байна.

ОУАЭА-ийн дэмжлэгтэйгээр Гондурас Улсын “Тегусигальпас Хоспитал Сан-Фелипе” эмнэлэгт дотоод шарлагын туяа эмчилгээг олон нийтэд зориулан хийж эхэлжээ. Энэхүү тоног төхөөрөмжийг ашиглан  нь жилдээ 1000 өвчтөнд эмчилгээ хийх бөгөөд эмчилгээ хийлгэх хавдартай өвчтөнүүдийн тоо их байгаатай холбоотойгоор эмнэлэгийн ажилтны чадавхыг дээшлүүлж байна.

Техникийн хамтын ажиллагааны төслүүдээр хорт хавдрын үйлчилгээ үзүүлдэг залуу болон туршлагатай мэргэжилтнүүдэд мэргэжлийн сургалт зохион байгуулдаг ба энэхүү сургалтаар нь тэдгээрийг технологийн дэвшилтэй хөл нийлүүлэн алхахад мэдлэг олгох, чадвараа дээшлүүлэхэд дэмжлэг болдог байна. Тухайлбал:

ОУАЭА-ийн дадлагажих сургалт, сургалт, туяа эмчилгээ, эмнэлэгийн физикийн чиглэлээр мэдээлэл солилцох зэрэг цуврал хөтөлбөрүүдийн ачаар Иордан Хуссейний Хавдар Судлалын Төв нь Ойрхи Дорнодын тэргүүлэх эмнэлэг болсон бөгөөд цөмийн эмчилгээ, оношилгоо хийх орчин үеийн сургалтын хөтөлбөрүүдтэй болсон байна.

Азербайжан Улсын нийслэл Баку хотын Цөмийн анагаах ухааны төвд Циклотроны төв байгуулж, ПЭT-КТ /Позитрон Эмиссион Компьютерт Томографи- Компьютер томографи/-ын шаардлагатай тоног төхөөрөмжийг амжилттай суурилуулж цацрагийн эм бэлдмэл, цөмийн эмчилгээний сургалтуудыг зохион байгуулж байна.

ОУАЭА нь Латин Америкт туяа эмчилгээний мэргэжилтнүүд бэлтгэх зорилгоор магистрын 1 жилийн ахисан түвшний анхны сургалтыг 12 орны нийт 15 оюутнуудтайгаар Чилийн Артуро Лопеса Перес Фоандешин болон Лос Андесын их сургуультай хамтран зохион байгуулсан байна.

ОУАЭА нь Хорт хавдрын эсрэг арга хэмжээг дэлхийн хэмжээнд үр дүнтэй хэрэгжүүлэх зорилгоор, Пан Америкийн эрүүл мэндийн байгууллага,  Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Хавдар судлалын Олон улсын агентлаг зэрэг олон улсын байгууллагуудтай нягт хамтран ажилласнаар сүүлийн жилүүдэд олон дэвшилтүүд гарсаар байна.

Манай улсын хувьд ОУАЭА-тай Техник хамтын ажиллагааны төслүүдийн хүрээнд хамтран ажилладаг ба өнгөрсөн онд гэхэд эрүүл мэндийн салбарт Улсын нэгдүгээр төв эмнэлэгийн Цөмийн онош зүйн тасагт MON6019-“Цөмийн эмчилгээнд ашиглах радио-иммунологийн лабораторийг шинэчлэн сайжруулах”, Хавдар судлалын үндэсний төвийн Туяа эмчилгээний тасагт MON6017-“Монгол улсад туяа эмчилгээ, цөмийн эмчилгээнд дэвшилтэт технологи нэвтрүүлснээр хорт хавдрын эмчилгээнд ахиц гаргах” зэрэг төслүүдийг амжилттай хэрэгжүүлэн дэвшилтэт технологиудийг нэвтрүүлэн ашиглаж байна

Эх сурвалж: https://www.iaea.org