2020-2021 хичээлийн жилд ОХУ-ын Засгийн Газрын ирүүлсэн тэтгэлэгт хуваарийн дагуу оросын их дээд сургуулиудад үнэ, төлбөргүй суралцахаар сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлтэй хүмүүсийг 2020 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүртэл бүртгэж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн вэб хаягаас авна уу.  (2020-03-09 08:46:00)

Мэдээ

Монгол Улсын Цөмийн энергийн комисс болон Оросын Холбооны Улсын атомын энергийн “Росатом” улсын корпораци хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа

Монгол Улсын Цөмийн энергийн комисс болон Оросын Холбооны Улсын атомын энергийн “Росатом” улсын корпораци хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа

ОХУ-ын Москва хотноо 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хуралдсан Монгол Улс, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны комиссын 21 дүгээр хуралдааны үеэр Монгол Улсын Цөмийн энергийн комисс, ОХУ-ын атомын энергийн “Росатом” улсын корпораци хооронд Монгол Улсад Цөмийн шинжлэх ухаан, технологийн төв (ЦШУТТ) байгуулахад хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.

Санамж бичигт Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Цөмийн энергийн комиссын нарийн бичгийн дарга Г.Манлайжав, Оросын Холбооны Улсын талаас атомын энергийн “Росатом” улсын корпорацийн ерөнхий захирлын орлогч Н.Спасский нар гарын үсэг зурав.

Тус санамж бичигт тусгаснаар цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах, Монгол Улсад ЦШУТТ байгуулах төсөл боловсруулах чиглэлээр хамтран ажиллах зорилготой бөгөөд оросын мэргэжилтнүүдийн оролцоотойгоор ЦШУТТ-ийн урьдчилсан шаардлага, зориулалт, холбогдох байгууламжуудын бүтэц, зохион байгуулалт, манай улсын хэрэгцээнд нийцэх суурь төхөөрөмж-хурдасгуурыг тодорхойлох юм. Түүнчлэн ЦШУТТ байгуулах төслийг хэрэгжүүлэх урьдчилсан замын зураглал боловсруулна. Хамтын ажиллагааны чиглэл, цар хүрээг тодорхойлох үүднээс хоёр талын мэргэшсэн шинжээчдийн уулзалт зохион байгуулж, ажлын хэсэг байгуулж ажиллахаар төлөвлөж байна.