(2017-03-10 10:01:00)

Гадаад мэдээ

ОХУ, БНХАУ ураны салбарт хамтран ажиллана

ОХУ, БНХАУ ураны салбарт хамтран ажиллана

“Орос-Хятадын бүс нутгийн хөрөнгө оруулалтын сан”, ураны “АРМЗ” (Атомредметзолото) холдинг, “Приаргуны уул уурхай, химийн үйлдвэрийн нэгдэл” 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Москва хотноо уран олборлох чиглэлд хамтран ажиллах тухай гурван талт гэрээ байгуулжээ. Энэ үйл явдал нь ОХУ-ын ураны салбарт гадны хөрөнгө оруулалт орж буй анхы тохиолдол болж байна. Ураны “АРМЗ” холдинг нь ОХУ-д ураны хайгуул, олборлолт, боловсруулалтын үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд Атомын энергийн “Росатом” улсын корпорацийн уул уурхайн салбар компани юм.   

Гэрээний дагуу талууд Сибирь дэх Приаргуны дүүрэгт 18.5 тэрбум рубль (325 сая ам.доллар)-ийн хөрөнгө оруулалт бүхий уран олборлох төсөл хэрэгжүүлэх юм.

Төслийн хүрээнд Аргунск, Жерловийн ураны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар шинээр “Уурхай №6”-г байгуулах ба эдгээр ордын үйлдвэрлэлийн нөөц нь 38,000 тонн уран гэж тогтоогджээ. Энэ нь “Приаргуны уул уурхай, химийн үйлдвэрийн нэгдэл”-ийн эзэмшилд буй ураны орд газруудын нийт нөөцийн 35 хувь юм.

Төслийг хэрэгжүүлэх үүднээс Приаргуны уул уурхай, химийн үйлдвэрийн нэгдэл, Орос-Хятадын бүс нутгийн хөрөнгө оруулалтын сан хамтран компани байгуулах ба хамтарсан компанийн нийт хувьцааны 49%-ийг хятадын тал, 51%-ийг оросын тал эзэмших аж. Төслийн анхын хөрөнгө оруулалтаар 2.5 тэрбум рублийг Орос-Хятдын бүс нутгийн хөрөнгө оруулалтын сан, үлдэх 16.1 тэрбум рублийг Хятадын үндэсний цөмийн корпорациас хөрөнгө оруулна гэж ОХУ-ын хэвлэл мэдээллийн сайтуудад тавигджээ.

Түүнчлэн ОХУ-ын мэдээллийн Риа агентлагийн мэдээлснээр энэ сарын сүүлчээр ураны холдинг “АРМЗ” нь “Хятадын үндэсний цөмийн корпораци”-тай “оффтэйк гэрээ” (offtake agreement- ирээдүйд үйлдвэрлэж нийлүүлэх бүтээгдэхүүнээрээ барьцаалж худалдан авагчаас зээл авах гэрээ) байгуулах ба уурхайгаас гарах бүтээгдэхүүний 50% буюу жилд 600 тонн ураныг хятадын тал авах аж.

Уурхай №6-ын дэд бүтцийн ажил 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр эхэлсэн бөгөөд 2023 онд уурхай ашиглалтад орох төлөвлөгөөтэй байна гэжээ. Уурхай бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлснээр ОХУ-ын атомын салбарт ураныг тогтвортой нийлүүлэх бөгөөд жилдээ 850,000 тонн хүдэр боловсруулах аж.

Эх сурвалж: http://www.world-nuclear-news.org