Хөгжиж буй орнуудын судлаач, эрдэмтдийн судалгааны ажлын цаашдын үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилго бүхий Олон улсын онолын физикийн хүрээлэн (ICTP)-г Нобелийн шагналт профессор Абдус Салам 1964 онд үүсгэн байгуулжээ. (2019-03-04 09:11:00)

Мэдээ

Орхон,Булган, Дархан уул, Сэлэнгэ аймгуудын эмнэлгүүдэд хийсэн цацрагийн хяналт шалгалтын ажлын дүн

Цөмийн энергийн газрын 2011 оны төлөвлөгөө, Улсын ерөнхий байцаагчийн баталсан хяналт шалгалтын ажлын удирдамжийн хүрээнд эрүүл мэндийн салбарт Цөмийн энергийн тухай Монгол улсын хууль, цацрагийн холбогдолтой дүрэм, журам, стандартын хэрэгжилтийг шалгаж, илэрсэн зөрчлийг арилгуулах, цацрагтай ажиллагчдад мэргэжлийн зөвлөмж, чиглэл өгөх зорилгоор 2011 оны 01 дүгээр сарын 23-наас 01 дүгээр сарын 31, 02 дугаар сарын 14-нөөс 21-ний өдрүүдэд Орхон,Булган, Дархан-уул, Сэлэнгэ аймгуудын нэгдсэн эмнэлэг, Зүүн хараа-Мандал, Шарын гол сумдын эмнэлгүүдэд хяналт шалгалт хийлээ. 
 
Авсан арга хэмжээний талаар: 
 
Хяналтаар дээрх орон нутгийн эмнэлгүүдэд Цөмийн энергийн тухай хууль, цацрагийн холбогдолтой дүрэм журам стандартын хэрэгжилтийг шалгаж, эмнэлгүүдэд ашиглагдаж буй рентген оношлогооны аппарат тоног төхөөрөмжийн ашиглалт, чанарын байдалд хяналт тавьж, ажлын байрны цацрагийн хамгаалалт аюулгүйн байдалд үнэлгээ хийлээ. Хяналт шалгалтын ажлын дүнг үндэслэн улсын байцаагчийн дүгнэлт -4, нийт давхардсан тоогоор 36 зөрчлийг илрүүлэн 6 зөрчлийг газар дээр нь арилгуулах арга хэмжээ авч, зөрчил дутагдлыг арилгуулахаар улсын байцаагчийн албан шаардлага-4-ийг гарган, хугацаатай үүрэг даалгавар өглөө. Хяналтаар урд онд хийгдсэн шалгалтаар өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг гарган ирүүлээгүй буюу зөрчил дутагдлыг арилгах арга хэмжээ аваагүй, цацрагийн үүсгэгчтэй аппарат тоног төхөөрөмжийг импортлох, ашиглах эрхийн зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулсан зөрчлүүдийг илрүүлэн зөрчил гаргасан 4 байгууллага, албан тушаалтанд нийт 1 296 000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан байна. 
 
Хяналт, шалгалтаар илэрсэн нийтлэг зөрчлүүд: 
 
Эмнэлгүүдэд Цөмийн энергийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.6, 32 дугаар зүйлийн 32.3.1, 36 дугаар зүйлийн 36.1.1, 36.1.2, 43 дугаар зүйлийн 43.5, Монгол улсын эрүүлийг хамгаалах байгууллагуудад цацраг туяа үүсгэгч аппарат дээр ажиллахад дагаж мөрдөх дүрэм”-ийн 19, 28, 56, 103, Эрүүл мэндийн технологи: Аймгийн эмнэлгийн бүтэц үйл ажиллагааны стандарт MNS 5095 :2001 стандартын 6.2.11, 6.7.5, 6.11.4 заалтуудыг зөрчсөн зөрчлүүд нийтлэг илэрлээ. Үүнд:,
 
1. Рентген аппарат тоног төхөөрөмжийг хүлээн авсны дараа холбогдох мэргэжлийн байгууллагад мэдэгдээгүйгээс цацрагийн үүсгүүрийг улсын бүртгэлд оруулаагүй, тэдгээрт чанарын баталгаажилтын хэмжилт хийлгэж хяналтанд хамруулаагүй, ашиглах эрхийн зөвшөөрөлгүй үйл ажиллагааг эрхлэх; 
2. Байгууллагын цацрагийн аюулгүй ажиллагааны дотоод дүрмийг боловсруулан хянуулж, үйл ажиллагаандаа мөрдлөг болгоогүй; 
3. Цацрагийн аюулгүй ажиллагааг хариуцсан ажилтанг тушаалаар томилоогүй; 
4. Рентген аппаратыг зориулалтын бус байранд суурилуулсан, рентген кабинет нь бүтэц зохион байгуулалтын хувьд холбогдох стандартын шаардлага хангахгүй, цацрагийн хамгаалалтын арга хэмжээг авч хэрэгжүүлээгүйгээс рентген техникч, өвчтөн үйлчлүүлэгчид үндэслэлгүйгээр цацрагийн нэмэгдэл шарлагад өртөх нөхцөл үүссэн; 
5. Цацрагтай ажиллагчдыг мэргэжлээс шалтгаалах өвчин судлалын эмнэлгийн мэргэжлийн эмчийн үзлэгт огт хамруулаагүй буюу үзлэгийг тогтмолжуулаагүй эдгээр болно. 
 
Дүгнэлт / цаашид авах арга хэмжээний талаар/:
 
Эмнэлгийн байгууллагуудад: 
 
1. Рентген цацраг үүсгэгчтэй аппарат тоног төхөөрөмжийг хүлээн авсан тухайгаа ЦЭГ-ын Цөмийн болон цацрагийн хяналтын газарт мэдэгдэж, цацрагийн үүсгүүрүүдийн улсын бүтргэлд оруулах, улмаар рентген аппаратанд тохируулга чанарын баталгаажилтын хэмжилт, үйл ажиллагаа явуулах байрны цацрагийн хамгаалалт аюулгүйн шаардлага хангасан эсэхэд үнэлгээ хийлгэн, улсын байцаагчийн дүгнэлт гаргуулж, Цөмийн энергийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.8-д заасны дагуу ашиглалтын зөвшөөрөл авч, үйл ажиллагаа явуулах
2. Рентген оношлогооны аппарат тоног төхөөрөмжийг шинээр хүлээн авахдаа аппарат тоног төхөөрөмжийг ханган нийлүүлэх байгууллага, эмнэлгийн байгууллага хооронд цацрагийн хамгаалалтын асуудлаар тодорхой гэрээ хийх, бүтэц, зохион байгуулалт, цацрагийн хамгаалалтын хувьд зохих шаардлага хангасан байранд аппарат тоног төхөөрөмжийг суурилуулах
3. Цацрагтай ажиллагчдын дунд гарч буй мэргэжлийн өвчлөлийг бууруулах, ажиллагчдыг мэргэжлээс шалтгаалах өвчлөлөөс сэргийлэх үүднээс эмнэлгүүдэд цацрагтай ажиллагчдыг холбогдох хуулийн дагуу мэргэжлийн судлалын үндэсний төвд мэргэжлийн эмчийн үзлэг шинжилгээнд тогтмол хамруулах, энэ асуудлыг цацрагтай ажиллагчид, байгууллага хоорондын хамтын гэрээнд тусгах
4. Цацрагтай ажиллагчдын мэргэжлийн шарлагын хувийн тунгийн хяналтыг тогтмолжуулах
5. Хүн ам үүний дотор цацрагтай ажиллагчид, өвчтөн үйлчлүүлэгчдийг цацрагаас хамгаалах, үндэслэлгүйгээр цацрагийн нэмэгдэл шарлагад өртүүлэхгүй байх талаар анхаарч, ажлын байранд зохих стандартын дагуу цацрагийн хамгаалалт хийх, кабинетэд байвал зохих тооны хувийн хамгаалалтын хэрэгслээр хангах, рентген шинжилгээний үед хамгаалалтын хувцас хэрэгслийг цацрагтай ажиллагчид, өвчтөн, үйлчлүүлэгчдэд хэрэглүүлж хэвших, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллах шаардлагатай байна.
 
ЦӨМИЙН БОЛОН ЦАЦРАГИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР