Олон Улсын Атомын Энергийн Агентлагаас хэрэгжүүлж буй Техникийн хамтын ажиллагааны “Дунд сургуулийн багш, сурагчдад цөмийн шинжлэх ухаан, технологийг сургахуй” RAS0079 Бүсийн төслийн хүрээнд “Монгол Улсын ерөнхий боловсролын дунд сургуулийн цөмийн шинжлэх ухаан, технологийн сургалтыг дэмжих” сэдэвт үндэсний семинарыг 2018 оны 10 дугаар сарын 08-10-ны өдрүүдэд Цөмийн энергийн комиссоос зохион байгуулж байна. (2018-10-08 10:54:00)

Гадаад мэдээ

Ураны Зах Зээл

Ураны Зах Зээл

2018 оны I улирлын байдлаар ураны исэл U3O8(шар нунтаг)-ийн зах зээлийн үнэ буурсан хэвээр байгаа бөгөөд 3 дугаар сарын 26-ны байдлаар 1 фунт шар нунтгийн үнэ 21.3 ам. доллар (1 кг нь 47 ам.доллар) орчим байсан нь өнгөрсөн сартай харьцуулахад 4.5 хувиар, 2017 оны мөн үетэй харьцуулахад 10 хувиар тус тус буурчээ.

Харин зах зээлийн урт хугацааны (3-15 жил) гэрээний үнэ харьцангуй тогтвортой байгаа ба 1 дүгээр сарын байдлаар 1 фунт нь 30 ам.доллар (1 кг нь 66 ам.доллар)орчим байна.

Хэдийгээр шар нунтгийн үнэ унасан байгаа боловч зэх зээлийн ажиглагчид үнэ өснө гэдэгт итгэлтэй байгаа аж.

Ураны нийлүүлэлт:

Ураны шар нунтгийн үнэ 2017 онд уналттай байсан нь зах зээлийн гол нийлүүлэгчид нийлүүлэлтээ бууруулах шалтгаан болсон. Тухайлбал Казахстан улс мөн оны эхэнд шар нунтаг үйлдвэрлэлээ 2,000 тонноор бууруулахаа мэдэгдсэн. шар нунтгийн томоохон үйлдвэрлэгчдийн нэг Камеко компани 2018 оны 1 дүгээр сарын сүүлээр Канад дахь Мак-Артур Ривер уурхайн олборлолтоо зогсоох тухай, Казатомпром компани ирэх 3 жилийн хугацаанд шар нунтаг үйлдвэрлэлээ 20% бууруулах тухай тус тус мэдэгдээд байна.

Нийлүүлэлтийг бууруулах эдгээр мэдээллүүд нь шар нунтгийн үнийг өсгөх хандлагатай байгаа боловч мэдэгдэхүйц нөлөө хараахан үзүүлж чадахгүй байна. Харин шинжээчид үнийн өсөлт нь цаг хугацааны асуудал гэж үзэж байна. Жишээлбэл: Канадын уран хайгуулын “Fission Uranium” компанийн ерөнхийлөгч Росс Мак-Элроу хэлэхдээ Камеко зэрэг бага өртгөөр үйлдвэрлэл явуулдаг үйлдвэрлэгчид олборлолтоо бууруулснаар “үнийг өндөр түвшинд барих” боломжтой гэсэн бол хөрөнгийн зах зээлийн шинжилгээний “The Stock Catalyst Reporter” компанийг үүсгэн байгуулагч Майк Алкин “Хамгийн том олборлогч Мак-Артур Ривер уурхай олборлолтоо бууруулснаар зах зээлд мэдэгдэхүйц нөлөөлнө, өнөөдрийн байдлаар ураны уурхайнууд нь алдагдалтай ажиллаж байна, зах зээл хоёрдогч нийлүүлэгч (зэвсэглэлээс гарсан уран, плутони)-ээр дүүрсэн байгаа нь үнэ буурах шалтгаан болж байна” гэжээ. Хөрөнгө оруулалтын нийгэмлэг “Outsider Club”-ийн үүсгэн байгуулагч Ник Ходж “Хөрөнгө оруулагчид хугацаа өнгөрөхийг хүлээж байна, зах зээлд ураны нийлүүлэлт өндөр байгаа болохоос ураны уурхайнууд ихдээгүй гэсэн ялгааг олж харах хэрэгтэй” гэж мэдэгджээ.

Ураны хэрэглээ:

Дэлхийн цөмийн нийгэмлэгээс гаргасан тайланд 2018 оны 3 дугаар сарын байдлаар нийт 447 реактор ажиллаж байгаа ба 61 реактор баригдаж байна. Ураны хэрэглээнээс давсан нийлүүлэлт дуусах үед хэрэглээ өсөх төлөвтэй байгаа ба уран хэрэглээ 2016 онд 190 сая фунтээр өссөн бол 2030 онд энэ өсөлт 300 сая фунт болно гэж  UxC компани үзэж байна.

БНЭУ дараачийн 15 жилд ураны үйлдвэрлэлээ 10 дахин өсгөх тухай, БНХАУ 2018 онд 5 шинэ цөмийн эрчим хүчний станц ашиглалтад оруулахаа энэ оны 3 дугаар сард тус тус мэдэгдсэн зэрэг нь уран хэрэгцээ нэмэгдэх шинжтэй байна гэж Focus Economic компаниас мэдэгдсэн.

Түүнчлэн Мак-Элроу “БНХАУ жилд 8-10 реактор ашиглалтад оруулж байна. Бид уран нийлүүлэгчийн хувьд БНХАУ-ыг ураны хамгийн том хэрэглэгч гэж харж байна, магадгүй 15 жилийн дараа цөмийн эрчим хүч ашигладаг хамгийн том орон болно”, хөрөнгө оруулалтын Sprot US Holding компанийн ерөнхийлөгч Рик Рүүл энэ оны эхэнд “ Япон Улс реакторуудаа дахин ашиглалтад оруулснаар 2018 он ураны үнэ өсөх жил болно” гэж тус тус хэлжээ.   

Цаашдын хандлага:     

Олон улсын шинжээчид ураны үнэ болон хэрэглээ зэрэгцэн өснө гэж үзэж байгаа бөгөөд БНЭУ, БНХАУ ураны олборлолтоо нэмэгдүүлэхээ мэдэгдэж байгаа нь тус улсуудад ураны хэрэгцээ өндөр байгааг харуулж байна.

Focus Economic компани ураны шар нунтгийн үнэ 2018 оны IV улиралд 26.3 ам.доллар/фунт, 2019 оны IV улиралд 31 ам.доллар/фунт болно гэж таамаглажээ.

Эх сурвалж: https://investingnews.com/daily/resource-investing/energy-investing/uranium-investing/u3o8-price-update/?mqsc=E3947527