БНСУ-ын Засгийн Газрын Эдийн Засгийн Хөгжлийн Хамтын Ажиллагааны Сан (ЭЗХХАС)-гийн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй МОН-8 төслийн хүрээнд Солонгосын Олон Улсын Эрүүл Мэндийн Сан (СОУЭМС)-гийн буцалтгүй тусламжаар Үндэсний оношилгоо, эмчилгээний төвийн Изотоп үйлдвэрлэх тасгийн Циклотроны тасагт ажиллах дараах 5 мэргэжилтнийг сургалтад хамруулах нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж байна. (2018-07-19 08:03:00)

Гадаад мэдээ

Ураны зах зээлийн тухай болгоомжлонгуй өөдрөг төсөөлөл

Ураны зах зээлийн тухай болгоомжлонгуй өөдрөг төсөөлөл

Мадрид хотноо 2018 оны 4 дүгээр сарын 18-19-нд болсон “Дэлхий цөмийн түлшний цикл” (World Nuclear Fuel Cycle /WNFC/) хуралд тавьсан илтгэлүүдээс харахад ураны эрэлт аажмаар өсч байгаатай холбогдуулан нийлүүлэлт нэмэгдэж, дэлхийн ураны бүтээгдэхүүний нөөцийн өсөлт удаашрах хандлагатай байна гэжээ. Дэлхийд ураны нөөц үлэмж хэмжээтэй боловч түүнийг олборлох санхүүжүүлэлт нь зах зээлийн төлөв байдлаас ихээхэн хамааралтай тухай хуралд оролцогчид хэлэлцсэн байна.

Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-ийн ураны нөөцийн шинжээч Адриенне Ханли тавьсан илтгэлдээ өнөөдрийн байдлаар батлагдсан ураны нөөц нь зах зээлийн өндөр эрэлтийг ч хангаж чадах хэмжээтэй байгаа боловч ойрын 5-10 жилд зах зээлийн нийлүүлэлтийн зарим нэг асуудлаас болж зах зээлд бүтээгдэхүүний хомсдол үүсч болзошгүй тухай дурджээ.

ОУАЭА, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (ЭЗХАХБ) хамтран 2 жил тутам ураны олборлолт, эрэлт, нийлүүлэлтийн талаар “Улаан ном” хэмээх тайлан гаргадаг бөгөөд тайлангийн сүүлийн хэвлэлд 2015 оны байдлаар дэлхийн батлагдсан ураны нөөцийг кг-ийг нь 260 ам.доллар хүртлэх зардлаар олборлох боломжтой 7,641,600 тонн гэж тэмдэглэсэн байна. Тус тайланд зах зээлийн эрэлт бага байх хувилбараар тооцоолоход 2035 он гэхэд дэлхийд нийт 418 ГВт хүчин чадал бүхий цөмийн эрчим хүчний станцуудын хэрэгцээ нь жилд 66,995 тонн байх бөгөөд өнөөдрийн байдлаар олборлолт явуулж байгаа уурхайнуудаас дээрх хэрэгцээг хангах боломжтой. Харин зах зээлд ураны бүтээгдэхүүний эрэлт өндөр байх хувилбараар нийт 682 ГВт хүчин чадал бүхий цөмийн эрчим хүчний станцуудын хэрэгцээ нь жилд 104,740 тонн болж бүтээгдэхүүний хомсдол үүсэх магадлалтай гэж тооцоолжээ.  

Дээрх тайланд дурдсан 7,641,600 тонн ураны нөөц нь зах зээлийн өндөр хэрэгцээг хангах хэмжээний хэдий ч нөөцийг боловсруулахад шаардлагатай хөрөнгө оруулалт, туршлагын тухай асуудал яригдана. Ирэх 5-10 жилд олборлолтын өртөг, бүтээгдэхүүн боловсруулалтын хугацаа зэргээс хамааран зах зээлийн нийлүүлэлтийн хүндрэлтэй тулгарч болзошгүй тухай дурдсан байна.    

Бүтээгдэхүүн ба зах зээл

UxC компанийн ерөнхийлөгч Жонатан Хинзе хэлэхдээ ураны эрэлттэй харьцуулахад бүтээгдэхүүн нь зах зээлийн ирээдүйн байдлыг харуулах гол үзүүлэлт болж байна. Бүтээгдэхүүн гэдэг бол бодит эрэлт ба үйлдвэрлэл хоорондын тэнцвэрийг хангаж байдаг зах зээлийн сайн зохицуулагч юм гэжээ. 1990 оноос хойш цөмийн эрчим хүчний реакторуудын тухайн жилийн хэрэгцээ олборлолтоос давж байсан ч энэхүү зөрөөг ураны нөөц бүтээгдэхүүнээр хангаж байсан.

Ураны бүтээгдэхүүн гэсэн ойлголтод шар нунтгаас эхлээд баяжуулсан уран, түлшний угсармал багц хүртэлх бүтээгдэхүүнийг хамааруулан ойлгоно. Ураныг цөмийн түлш хүртэл боловсруулах үйл ажиллагаа 1-4 жил үргэлжилдэг ба энэ хооронд дамжуулах хоолойн бүтээгдэхүүн гэж нэрлэгдэх бүтээгдэхүүнүүд нь зах зээлийн нийлүүлэлтийн сүлжээний чухал хэсэг юм гэж тэрээр нэмж хэлжээ.

Тус компанийн тооцоолсноор 2018 оны 02 дугаар сарын байдлаар 1.79 тэрбум фунт (811 мян.тонн) ураны исэлтэй (U3O8) адил хэмжээний ураны бүтээгдэхүүнүүд бий бөгөөд 53% нь аж ахуй нэгжийн, 34% нь улс орнуудын засгийн газрын, 13% нь нийлүүлэгчид, худалдаачид, санхүүгийн байгууллагуудын мэдэлд байдаг гэжээ.

Камеко корпорацийн дэд ерөнхийлөгч Дэвид Доерксен хуралд ураны зах зээлийн тухай болон компанийн өнөөгийн нөхцөл байдлын тухай танилцуулсан. Өнөөдрийн байдлаар дэлхийн хэмжээнд 57 реактор баригдаж байгаа болон улс орнууд цөмийн эрчим хүчний төслүүдийг хөгжүүлж байгаатай холбогдуулан ирэх 12-18 сарыг “болгоомжлонгуй өөдрөг төсөөлөл” гэж тэрээр хэлжээ.

Мөн ураны өнөөгийн үнэ нь нийлүүлэлтийн шинэ эх үүсвэрийг зах зээлд татан оруулахуйц бус байгаа ба зарим олборлогчид олборлолтоо бууруулах, төслүүдээ царцаах арга хэмжээ авч байна гэжээ. Камеко корпораци 2016 онд Канад дахь Rabbit lake дахь үйл ажиллагаагаа түр зогсоосон ба энэ онд McArthur Lake уурхайн үйл ажиллагааг зогсоогоод байна. Одоогийн байдлаар Канад дахь Cigar Lake болон Казахстан дахь хамтарсан Inkai төслийн хүрээнд ураны олборлолт явуулж байна. 2018 онд тус корпораци 9.1 сая фунт (4.1 мян.тонн) ураны исэл олборлож, 8-9 сая фунт ураны исэл худалдан авах хүлээлттэй байна гэжээ.

АНУ-ын уран олборлогчдын байр суурь

АНУ-ын уран олборлогч EnergyFuels, UrEnergy компаниуд энэ оны 1 сард Засгийн газрын Худалдааны танхимд хандан ураны импорт тус улсын үндэсний аюулгүй байдалд үзүүлэх нөлөөллийг судлан шалгах тухай шаардлага хүргүүлсэн ба импортлох ураны хэмжээ дотоодын хэрэглээний 25%-иас ихгүй байлгахыг уриалжээ. БНХАУ, ОХУ, Казахстан, Узбекистан улсын төрийн өмчийн оролцоотой компаниудаас уран авах нь АНУ-ын ураны салбарт аюул учруулж болзошгүй гэж шаардлага хүргүүлэгчид үзэж байгаа аж.   

Худалдааны танхимаас 270 өдөрт багтаан тус асуудлыг судлан үзэх ба эцсийн шийдвэрийг АНУ-ын ерөнхийлөгч гаргах ажээ.

Эх сурвалж: http://www.world-nuclear-news.org/UF-Cautious-optimism-for-uranium-outlook-3004187.html