БНСУ-ын Засгийн Газрын Эдийн Засгийн Хөгжлийн Хамтын Ажиллагааны Сан (ЭЗХХАС)-гийн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй МОН-8 төслийн хүрээнд Солонгосын Олон Улсын Эрүүл Мэндийн Сан (СОУЭМС)-гийн буцалтгүй тусламжаар Үндэсний оношилгоо, эмчилгээний төвийн Изотоп үйлдвэрлэх тасгийн Циклотроны тасагт ажиллах дараах 5 мэргэжилтнийг сургалтад хамруулах нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж байна. (2018-07-19 08:03:00)

Ярилцлага

Г.Манлайжав:цөмийн шинжлэх ухаан, технологийн төв байгуулахад росатом корпораци хамтарна

Г.Манлайжав:цөмийн шинжлэх ухаан, технологийн төв байгуулахад росатом корпораци хамтарна

Сочи /МОНЦАМЭ/.ОХУ-ын Сочи хотод 5 дугаар сарын 14-16 -нд болж өнгөрсөн АТОМЭКСПО олон улсын форум &үзэсгэлэнд Монгол Улсыг төлөөлөн оролцсон Цөмийн энергийн комиссын (ЦЭК) нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Г.Манлайжаваас тодруулга авлаа.

-"АТОМЭКСПО- 2018" форум ЦЭК-ын хувьд ямар үр дүнтэй болж өнгөрсөн бэ?

-ОХУ-ын Атомын энергийн “Росатом” корпорацийн зохион байгуулдаг  "АТОМЭКСПО" форум бол дэлхийн цөмийн энерги, атомын эрчим хүчний чиглэлд үйл ажиллагаа явуулдаг томоохон байгууллага, АА-н нэгжүүд оролцож, өөрсдийн үйл ажиллагааны ололт амжилт, туршлагаа, хэтийн зорилго, хөгжлийн хандлагаа бусдад танилцуулах талбар юм. 10 дахь жилдээ болж буй энэ удаагийн форумд 60 гаруй орны 3.000 гаруй төлөөлөгч оролцож, үзэсгэлэнгийн танхимд 600 гаруй компани өөрсдийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүн, судалгааг танилцуулсан чухал арга хэмжээ болж өнгөрлөө. Форумыг нээж, “Росатом” улсын корпорацийн ерөнхийлөгч А.Е.Лихачев, Олон улсын атомын энергийн агентлагийн ерөнхий захирал Юкия Амано, Дэлхийн цөмийн нийгэмлэгийн ерөнхий захирал Агнета Рисинг, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Цөмийн энергийн агентлагийн ерөнхий захирал Виллям Магвоод зэрэг цөмийн салбарын өндөр албан тушаалтнууд мэндчилгээ дэвшүүлсэн нь уг форум ямар өргөн цар хүрээтэй, чухал ач холбогдолтой болохыг харуулж байна.

Миний хувьд хоёр дахь удаагаа энэ форумд оролцож байна. Форумын үеэр “Росатом” корпорацийн удирдлагуудтай Монгол Улсад “Цөмийн шинжлэх ухаан, технологийн төв байгуулах” харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд ойрын үед хийх ажлын талаар санал солилцсон, үр дүнтэй хэд хэдэн уулзалтууд хийлээ.“Росатом” корпорацийн Гадаад үйл ажиллагаа хариуцсан орлогч захирал Н.Н. Спасскийтэй хийсэн хоёр талын уулзалтын үеэр оросын тал цөмийн салбарт ажиллаж буй монгол эрдэмтэн судлаач, мэргэжилтнүүдийн чадамж, мэргэжлийн түвшинг өндрөөр үнэлж байсанд баяртай байна. Цаашид ч манай цөмийн салбарын хүний нөөцийг хөгжүүлэх тал дээр үзүүлдэг дэмжлэгээ “Росатом” өргөжүүлэх талаар санал солилцлоо.

-Манай Цөмийн энергийн комисс, “Росатом” корпорацтай хэрхэн хамтран ажиллаж байна вэ?

-Хуучнаар Цөмийн энергийн газар байх үед “Росатом” корпорацтай цацраг идэвхт ашигт малтмал, цөмийн энергийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх талаар санамж бичиг байгуулсан. Санамж бичгийн хүрээнд өнгөрсөн хугацаанд 75 оюутан ОХУ-ын их, дээд сургуулиудад “Росатом”-ын тэтгэлгээр суралцсан. Одоогоор 16 залуу сургуулиа төгсөөд байна. Өнгөрөгч хоёрдугаар сард Цөмийн шинжлэх ухаан, технологийн төв байгуулахад хамтран ажиллах тухай” санамж бичгийг Цөмийн энергийн комисс ба Росатом” улсын корпорацийн хооронд байгуулсан. Санамж бичгийн гол зорилго нь ОХУ-ын мэргэжилтнүүдийн оролцоотойгоор ЦШУТТ-ийн урьдчилсан шаардлага, зориулалт, холбогдох байгууламжуудын бүтэц, зохион байгуулалт, мөн түүнчлэн манай орны хэрэгцээнд нийцэх шарах суурь төхөөрөмж, хурдасгуурыг тодорхойлох юм. Төв байгуулах төслийг хэрэгжүүлэх урьдчилсан замын зураглалыг энэхүү баримт бичгийн хүрээнд боловсруулна.

-Санамж бичгийн зорилго, ач холбогдлын тухай дэлгэрүүлэхгүй юу?

-Цөмийн шинжлэх ухаан, технологийн төв байгуулах талаар хамтран ажиллана. Монгол Улсын хэрэгцээг тодорхойлно гэсэн үг. Эхлээд хоёр  талын нарийн мэргэжлийн хүмүүс Монгол Улсын хэрэгцээнд ямар тоног төхөөрөмж, судалгааны суурь төхөөрөмж шаардлагатайг тодорхойлно. Төв байгуулахын ач холбогдлын тухайд гэвэл, нэгд, тус төвийг байгуулснаар судалгаа шинжилгээний ажил хийх орчин бүрдэх юм. Цөмийн энерги, цөмийн технологийн чиглэлээр гадаад, дотоодод суралцсан манай судлаачдад судалгааны ажлаа хийх, бүтээл туурвих нөхцөл бүрдэх юм. Хоёрдугаарт, салбарын хүний нөөцийг бэлтгэх ажилд чухал үүрэгтэй байх юм. Монгол Улс цөмийн энергийг эрчим хүчний зорилгоор ашиглаж эхлэх үед мэргэжлийн боловсон хүчин  бэлтгэгдсэн байх ёстой. Гуравдугаарт, бизнесийн ач холбогдолтой. Хүнс, хөдөө аж ахуй, эрүүл мэндийн салбар дахь цөмийн технологийн хэрэглээ, цацраг идэвхит изотопын үйлдвэрлэл гээд гадаадаас импортолж байгаа хэрэгцээг дотоодоос хангах зорилготой. Төслийн хүрээнд хэрэгжүүлэх ажлын техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулсны дараа шийдэгдэнэ.

Эх сурвалж: http://www.montsame.mn/read/90162