БНСУ-ын Засгийн Газрын Эдийн Засгийн Хөгжлийн Хамтын Ажиллагааны Сан (ЭЗХХАС)-гийн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй МОН-8 төслийн хүрээнд Солонгосын Олон Улсын Эрүүл Мэндийн Сан (СОУЭМС)-гийн буцалтгүй тусламжаар Үндэсний оношилгоо, эмчилгээний төвийн Изотоп үйлдвэрлэх тасгийн Циклотроны тасагт ажиллах дараах 5 мэргэжилтнийг сургалтад хамруулах нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж байна. (2018-07-19 08:03:00)

Мэдээ

“Радон-газар хөдлөлтийг урьдчилан таамаглах үзүүлэлт” сэдэвт семинар зохион байгуулагдлаа

“Радон-газар хөдлөлтийг урьдчилан таамаглах үзүүлэлт” сэдэвт семинар зохион байгуулагдлаа

Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний 2.17 дугаар заалтад тусгагдсан “Монгол Улсын хэмжээнд газар хөдлөлтийн өндөр магадлалтай бүс нутагт гүний усны болон хөрсөнд агуулагдах радоны хэмжилтээр газар хөдлөлтийг урьдчилан таамаглах боломжийг судлах” ажлын хүрээнд “Радон-газар хөдлөлтийг урьдчилан таамаглах үзүүлэлт” сэдэвт семинар зохион байгуулагдлаа.

Тус семинарын зорилго нь газар хөдлөлтийн давтамж, хүч, радоны хэмжилтийн үр дүн зэрэг үзүүлэлт хоорондын корреляцын түвшинг тогтоох, радоны хэмжилтээр газар хөдлөлтийн гамшгийг урьдчилан таамаглах боломжийн талаар хийгдэж буй судалгаа, түүний үр дүнгийн талаар хэлэлцэх, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааг тодорхойлоход оршино.

Семинарт ЦЭК-ын Ажлын албаны Цөмийн аюулгүй байдлын бодлогын газрын дарга Э.Нямдаваа, ажилтан Г.Мөнх-Эрдэнэ, МУИС-ийн харьяа ЦФСТ-ийн Цөмийн эрчим хүч, технологийн салбарын эрхлэгч, дэд профессор Н.Норов, ШУА-ийн Одон орон геофизикийн хүрээлэнгийн Газар хөдлөл судлах салбарын дарга, доктор М.Өлзийбат, ГХСС-ын эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор Ц.Батсайхан, эрдэм шинжилгээний ажилтан, докторант Д.Ганзориг, эрдэм шинжилгээний ажилтан М.Билгүүн, НМХГ-ын Цөмийн болон цацрагийн хяналтын улсын байцаагч Д.Мөнхсайхан нар радоны хэмжилтээр газар хөдлөлтийг урьдчилан таамаглах боломжийн талаар илтгэл хэлэлцүүлэв.

Япон Улсын эрдэмтэн Хиро Канаморийн хийсэн судалгаагаар сул газар хөдлөлтийн идэвхжилт нь хүчтэй газар хөдлөлтийн өмнө ажиглагддаг шинж тэмдэгийн нэг болохыг харуулсан байдаг. Олон жилийн судалгааны үр дүнд хүчтэй газар хөдлөлт болохоос өмнө дэлхийн гүний геофизик оронд ихээхэн өөрчлөлт орох бөгөөд газар хөдлөлтийн өмнөх болон дараах хугацааг хамруулан үндсэн дөрвөн үе шатанд ангилж үздэг. Газар хөдлөлтийн өмнөх идэвхжлийн хугацаанд радоны хэмжээ жигд буюу бага хэмжээний идэвхтэй /өсөлттэй/ байж, хүчтэй газар хөдлөлтийн үед буюу хүчдэл чөлөөлөгдсөний дараа огцом буурсан үзүүлэлттэй байдаг байна.

Радоныг хэмжиж газар хөдлөлтийг урьдчилан таамаглах судалгааг газар хөдлөлтийн идэвхтэй бүс, хагарлууд дээр шинээр станц суурилуулж, системтэйгээр үргэлжлүүлэх нь Монгол Улсад тохиолдсон болон тохиолдож болзошгүй газар хөдлөлтийн үзүүлэлтүүд, радоны хамаарлыг тогтоох, байнгын ажиллагаатай мониторингийн системтэй болох чухал ач холбогдолтой байна.

Холбогдох байгууллагууд хамтарч “Радоныг хэмжиж газар хөдлөлтийг урьдчилан таамаглах” сэдэвт төслийг хэрэгжүүлэх талаар шинжлэх ухаан, технологийн төслийн “захиалагчийн санал” хүргүүлэх, тус асуудлыг Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлд танилцуулах талаар санал гаргалаа.