Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 15:00 цагт зохион байгуулах тул Та бүхэн идэвхтэй оролцоно уу. (2018-09-04 02:13:00)

Гадаад мэдээ

Уран - Ирээдүйн эрчим хүчний тогтвортой эх үүсвэр

Уран - Ирээдүйн эрчим хүчний тогтвортой эх үүсвэр

Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-ийн таамаглалаар дэлхийн эрчим хүчний хэрэглээ 2030 онд 18%, 2050 онд 39%-иар өсөх тооцоо гарчээ. Энэ нь эрчим хүчний төрөл бүрийн эх үүсвэр тухайлбал, цөмийн эрчим хүч, ураны эрэлт өсөх хандлагатайг харуулж байна.  

            ОУАЭА-аас зохион байгуулсан “Цөмийн түлшний циклийн уран, ховор материалын олон улсын симпозиум: Хайгуул, олборлолт, үйлдвэрлэл, эрэлт, нийлүүлэлт, эдийн засаг болон байгаль орчны асуудал (URAM-2018)” хэлэлцүүлэг Вена хотноо 6 дугаар сүүлийн долоо хоногт зохион байгуулагдсан бөгөөд хэлэлцүүлгийн гол цөм нь ирэх арван жилд ураны тогтвортой нийлүүлэлтийг хангах талаар байлаа.

            “Шинэ реакторууд ашиглалтад орж, зарим реакторын ашиглалтын хугацаа дуусч байгаа учир ураны зохистой нийлүүлэлт, менежментийн асуудал нь ирэх арван жилд эрчим хүчний нийлүүлэлтийн гол хүчин зүйл байх болно. Уранд суурилсан түлш нь нүүрстөрөгч ялгаруулдаггүй цөмийн эрчим хүчний гол, найдвартай эх үүсвэр хэвээр байх төлөвтэй байна. Бид энэ түлшийг хэрхэн ашиглах нь шинэ технологийн хөгжил, нөөцийн тогтвортой менежментийн стратеги боловсруулахаас ихээхэн хамаарна” гэж ОУАЭА-ийн ураны нөөцийн мэргэжилтэн Адриенне Ханли хэлжээ.

            ОУАЭА-ийн “доод таамаглалаар” эрчим хүчний зах зээлд эзлэх цөмийн эрчим хүчний хувь өнөөдөр байгаа 11%-иас 2050 онд 6% болж буурч болох бөгөөд мөн онд цөмийн цахилгаан эрчим хүчний чадал  24%-иар өсөх аж. Харин боломжит “дээд таамаглалаар” 2050 онд цөмийн цахилгаан эрчим хүчний чадал 2.8 дахин өсөх бөгөөд эрчим хүчний зах зээлд эзлэх хувь 13.7% болж өсөх магадлалтай аж.    

            Өнөөдөр цөмийн хаягдлыг түлш болгон ашиглах, уран бага зарцуулдаг цөмийн эрчим хүчний шинэ технологи боловсронгуй болж байгаа зэргээс шалтгаалж цөмийн эрчим хүчний үйлдвэрлэл өсөх үед ураны эрэлт шууд хамааран өсөх шаардлагагүй юм. Гэсэн хэдий ч ураны эрэлт өсөх хандлагатай байна.

            Ашигт малтмал олборлох өнөөгийн арга, технологиор дор хаяж 100 жил олборлох хангалттай ураны нөөц бий бөгөөд өөр төрлийн аргаар уран олборлох судалгааны ажил явагдаж байна.

Далайгаас уран олборлох

Дээр дурдсан өөр төрлийн аргын нэг нь далайн уснаас уран ялгаж авах арга бөгөөд далайн усанд ууссан 4 тэрбум гаруй тонн уран агуулагдаж байгаа нь эх газар дахь ураны нөөцөөс хэд дахин илүү юм. Далайгаас уран олборлох нь дэлхийн ураны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх байгаль орчинд ээлтэй, тогвортой арга зам юм гэж үзэж байна.

Далайн уснаас ашиглаж болох хэмжээний уран ялгаж авах нь хүдрээс уран ялгаж авахаас онолын хувьд хялбар юм. Далайн усан дахь уран нь ус болон уран агуулсан чулууллаг хоёрын тогтвортой урвалаар үүсгэгддэг. Далайн уснаас уран ялган авах үед мөн хэмжээний бодис чулуулгаас далайд уусдаг байна. Далайгаас уран ялган авах судалгааны амжилт нь ураны нийлүүлэлтийг хязгааргүй болгоно гэсэн үг.

Дээрх арга нь өнөөдрийн байдлаар судалгааны шатандаа байгаа бөгөөд уран ялгаж авахад полиэтилен мяндас хэрэглэдэг. Энэ нь ураны диоксидийг өөртөө наалдуулдаг бодис болох амидоксимтэй ердийн хуванцар юм. Нэг шоо метр усанд ойролцоогоор 3 миллиграмм уран агуулагддаг бөгөөд энэ нь нэг литр усанд агуулагдах давсны хэмжээтэй адил юм. Полиэтилен мяндсыг сарын турш далайн усанд байлгах ба хүчлийн уусмал ашиглан мяндаснаас ураныг салган авч дахин ашигладаг байна.

Энэ аргыг арваад жилийн турш судалж байгаа ч ураны зах зээлийн бага үнэ, уурхайгаас уран хангалттай нийлүүлэгдэж байгаа зэргээс шалтгаалж тус аргын эдийн засгийн үр өгөөжийн хувьд хараахан өрсөлдөх чадваргүй байна. Сүүлийн 5 жилд далайгаас олборлох өртөг 4 дахин буурч киллограмм ураныг 440 ам.доллараар гарган авч болох болов ч үйлдвэрлэлийн хэмжээнд ашиглахын тулд дээрх өртгийг үлэмж бууруулах шаардлагатай юм.

Ураныг илүү үр дүнтэй ашиглах нь

Ураныг үр дүнтэй ашиглах, зохистой менежмент хийх нь уран олборлохтой адил чухал асуудал юм. Хэрэглээнээсээ хамаарч эрчим хүч үйлдвэрлэх боломж нь уян хатан байдагтай холбоотойгоор дэлхийн хэмжээнд бага чадлын реактор (small modular reactor)-ийг ашиглах хандлага нэмэгдэж байна. Бага чадлын реакторын нэг давуу тал нь ашиглаж буй технологиос хамаарч эрчим хүч үйлдвэрлэх хэмжээ ижил боловч бага хэмжээний уран ашигладагт оршино.

Сүүлийн жилүүдэд ОУАЭА-аас НҮБ-ын Европын эдийн засгийн комисстой хамтран нийгэм эдийн засгийн чадавх, технологийн үндэслэл, тооцооны нарийвчлал зэрэг нөөцийн менежментийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна.

“Уран нь НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилт болон уур амьсгалын өөрчлөлтийн асуудалтай холбоотой олон зорилтуудыг хэрэгжүүлэхэд туслах нүүрстөрөгч үл ялгаруулах түлш гэж үзэж болох юм. Уран үйлдвэрлэлийг тогтвортой байлгахад шинэ технологиуд чухал үүрэг гүйцэтгэнэ” гэж НҮБ-ын Европын эдийн засгийн комиссын эдийн засгийн асуудал хариуцсан мэргэжилтэн Харикришнан Тулсидас хэлжээ.

Эх сурвалж: https://www.iaea.org