Ерөнхий боловсролын сургуулийн физикийн цөм хөтөлбөрийн "Атом ба цөм" бүлгийн "Цөмийн цацрагийн хэрэглэгээ" сэдвийн хүрээнд сурагчид бие даан бүтээлчээр эрэлхийлэн судалж, мэдлэгээ өргөжүүлэн гүнзгийрүүлж, шинжлэх ухаан технологийг судлах хүсэл сонирхолтой болгоход оршино. (2018-10-25 05:43:00)

Танин мэдэхүйн булан

Уран олборлолтын талаархи тоон үзүүлэлт

Уран олборлолтын талаархи тоон үзүүлэлт

Дэлхийд олборлож буй нийт ураны 2/3-ыг Казахстан, Австрали, Канад улсад олборлож байна. Нийт олборлож буй ураны 50%-ийг газрын дор уусган олборлох аргаар олборлож байна.

Ураны нөөц:

Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА), Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (ЭЗХАХБ) хамтран 2 жил тутам ураны олборлолт, эрэлт, нийлүүлэлтийн талаар “Улаан ном” нэртэй тайлан гаргадаг бөгөөд “Улаан ном 2016”-д дэлхий хэмжээнд килограммыг нь 130 хүртэл ам.доллараар олборлох боломжтой нийт 5.7 сая тонн геологийн нөөцтэй гэж бүртгэжээ. Үүнээс Монгол Улс 141.5 мянган тонн нөөцтэй эхний 10 байранд багтаж байна.  

Олборлолт:

2017 онд Казахстан Улс 23,391 тонн уран олборлож, нийт олборлолтын 39%-ийг, Канад Улс 13,116 тонн уран олборлож, нийт олборлолтын 22%-ийг,  Австрали Улс 5,882 тонн уран олборлож, нийт олборлолтын 10%-ийг тус тус бүрдүүлсэн байна.

Сүүлийн 10 жилд дэлхийн хэмжээнд нийт олборлосон ураны хэмжээг Зураг 2-т үзүүлэв. Зургаас харахад ураны олборлолт тогтмол нэмэгдэж байгаа бөгөөд 2007 онд 41,282 тонн уран олборлож байсан бол 2016 онд 62,366 тонн уран олборлож 51%-иар нэмэгдсэн байна. 2017 онд 59,531 тонн уран олборложээ.

Олборлолтын арга:

Ураныг ерөнхийдөө уламжлалт уурхайн арга (ил, далд уурхай), газрын дор уусган олборлох аргаар болон дайвар бүтээгдэхүүн хэлбэрээр олборлодог бөгөөд 1990 онд нийт олборлосон ураны 55%-ийг далд уурхайн аргаар олборлож байсан бол 1999 онд 33%, 2000 оноос шинэ уурхайнууд ашиглалтад орсноор далд уурхайн олборлолт 40% болж өссөн. Газрын дор уусган олборлох арга нь 1960-аад оноос эрчимтэй хөгжиж эхэлсэн бөгөөд 2017 оны байдлаар нийт олборлосон ураны 50%-ийг тус аргаар, 46%-ийг уламжлалт уурхайн аргаар, үлдэх хэсгийг холимог металлын ордоос дайвар бүтээгдэхүүн хэлбэрээр олборлосон байна.

Шар нунтгийн үнэ буурсан байсан нь зах зээлийн гол нийлүүлэгчид 2017 онд нийлүүлэлтээ бууруулах шалтгаан болсон байна. Тухайлбал, Казахстан улс мөн оны эхэнд шар нунтаг үйлдвэрлэлээ 2,000 тонноор бууруулахаа мэдэгдсэн, Камеко корпораци 2018 оны 1 дүгээр сарын сүүлээр Канад дахь Мак-Артур Ривер уурхайн олборлолтоо зогсоох тухай, Казатомпром компани ирэх 3 жилийн хугацаанд шар нунтаг үйлдвэрлэлээ 20% бууруулах тухай тус тус мэдэгдсэн. Харин БНЭУ дараачийн 15 жилд ураны үйлдвэрлэлээ 10 дахин өсгөх тухай, БНХАУ 2018 онд 5 шинэ цөмийн эрчим хүчний станц ашиглалтад оруулахаа тус тус мэдэгдсэнээс уран хэрэгцээ нэмэгдэх шинжтэй байна гэж дэлхийн 127 улсад салбартай, эдийн засгийн судалгааны тэргүүлэгч байгууллага болох “Focus Economics” мэдээлжээ.

Дэлхийн хэмжээнд нийт 57 реактор баригдаж байгаатай (БНХАУ 20, ОХУ 6, БНЭУ 6, Ойрх Дорнодод 4, БНСУ 4, Беларусь 2, Финлянд 1) холбоотойгоор ураны хүдрийн баяжмалын эрэлт, нийлүүлэлт нэмэгдэх хандлагатай байна гэж зах зээлийн шижээчид үзэж байна.