Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 15:00 цагт зохион байгуулах тул Та бүхэн идэвхтэй оролцоно уу. (2018-09-04 02:13:00)

“Гадаад орчны цацрагийн хяналт” сэдэвт дагалдах сургалт зохион байгуулагдлаа

“Гадаад орчны цацрагийн хяналт” сэдэвт дагалдах сургалт зохион байгуулагдлаа

Цөмийн энергийн комиссын Ажлын алба, Японы атомын энергийн агентлагтай хамтран “Гадаад  орчны цацрагийн  хяналт’’ сэдэвт дагалдах сургалтыг 2018 оны 08 дугаар сарын 27-31-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгууллаа.

Уг сургалтад Цөмийн энергийн комиссын Ажлын алба, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн Цацрагийн хяналтын лаборатори, Цаг уур орчны шинжилгээний газар, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Монгол улсын их сургуулийн Цөмийн физик судалгааны төв, Мал эмнэлгийн хүрээлэн, Төрийн тусгай хамгаалалтын газар, Улсын мал эмнэлэг, Ариун цэврийн төв лаборатори, ЦУОШГ-ын Байгаль орчин хэмжил зүйн төв лаборатори, ШУА-ийн Физик технологийн хүрээлэн, Онцгой байдлын ерөнхий газрын Гамшиг судлалын хүрээлэн зэрэг 11 байгууллагын 15 албан хаагч оролцлоо.

Сургалтад оролцогчид нь цацрагийн тухай үндсэн ойлголтоос эхлэн цацрагийн хамгаалалт, цацраг биологийн харилцан үйлчлэл, цацрагийн хэмжилтийн үндсэн зарчмууд, Монгол Улсын гадаад орчны цацрагийн хяналт, гадаад орчноос дээж авах арга зүй, дотоод шарлагын үнэлгээ, гадаад орчны дээж бэлтгэл, дээжид цацраг идэвхт Стронци тодорхойлох, Монгол Улсын гадаад орчны цацрагийн хөтөлбөр, Фукушима Дайчи ЦЭХС-д гарсан ослын дараах гадаад орчны цацрагийн мониторинг, Цацрагийн ослын үед эмнэлгийн түргэн тусламж үзүүлэх, Цацраг идэвхт хаягдлын менежмент зэрэг сэдвийн хүрээнд хичээл үзэж, гадаад орчны хөрсний дээж авах дасгал ажил болон дозиметрийн багажаар орчны цацрагийн тунгийн чадлын хэмжилт хийх дасгал ажлыг гүйцэтгэсэн.

Тус сургалтад ЯАЭА-ийн Хүний нөөцийн хөгжлийн төвийн мэргэжилтэн, сургагч багш Хирояа Ёокояама, Орай институтийн Цацрагийн хамгаалалтын хэлтсийн мэргэжилтэн, сургагч багш Эйта Маеда болон Монгол Улсаас Япон улсад “Цөмийн болон цацрагийн ослын бэлэн байдал”, “Гадаад орчны цацрагийн хяналт”-ын чиглэлээр сургагч багш бэлтгэх хөтөлбөр /ITP/-т хамрагдаж байсан холбогдох төрийн байгууллагуудын албан хаагч, сургагч багш нар хичээл заалаа.

Энэхүү сургалт нь хүний эрүүл мэнд, байгаль орчныг хамгаалах, холбогдох хяналт шинжилгээг гүйцэтгэх үүрэг бүхий төрийн байгууллага, лабораторийн мэргэжилтнүүд цацрагийн шинжилгээнд дээж авах, хэмжилт хийх арга  аргачлалтай танилцаж Япон Улсын туршилгаас судалж, мэдлэг чадвараа дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой байлаа.