Ерөнхий боловсролын сургуулийн физикийн цөм хөтөлбөрийн "Атом ба цөм" бүлгийн "Цөмийн цацрагийн хэрэглэгээ" сэдвийн хүрээнд сурагчид бие даан бүтээлчээр эрэлхийлэн судалж, мэдлэгээ өргөжүүлэн гүнзгийрүүлж, шинжлэх ухаан технологийг судлах хүсэл сонирхолтой болгоход оршино. (2018-10-25 05:43:00)

Мэдээ

Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн хэлэлцүүлэг боллоо

Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн хэлэлцүүлэг боллоо

Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Цөмийн энергийн комиссын Ажлын албаны байранд амжилттай зохион байгуулагдлаа.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 323 дугаар тушаалаар ЗГХЭГ, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Цөмийн энергийн комиссын Ажлын албаны төлөөллөөс бүрдсэн Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан.

Тус Ажлын хэсэг Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу холбогдох судалгаа, тайланг хийж, хуулийн төслийн үзэл баримтлалыг батлуулж, Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.  

Ажлын хэсгийн ахлагч, Цөмийн энергийн комиссын Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Г.Манлайжав хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн зорилго нь хуулийн хийдэл, зөрчил, давхардлыг арилгах, цөмийн энерги, цацраг идэвхт ашигт малтмалын үр өгөөжийг дээшлүүлэх, цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааг хангах, ионжуулагч цацрагийн сөрөг нөлөөллөөс хүн ам, нийгэм, байгаль орчныг хамгаалах зохицуулалтыг сайжруулахад чиглэгдсэн талаар онцлон тэмдэглэлээ.

Хэлэлцүүлгээр ажлын хэсгийн гишүүд “Цөмийн энергийн салбарын хууль, эрх зүйн орчин”, “Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үндэслэл, шаардлага”, “Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-ийн талаар дэлгэргүй танилцуулж, хэлэлцүүлэгт оролцогчдын санал, хүсэлтийг сонсож, сонирхсон асуултад хариулт өгөв.

Хэлэлцүүлэгт төрийн байгууллагаас Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, Тагнуулын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Цөмийн энергийн комиссын Ажлын алба, Хавдар судлалын үндэсний төв, Шинжлэх Ухааны Академи, МУИС, ШУТИС, ХААИС-ийн Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори, МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдал, үндэсний лавлагаа лаборатори, төрийн өмчит “Мон-Атом” ХХК, төрийн бус байгууллагаас “Монголын цөм, цацрагийн нийгэмлэг” ТББ, “Монголын цацрагийн хамгаалалтын нийгэмлэг” ТББ, “Монголын байгаль орчны иргэний зөвлөл” ТББ, “Гамшгийн эсрэг үндэсний төв”, ТББ, “Их бага баян шарга” ТББ, цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Гурвансайхан” ХХК, “Орано Майнинг”, “Бадрах Энержи” ХХК, “Эмээлт Майнз” ХХК, “Зараяа Холдингс” ХХК, цацрагийн үүсгүүр хэрэглэгч “Оюутолгой” ХХК, “МК” ХХК, “Литопро” ХХК, “Эс Эс Ай Эм Эн” ХХК-ийн болон иргэдээс бүрдсэн нийт 70 гаруй төлөөлөл оролцлоо.

Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн хэлэлцүүлгийн үеэр дээрх байгууллагуудын 12 төлөөлөл хуулийн төсөлтэй холбоотой санал, хүсэлтээ хэлж, 10 төлөөлөл санал агуулгын хуудсаар дамжуулан саналаа өглөө.

Ажлын хэсгийн гишүүн Цөмийн энергийн комиссын Ажлын албаны Цөмийн аюулгүй байдлын бодлогын газрын дарга Э.Нямдаваа хуулийн төсөлд холбогдох хууль, дүрэмд заасны дагуу хэлэлцүүлэгт оролцогчдын болон санал асуулгын хуудас, www.nea.gov.mn цахим хуудсаас ирүүлсэн саналыг Ажлын хэсгийн хурлаар хэлэлцэж, хуулийн төсөлд тусгах талаар анхаарч ажиллахаа мэдэгдээд хэлэлцүүлгийг өндөрлөв.