Ерөнхий боловсролын сургуулийн физикийн цөм хөтөлбөрийн "Атом ба цөм" бүлгийн "Цөмийн цацрагийн хэрэглэгээ" сэдвийн хүрээнд сурагчид бие даан бүтээлчээр эрэлхийлэн судалж, мэдлэгээ өргөжүүлэн гүнзгийрүүлж, шинжлэх ухаан технологийг судлах хүсэл сонирхолтой болгоход оршино. (2018-10-25 05:43:00)

Гадаад мэдээ

АНУ-ын ураны салбарт явагдаж буй мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд олон нийтээс нээлттэй санал авч дуусжээ

АНУ-ын ураны салбарт явагдаж буй мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд олон нийтээс нээлттэй санал авч дуусжээ

АНУ-д уран олборлолтын үйл ажиллагаа явуулдаг Energy Fuels Inc, Ur-Energy компаниас ураны импортын хэмжээ нь тус улсын үндэсний аюулгүй байдалд нөлөөлж байна гэж үзэн 1962 оны Худалдааг өргөжүүлэх тухай хуулийн 232 зүйлийг үндэслэн ураны салбарт мөрдөн шалгах ажиллагаа явуулах хүсэлт бүхий өргөдлийг энэ оны 1 дүгээр сард АНУ-ын Худалдааны яаманд гаргажээ.

Худалдааны яамнаас ураны салбарын оролцогч талууд, Конгрессын гишүүд, Батлан хамгаалах яам, Эрчим хүчний яам болон захиргааны байгууллагуудтай зөвлөлдсөний дараа мөрдөн шалгах ажлыг 7 дугаар сард эхлүүлсэн бөгөөд 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл олон нийтээс нээлттэй санал авчээ.

АНУ-ын уран олборлогч дотоодын компани болох Energy Fuels болон Ur-Energy-компаниуд нь тус улсын уран олборлолтын салбар дахь боломжит дотоодын нөөцийг ашиглахгүй байснаар үндэсний аюулгүй байдал, эрчим хүч, эдийн засгийн аюулгүй байдал, цөмийн түлшний циклийн хараат бус, тогтвортой байдалд “ноцтой хор хохирол үзүүлэх” тухай Худалдааны яаманд гаргасан  өргөдөлдөө дурджээ. Өргөдөлд АНУ-ын ураны хэрэглээний 25 хувийг дотоодын үйлдвэрлэгчдээс хангаж байхаар ураны импортын хэмжээнд хязгаар тавих, төрийн өмчийн компаниудыг дотоодын бүтээгдэхүүнийг худалдан авч байхыг шаардах зэрэг саналыг тусгажээ. АНУ-д 2017 онд 1.2 сая фунт (544.3 тонн) уран олборлосон бөгөөд хэрвээ дээрх санал хүчин төгөлдөр болбол энэ хэмжээг 12 сая фунт (5,443 тонн)-д хүргэх шаардлагатай юм.

Канад Улсын Камеко компани дээрх асуудалтай холбоотой өгсөн саналдаа “АНУ болон Канад Улсад уран олборлодог, хувьцаагаа нээлттэй арилжаалдаг манай компани нь энэхүү магадлан шинжлүүлэхээр өргөдөл гаргасан АНУ-ын компаниудын нэгэн адил зах зээлийн хүндрэлтэй үеийг даван туулж байна. Түүнчлэн манай компани нь АНУ-ын цөмийн эрчим хүчний салбарт олон жилийн турш найдвартай нийлүүлэгч, стратегийн түнш байсаар ирсэн бөгөөд Камеко компанийн нийлүүлж буй уран нь Нэгдсэн Улсын үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлэхгүй бөгөөд импортын хориг арга хэмжээнд хамрагдах үндэслэлгүй юм” гэдгээ илэрхийлжээ. Тус компани нь өргөдөл мэдүүлэгчдийн гаргасан ураны импортод тодорхой хязгаар тогтоож өгөхтэй санал нийлэхгүй байгаа бөгөөд АНУ-д олборлож буй ураны хэмжээтэй харьцуулахад энэ нь биелэгдэх боломжгүй юм гэж үзэж байгаа юм. АНУ-ын ураны хэрэглээний 25-аас доошгүй хувийг дотооддоо нийлүүлэх нь бодит байдал дээр хэрэгжихэд хүндрэлтэй бөгөөд бусад улсаас хараат байдлыг нэмэгдүүлэх боломжтой хэмээн Камеко илэрхийлжээ. Түүнчлэн өргөдөлд дурдсан зарим нэг улсын төрийн өмчит компаниудын импортод хориг тавих нь “зах зээлийн зарчмыг зөрчсөн, тэгш бус өрсөлдөөнийг бий болгох” бөгөөд төрийн өмчит бус, нээлттэй компаниудад ч энэхүү хориг үйлчлэхээр байна гэжээ. Хэрвээ хориг арга хэмжээ хэрэгжихэд хүрвэл “зөвхөн өргөдөлд дурдсан орнуудын төрийн өмчит компаниудыг хамруулах нь зүйтэй” гэж Камеко компани үзэж байгаа юм. Тус компанийн 2017 оны борлуулалтын 30 хувийг АНУ руу нийлүүлжээ.

Ройтерс агентлагийн мэдээлж буйгаар АНУ-ын цөмийн эрчим хүч үйлдвэрлэгчдийг төлөөлдөг Ad Hoc Utilities Group нь Худалдааны яамыг хориг тавихгүй байхыг уриалан “Хүндрэлтэй явж буй цөмийн энергийн салбарт дахин нэмэлт хориг тавих нь 100 мянган өндөр цалинтай ажлын байрыг, эрсдэлд оруулах бөгөөд Ерөнхийлөгч Доналд Трампын улс төрийн бодлого, Эрчим хүчний яамны бодлоготой нийцэхгүй байна” гэж тус группээс мэдэгджээ.

Худалдааны яамнаас 270 хоногт багтаан мөрдөн шалгах ажиллагааг явуулж, тайланг Ерөнхийлөгчид өргөн барих зохицуулалттай аж.

Эх сурвалж: http://www.world-nuclear-news.org/Articles/Comment-period-closes-on-US-uranium-investigation