Ерөнхий боловсролын сургуулийн физикийн цөм хөтөлбөрийн "Атом ба цөм" бүлгийн "Цөмийн цацрагийн хэрэглэгээ" сэдвийн хүрээнд сурагчид бие даан бүтээлчээр эрэлхийлэн судалж, мэдлэгээ өргөжүүлэн гүнзгийрүүлж, шинжлэх ухаан технологийг судлах хүсэл сонирхолтой болгоход оршино. (2018-10-25 05:43:00)

Мэдээ

Цацраг идэвхт ашигт малтмалын салбарт цацрагийн аюулгүй ажиллагааны норм, дүрмүүдийг таниулах сургалт зохион байгууллаа

Цацраг идэвхт ашигт малтмалын салбарт цацрагийн аюулгүй ажиллагааны норм, дүрмүүдийг таниулах сургалт зохион байгууллаа

Монгол улсад цөмийн технологи, цацрагийн үүсгүүрийг олон салбарт ашиглахын хамт цацраг идэвхт ашигт малтмалын нөөцийг нэмэгдүүлэх, энэ салбарт хөрөнгө оруулалтыг татах, мөн цацраг идэвхт ашигт малтмалыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажлууд хийгдэж байна. 

Цацраг идэвхт ашигт малтмал, цөмийн технологи нэвтрүүлэх, цацрагийн үүсгүүртэй холбоотой үйл ажиллагаанд, цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааг хангуулан ажиллах нь цацрагийн сөрөг нөлөөллөөс цацрагтай ажиллагчид, хүн ам, хүрээлэн буй орчныг хамгаалах маш чухал  ач холбогдолтой юм.

Цөмийн энергийн комиссын Ажлын алба, Монголын цацрагийн хамгаалалтын нийгэмлэг /МЦХН/ ТББ хамтран “Цөмийн энергийн салбарт аюулгүй ажиллагааны эрх зүйн орчинг боловсронгуй болгох, шинээр батлагдсан дүрмүүдийг зорилтот хэрэглэгчдэд таниулах” сэдэвт дэд төслийг хэрэгжүүлж, Монгол Улсад цацрагийн хамгаалалтын чиглэлээр шинээр баталсан норм, дүрмүүдийг зорилтот хэрэглэгчдэд сурталчлан таниулах цуврал сургалтуудыг зохион байгуулж байна. 

Төслийн хүрээнд эхний ээлжинд цацраг идэвхт ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын үйл ажиллагаанд хамаарах цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааг зохицуулах Монгол Улсын  хууль тогтоомж, ялангуяа шинээр батлагдсан “Цацрагийн аюулгүйн норм” (2015 он), “Цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааны үндсэн дүрэм” (2016 он), “Цацрагийн холбогдолтой үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагын цацрагийн аюулгүйн албаны дүрэм” (2015 он) “Хүдрийн олборлолт, боловсруулалтаас үүсэх хаягдлын менежментийн дүрэм” (2016 он), “Цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул судалгааны үйл ажиллагаанд мөрдөх цацрагийн аюулгүй ажиллагааны дүрэм” (2016 он) “Цацраг идэвхт ашигт малтмалыг олборлох, боловсруулах үйл ажиллагаанд мөрдөх цацрагийн аюулгүй ажиллагааны дүрэм” (2018 он)-ийг сурталчлан таниулах сургалтыг 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулж, “Мон атом” ХХК, “Адамас майнинг” ХХК, “Эрдэнэс Монгол” ХХК, “Шинь шинь” ХХК, “Бадрах энержи” ХХК, “Эмээлт майнз” ХХК, “Зараяа холдингс” ХХК, “Монгол Ураниум Ресурс” ХХК, “Алкалли метал монголиа” ХХК зэрэг 10 байгууллагын 13 оролцогч хамрагдлаа.  

Сургалтад оролцогчдыг сургалтын материал, холбогдох хууль, багц дүрмийн эмхтгэлүүд, гарын авлагаар хангаж, норм дүрэм болон оролцогчдын сонирхсон асуудлаар хэлэлцүүлэг хийж, цаашид Цацраг идэвхт ашигт малтмалыг ашиглах чиглэлд хийгдэх шаардлагатай асуудлын талаар санал бодлоо солилцлоо.

Цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааны тусгай шаардлагуудыг шинээр тогтоосноор салбарын аюулгүй ажиллагааны соёл сайжирч, болзошгүй ослын эрсдэлийг бууруулж, хүн ам, гадаад орчныг цацрагийн сөрөг нөлөөллөөс сэргийлэх чухал ач холбогдолтой байна.