Ерөнхий боловсролын сургуулийн физикийн цөм хөтөлбөрийн "Атом ба цөм" бүлгийн "Цөмийн цацрагийн хэрэглэгээ" сэдвийн хүрээнд сурагчид бие даан бүтээлчээр эрэлхийлэн судалж, мэдлэгээ өргөжүүлэн гүнзгийрүүлж, шинжлэх ухаан технологийг судлах хүсэл сонирхолтой болгоход оршино. (2018-10-25 05:43:00)

Мэдээ

Эмнэлгийн салбарын ажилчдад цацрагийн хамгаалалтын норм, дүрмүүдийг таниулах сургалт зохион байгуулагдлаа

Эмнэлгийн салбарын ажилчдад цацрагийн хамгаалалтын норм, дүрмүүдийг таниулах сургалт зохион байгуулагдлаа

Цөмийн энергийн комиссын Ажлын алба, Монголын цацрагийн хамгаалалтын нийгэмлэг /МЦХН/ ТББ хамтран хэрэгжүүлж буй “Цөмийн энергийн салбарт аюулгүй ажиллагааны эрх зүйн орчинг боловсронгуй болгох, шинээр батлагдсан дүрмүүдийг зорилтот хэрэглэгчдэд таниулах” сэдэвт дэд төслийн хүрээнд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар (НМХГ)-тай хамтран эмнэлгийн салбарын ажилчдад цацрагийн хамгаалалтын норм, дүрмүүдийг таниулах сургалтыг 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Нийслэлийн иргэний танхимд зохион байгууллаа.  

Сургалтын үйл ажиллагааг ЦЭК-ын Ажлын албыг төлөөлж Цөмийн аюулгүй байдлын бодлогын газрын дарга Э.Нямдаваа, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л. Эрдэнэчулуун нар нээж, цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааны чиглэлээр мэргэшсэн эксперт, мэргэжилтнүүд хичээл заалаа.

Сургалтаар туяа эмчилгээ, цөмийн оношзүй, рентген оношилгоо, эмчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж нийт 100 байгууллагын 150 эмч, физикч, техникч нарт “Цацрагийн аюулгүйн норм” (2015 он), “Цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааны үндсэн дүрэм” (2016 он), “Цацрагийн холбогдолтой үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагын цацрагийн аюулгүйн албаны дүрэм”-ийн талаар дэлгэрэнгүй танилцуулж, холбогдох хууль, дүрмийн эмхтгэлүүд, гарын авлагаар хангасан байна.

Сургалтын хөтөлбөрийн дагуу мэргэжлийн хяналтын байгууллагын төлөөллүүдийг оролцуулан эрүүл мэндийн салбарын цөмийн технологийн хэрэглээ, эмнэлгийн шарлага хийх үйл ажиллагаатай холбоотой тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцүүлэг зохион байгуулж, рентген аппарат тоног төхөөрөмжийн чанарын хяналт, баталгаажуулалт, цацрагийн хэмжилт, тэдгээрт ашиглагддаг багаж хэрэгсэл зэрэг өргөн хүрээтэй сэдвүүдээр нээлттэй ярилцаж, цаашид хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээ, үйл ажиллагааг тодорхойлсон байна.