Нэг. Мэргэшлийн шалгалтын зорилго. Цөмийн энергийн комиссын ажлын албаны төрийн жинхэнэ  албан тушаалын сул орон тоог анх орох  иргэдээс өрсөлдүүлэн шалгаруулж  нөхөхөд  төрийн албаны мэргэшлийн шалгалтын зорилго оршино. “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”, “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ыг Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn гэсэн цахим хуудсанд тавьсан бөгөөд бүртгүүлэх иргэд энэхүү журамтай заавал танилцсан байна. (2018-12-07 03:38:00)

Фото мэдээ

Зүүн өмнөд азийн бүсийн семинар монгол улсад зохион байгуулагдлаа

ЦЭК-ын ажлын алба, ОУАЭА-тай хамтран зохион байгуулсан “Цөмийн болон цацрагийн хяналт ба хариуцлага хүлээлгэх тогтолцоо” сэдэвт семинар Улаанбаатар хотод 2018 оны 11 дүгээр сарын 05-09-ний өдрүүдэд зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Семинарыг ОУАЭА-ын Цацрагийн үүсгүүрийн хяналтын нэгжийн Цацрагийн аюулгүй ажиллагааны ахлах ажилтан Ибрахим Шадад, Малайз Улсын атомын энергийн тусгай зөвшөөрөл олгох газрын бодлого, гадаад харилцааны асуудал хариуцсан захирал Хасмади Бин Хассан, Грек Улсын атомын энергийн комиссын тусгай зөвшөөрөл болон хяналтын газрын эмнэлгийн физикч Марий Калатаки нар удирдан явуулж, Зүүн өмнөд Азийн бүсийн 11 орны 13 эксперт, Монгол улсаас 12 албан хаагч оролцлоо.

Цацрагийн осол зөрчил гарах нэг нөхцөл нь хариуцлага хүлээлгэх тогтолцооны учир дутагдалтай байдал байдаг тул үр дүнтэй, үр нөлөөтэй хариуцлага хүлээлгэх тогтолцоог бий болгох нь маш чухал бөгөөд ОУАЭА-аас гаргасан дүрэм журмаар гишүүн орнууд нь хариуцлага хүлээлгэх бодлого, дүрэм, заавар, эрх бүхий байгууллагатай байх ёстой.

ОУАЭА-ийн Цацрагийн аюулгүй ажиллагааны мэдээллийн менежементийн системд оруулсан гишүүн орнуудын мэдээллээс авч үзэхэд дэлхийн хэмжээнд гишүүн орнуудын 60 хувь нь хариуцлага хүлээлгэх тогтолцоог үр дүнтэй зохион байгуулаагүй байна гэсэн дүгнэлтэд хүрсэн байна.

Ихэнх гишүүн орнуудад эрх бүхий байгууллагад хариуцлага хүлээлгэх хуулийн эрх олгогдсон боловч хариуцлага хүлээлгэх үйл ажиллагааг хэрхэн гүйцэтгэх заавар, зөвлөмжүүд байхгүй байгаа нь учир дутагдалтай байна.

ОУАЭА-аас гаргасан аюулгүй ажиллагааны талаарх олон улсын зохицуулалтын баримт бичгүүдэд эрх бүхий байгууллага нь хяналт хийх, хариуцлага хүлээлгэх арга хэмжээ авах шаардлага тусгагдсан байдгаас гадна GSR Part 1 стандартад эрх бүхий хяналтын байгууллага нь хариуцлага хүлээлгэхэд баримтлах бодлого, стратеги, журамтай байх, тэдгээрийг хууль эрх зүйн тогтолцоонд нэвтрүүлсэн байх шаардлагатай гэж заасан байна.

Семинараар хяналт, зохицуулалтын тогтолцоо, хариуцлага хүлээлгэхэд баримтлах бодлого, журам, хариуцлага хүлээлгэх үйл ажиллагаанд зэрэглэсэн хандлагыг мөрдөх, зөрчлийн үр дагаврыг үнэлэх (аюулгүй ажиллагаа зөрчсөнөөс аюултай нөхцөл үүсэх, болзошгүй осол гарах, зөрчлийн давтамж, хяналтын байгууллагын үйл ажиллагааны үр нөлөө) хариуцлага хүлээлгэх арга хэмжээ (мэдэгдэл, чиглэл, алба шаардлага хүргүүлэх, торгуул шийтгэвэр тавих, нэмэлт арга хэмжээ, үзлэг шинжилгээ, прокурорын арга хэмжээ, зөвшөөрөл, гэрчилгээг хүчингүй болгох гэх мэт), хариуцлага хүлээлгэх арга хэмжээний матриц, арга хэмжээг баримтжуулах зэрэг нилээд өргөн асуудлыг авч үзэж, тодорхой мэдлэг олголоо. Мөн хариуцлага хүлээлгэх тогтолцоотой холбоотой бодит жишээн дээр тулгуурласан дасгал ажлыг гүйцэтгэж, дүнг хэлэлцүүлсэн нь оролцогчдын туршлага, чадварыг дээшлүүлэхэд тодорхой хувь нэмэр орууллаа.

Гишүүн улс бүр өөрийн орны онцлог, хууль эрх зүйн тогтолцоонд нийцүүлэн хариуцлага хүлээлгэх тогтолцооны бодлого, стратеги, журам, зааврыг боловсруулан гаргаж, эрх бүхий байгууллагаас хяналт хийх, хариуцлага хүлээлгэх үйл ажиллагаандаа ашиглах юм байна.