Хөгжиж буй орнуудын судлаач, эрдэмтдийн судалгааны ажлын цаашдын үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилго бүхий Олон улсын онолын физикийн хүрээлэн (ICTP)-г Нобелийн шагналт профессор Абдус Салам 1964 онд үүсгэн байгуулжээ. (2019-03-04 09:11:00)

Гадаад мэдээ

“Цаг уурын өөрчлөлтийг бууруулах хамгийн төгс шийдэл нь цөмийн эрчим хүч юм” хэмээн Билл Гейтс хэлжээ

“Цаг уурын өөрчлөлтийг бууруулах хамгийн төгс шийдэл нь цөмийн эрчим хүч юм” хэмээн Билл Гейтс хэлжээ

Билл Гейтсийн өөрийн блогийн 2018 оны сүүлийн нийтлэлд “Цөмийн эрчим хүч нь цаг уурын өөрчлөлтийг бууруулах хамгийн төгс шийдэл юм” хэмээн бичжээ. Тэрээр 12 дугаар сарын 29-ний өдрийн “Энэ жил миний сурсан зүйлс” гэх нийтлэлийнхээ эрчим хүчний хэсэгт цөмийн эрчим хүчний тухай дурджээ.

“Reuters” агентлагаас гаргасан мэдээнд “Микрософт корпорацийн хамтран үүсгэн байгуулагч Билл Гейтс “TerraPower” ХХК-г байгуулсан бөгөөд цөмийн эрчим хүчний салбарт хүч үзэж байгаа тус компани нь БНХАУ-д хориг тавих АНУ-ын шийдвэр гарснаас шалтгаалан технологийн шинэ хамтрагч хайж байгаа” хэмээжээ. “TerraPower” ХХК нь төрийн өмчит Хятадын үндэсний цөмийн корпараци (CNNC)-тай хамтран Бээжингийн өмнөд хэсэгт судалгааны реактор барих гэрээг 2017 онд байгуулж байжээ.

Билл Гейтс блогтоо “Хүлэмжийн хийн ялгарал 2018 онд урьд жилүүдийнхээс нэмэгдсэн. Миний үзэж байгаагаар цаг уурын цаашдын өөрчлөлтийг бууруулахын тулд цэвэр эрчим хүчний эх үүсвэр ашиглах хэрэгтэй. Харин зарим хүмүүсийн үздэгээр нар, салхи зэрэг сэргээгдэх эрчим хүч ашиглан дээрх асуудлыг шийдэх боломжтой ч, үнийг нь буулгах шаардлагатай хэмээдэг. Сэргээгдэх эрчим хүчийг үйлдвэрлэх үнэ буурч байгаа нь миний хувьд таатай мэдээ хэдий ч, хангалттай хэмжээний эрчим хүч үйлдвэрлэхийн тулд сэргээгдэх эрчим хүчийг үйлдвэрлэх системийг боломжит бүх газар тараан байршуулах асуудалтай нүүр тулна.”

“Гэхдээ нар болон салхины эрчим хүчийг үйлдвэрлэх  нөхцөл хязгаарлагдмал байдаг учраас нар болон салхи байгаа үед үйлдвэрлэсэн эрчим хүчийг шөнийн цагаар эсвэл салхигүй үед ашиглахаар хуримтлуулах хямд өртөгтэй  цэнэг хураагуур байхгүй нь харамсалтай. Үүнээс гадна, сэргээгдэх эрчим хүчээр бид цахилгаан эрчим хүчнийхээ хэрэгцээний зөвхөн 25 хувийг л шийднэ. Үлдсэн 75 хувийг яах вэ?”

Билл Гейтс хэлэхдээ, цөмийн эрчим хүчний судалгааг АНУ-ын хөгжлийн тэргүүлэх чиглэл болгоход 2019 онд түлхүү анхаарч ажиллана гэжээ.

Цөмийн эрчим хүчний үйлдвэрлэл нь нүүрсхүчлийн хий ялгаруулдаггүй, 7 хоногийн 24 цаг тогтвортой эх үүсвэр учраас цаг уурын өөрчлөлтийг бууруулах хамгийн төгс шийдэл билээ. Өнөө үед ашиглаж буй цөмийн реакторуудын асуудлыг шинэлэг техник ашиглан бүрэн шийдэх боломжтой бөгөөд энэхүү техникийн шийдлийг буй болгоход дэлхийн хэмжээний эрдэмтэд, баялаг бүтээгч нартай хамтран ажиллах ба  үүнд шаардагдах хөрөнгө санхүүжилтийг гаргах боломж АНУ-д бий, хэмээн тэрээр дурджээ.

Одоогоос 50 гаруй жилийн өмнө АНУ нь богино хугацаанд дэлхийн цөмийн эрчим хүчний салбарыг тэргүүлэх хэдхэн орны нэг байсан. Энэхүү тэргүүллээ эргүүлэн олж авахын тулд шинээр хөрөнгө босгож, хууль тогтоомжоо шинэчилж, цөмийн эрчим хүчийг нэн чухал гэдгийг хөрөнгө оруулагч нарт ойлгуулах шаардлагатай.

Дэвшилтэт цөмийн эрчим хүчний салбарыг бий болгох нь зайлшгүй шаардлагатай байгаа тухай дээрх санаануудыг тэрээр цохон тэмдэглэжээ.

Мөн тэрбээр “Миний 10 жилийн өмнө эхлүүлж байсан “TerraPower” ХХК нь аюулгүй, цөмийн зэвсгээс ангид, маш бага хаягдал гаргадаг traveling wave reactor (TWR) буюу жижиг овор хэмжээтэй, сэлгэн байршуулах боломжтой реакторын загварыг хөгжүүлж, уг төслөө Хятадад эхлүүлэх төлөвлөгөөтэй байсан ч саяхан гарсан хууль эрх зүйн зохицуулалтаас болоод энэ төлөвлөгөө маань нурсан.” хэмээн бичжээ.

“Цаг уурын өөрчлөлтийг зогсоох олон арга замыг дэлхий нийтээрээ эрэлхийлэх хэрэгтэй. Үүний нэг нь дэвшилтэт цөмийн эрчим хүч юм. Цаг уурын өөрчлөлтийг бууруулах үйл ажиллагаанд АНУ тэргүүлэх үүрэг гүйцэтгэнэ гэж би найдаж байна.” гэжээ.

“TerraPower” ХХК болон “CNNC” 2015 оны 9 дүгээр сард TWR-ыг цаашид хөгжүүлэх тухай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан бөгөөд “TerraPower” ХХК-ийн зүгээс удирдах зөвлөлийн дарга Лий Мак Интайр /Lee McIntire/, нөгөө талаас “CNNC”-ын ерөнхийлөгч Киан Зимин /Qian Zhimin/ нар гарын үсэг зурсан. 1950-иад оны үед анх энэ загварын реакторын санаа гарж 1990-иэд оны эхэн үед загварыг нь боловсруулж, “TerraPower” ХХК-ийн охин компани болох “Intellectual Ventures” компани тус загварын патентыг авсан байдаг. TWR-ын түлшинд ядуурсан эсвэл байгалийн ураныг ашиглах бөгөөд натрийн хөргүүртэй хурдан нейтроны реактор юм.

Эх сурвалж: http://www.world-nuclear-news.org