Хөгжиж буй орнуудын судлаач, эрдэмтдийн судалгааны ажлын цаашдын үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилго бүхий Олон улсын онолын физикийн хүрээлэн (ICTP)-г Нобелийн шагналт профессор Абдус Салам 1964 онд үүсгэн байгуулжээ. (2019-03-04 09:11:00)

Мэдээ

Гадаад орчны цацрагийн хяналт хийх шаардлага, дозиметр ашиглалтын талаар мэдээлэл олголоо

Гадаад орчны цацрагийн хяналт хийх шаардлага, дозиметр ашиглалтын талаар мэдээлэл олголоо

Цаг уур, орчны шинжилгээний газраас 2019 оны 03-р сарын 18-21 өдрүүдэд зохион байгуулж буй “Цаг уур, орчны шинжилгээний газрын орчны хяналт шинжилгээний салбарын ажилтнуудыг чадавхжуулах” сэдэвт семинарт Цөмийн энергийн комиссын Ажлын албанаас “Гадаад орчны цацрагийн хяналт хийх шаардлага, дозиметр ашиглалт” сэдвээр сургалт явуулж, мэдээлэл олголоо. Тус семинарт 21 аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн дарга нар болон Байгаль орчны шинжилгээний лабораторийн эрхлэгч нарын 50 гаруй албан хаагчид оролцож байна.

Уг сургалтаар ионжуулагч цацрагийн талаарх ойлголт, цөмийн технологийн хэрэглээ, Дэлхийн цөмийн эрчим хүчний чиг хандлага, ОХУ, БНХАУ-д ашиглагдаж буй болон шинээр баригдаж буй цөмийн эрчим хүчний станцуудын талаар мэдээлэл хийсэн. Мөн гадаад орчны цацрагийн хяналт хийхэд ашиглагдаж буй дозиметрийн зөв зохистой ашиглалт болон Цөмийн энергийн комиссын Ажлын албаны Дозиметрийн тохируулга, баталгаажуулалтын үйл ажиллагааны талаар танилцууллаа.

Гадаад орчны цацрагийн хяналтын хэмжилтүүдийг Монгол Улсын 21 аймгийн 36 өртөөнд өглөөний 08:00 болон өдрийн 14:00 цагуудад тогтмол хийж, Байгаль орчны мэдээллийн сангийн Гадаад орчны цацрагийн түвшний мэдээллийн санд тухай бүр оруулан ажилладаг бөгөөд Дозиметрийн тохируулга, баталгаажуулалтын лаборатори нь уг хэмжилтэд ашиглагдаж буй дозиметрүүдийг жил бүр шалгаж, баталгаажуулан, хэмжлийн нэгдмэл байдлыг ханган ажилладаг.