Цөмийн энергийн комиссын Ажлын албаны Тамгын газарт дараах нээлттэй ажлын байранд сонгон шалгаруулж авна. (2019-11-01 07:59:00)

Гадаад мэдээ

Дэлхийн усны өдөр 2019: “Бүгдээрээ хамт явъя”

Дэлхийн усны өдөр 2019: “Бүгдээрээ хамт явъя”

Яагаад дэлхий даяар мянга мянган хүн гэрээсээ цэвэр ус хэрэглэх боломжгүй нөхцөлд амьдарсаар байгааг онцолсон 2019 оны Дэлхийн усны өдрийг – “Бүгдээрээ хамт явъя” (Leaving no one Behind) гэсэн уриан доор зохион байгуулжээ. Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)усны чанар, хүрэлцээг нэмэгдүүлж, менежментийг сайжруулахын тулд усны хэрэгцээгээ бүрэн хангаж чадахгүй байгаа улс орнуудтай хамтран ажиллаж байгаа бөгөөд тэдгээр улсууд 2030 он гэхэд цэвэр, найдвартай усны эх үүсвэртэй болоход дэмжлэг үзүүлж байна.

ОУАЭА-аас “Усны хүртээмжийг нэмэгдүүлэх нь”  (IWAVE) сэдэвт төслийг санаачлан хэрэгжүүлж байгаа бөгөөд тус төслийг хэрэгжүүлснээр эрдэмтэд болон бодлого боловсруулагчид усны найдвартай эх үүсвэрүүдийг тодорхойлж, тэдгээрт тохирох арга хэрэгслээр усны менежментийг сайжруулах боломжийг бий болгож байна. Одоогийн байдлаар Африк, Латин Америк, Азийн нийт 15 орон тус төслийг хэрэгжүүлж, усны менежментийг сайжруулах арга хэрэгслийг нэвтрүүлж байна. Эдгээр улсад төслийн хэрэгжилтийн явц өөр өөр шатанд явж байгаа хэдий ч, зарим орон тодорхой үр дүнд хүрсэн.

Нигер Улс нь Африк тивийн хамгийн их хүн амтай, эдийн засгаар тэргүүлэгч орон бөгөөд тус улсад ундны усны хомсдол, бохирдлын асуудал маш хурц тавигдаж байгаа учраас ОУАЭА 2019 оны эхээр Нигер улсын “Ус судлалын хүрээлэн”-тэй хамтран дээрх төслийн ээлжит хуралдааныг зохион байгуулж, усны салбарын өндөр албан тушаалтнууд, сайд, бодлого боловсруулагчид, эрдэмтэн, судлаачид зэрэг 130 гаруй төлөөллүүдийг оролцуулжээ.

Нигерийн Засгийн газраас гадаргын болон гүний усны хадгалалт, зүй зохистой хэрэглээ, усны менежмент чиглэлээр хууль эрх зүйн орчин, бодлого, зохицуулалтыг сайжруулах зорилгоор “Үндэсний усны эх үүсвэрүүдийн жагсаалт”-ыг 2016 онд шинэчлэн гаргажээ. Үүнээс улбаалан, ОУАЭА-аас тус улсын усны бодлогыг дэмжин изотопын аргыг ашиглан усны менежментийг сайжруулахаар IWAVEтөслийг өнгөрсөн оноос хэрэгжүүлж эхэлжээ.  

Улс орнууд газар зүйн байршил, цаг уур, аж үйлдвэрийн хөгжил, хүн ам зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалан устай холбоотой олон янзын асуудалтай тулгардаг. Усны хэрэгцээг бүрэн хангахын тулд тэдгээрийн эх үүсвэр, хүрэлцээт нөөц, хүн амын усны хэрэгцээ, цаг уурын өөрчлөлт зэргийг тооцоолох шаардлагатай байдаг. IWAVEтөсөл нь дээрх асуудлуудыг шийдэх шинжлэх ухааны үндэслэлтэй хариулт олоход туслахаас гадна, усны менежментийг сайжруулах арга аргачлалыг санал болгодог. Ялангуяа, изотопын аргыг ашиглан газрын гүний усны судалгаа хийснээр усны гарал үүсэл, тэжээгдэх хурд, насжилт зэргийг нарийвчлан тодорхойлох боломжтой болдог.

НҮБ-аас гаргасан “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал – 6”-д бүх нийтийг 2030 он гэхэд найдвартай, цэвэр усаар хангана хэмээн тусгасан байдаг хэдий ч, “Дэлхийн усны институт”-ээс хийсэн судалгаагаар 2030 онд дэлхий даяар нийт 700 сая хүн усны хомсдолтой байхаар байна. Иймээс, Дэлхийн усны өдрөөр хөндсөн гол асуудал нь: цэвэр устай холбоотой бэрхшээлийг хэрхэн даван туулах вэ гэдэгт оршиж байлаа.                                

Дэлгэрэнгүй мэдээллийг: https://www.iaea.org/newscenter/news/world-water-day-2019-leaving-no-one-behind