Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-аас “Цөмийн аюулгүй байдлын ирээдүй” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг залуу эрдэмтэн, судлаачдын дунд зарлаж байна. ОУАЭА-аас “Цөмийн аюулгүй байдал: Тогтворжуулах ба бэхжүүлэх хүчин чармайлт” сэдэвт олон улсын бага хурлыг 2020 оны 02 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Австри Улсын Вена хотноо зохион байгуулна. Хурлаар улс орнуудын цөмийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, цөмийн аюулгүй байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, ОУАЭА-ийн цөмийн аюулгүй байдлын удирдамж, сайн туршлагуудыг дэмжих, цөмийн аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлэх цаашдын арга хэмжээнүүдийг боловсронгуй болгох талаар хэлэлцэнэ. (2019-05-23 07:22:00)

Гадаад мэдээ

Канад Улс дахь ураны хайгуул ба Атабаскагийн сав газар

Канад Улс дахь ураны хайгуул ба Атабаскагийн сав газар

Дэлхийн эрч хүчний ирээдүйн чиг хандлага нь Канад Улсын ураны хайгуулын салбарт тааламжтай нөхцөл бий болгохоор байна. Дэлхийн улс орнууд нүүрстөрөгчийн хий ялгаруулахгүйгээр эрчим хүчний чадавхыг нэмэгдүүлэхийг эрмэлзэж байгаа бөгөөд хөгжиж буй болон хөгжингүй орны Засгийн газрууд цөмийн эрчим хүч ашиглах асуудлыг эргэн харж байна. 2019 оны 02 дугаар сарын байдлаар дэлхийн хэмжээнд 50 орчин цөмийн эрчим хүчний станц баригдаж байгаа бөгөөд эрчим хүчний чадал өсөхийн хэрээр цөмийн эрчим хүчний станцад ашигладаг түлш буюу ураны эрэлт нэмэгдэхээр байгаа юм.

Хойд Саскачеван, Алберта муждаа ураны нөөцөөр баялаг Канад Улсын хувьд ураны эрэлт өсч буй энэхүү хандлага нь таатай мэдээ юм. Дэлхийн уран олборлолтын 15.5 хувийг бүрдүүлдэг дээрх 2 мужийг хамарсан Атабаскагийн сав газар нь дэлхийн эрчим хүчний зах зээл дэх тус улсын тогтвортой байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг байна.

Цөмийн эрчим хүч- ураны эрэлт хэрэгцээг тодорхойлдог

Олон улсын эрчим хүчний агентлагийн мэдээлснээр цөмийн эрчим хүчний үйлдвэрлэл тогтвортой нэмэгдэж байгаа бөгөөд 2040 он гэхэд 46 хувиар нэмэгдэж нүүрс, байгалийн хийг орлох хэмжээ нь нэмэгдэх аж. Харин энэхүү өсөлтийн 90 хувийг үсрэнгүй хөгжиж буй 2 улс болох БНХАУ, БНЭУ бүрдүүлнэ гэжээ.

Түүхий эдийн нийлүүлэлтийн асуудал нь мөн ураны салбарт боломж нээн өгч байна. Тухайлбал дэлхийд хамгийн их уран олборлодог Казахстан Улс 2017 оны сүүлээр 3 жилийн хугацаанд олборлолтоо 20 хувиар бууруулахаа мэдэгдээд байгаа юм.

Ураны шар нунтаг (исэл)-ийн үнэ 2017 онд буурсан ч 2018 оноос өсч эхэлсэн бөгөөд 2018 оны 10 дугаар сарын үнийг 2017 оны жилийн эцэстэй харьцуулахад 23 хувиар өсчээ. Ойрын ирээдүйд эрэлт нэмэгдэхтэй холбогдуулан энэхүү тогтвортой өсөлт нь 2019 онд ч үргэлжлэх төлөвтэй байна.

Хайгуулын салбарт үйл ажиллагаа явуулдаг Канадын “Azincourt Energy” компанийн Гүйцэтгэх захирал Alex Klenman хэлснээр “Бүтээгдэхүүний урт хугацааны эрэлт хэрэгцээг хангах зорилгоор хөрөнгийн сангууд, үйлдвэрлэгчид нээлттэй зах зээлд орж ирж байгаагийн улмаас эрэлт нь нийлүүлэлтэд хурдан нөлөөлж, ураны салбарын эрэлт-нийлүүлэлтийн динамик нь онцгой ялгарч байна. Спот үнийн өсөлт үргэлжлэх олон шалтгаан бий бөгөөд түүхийг жишээн дээрээс харахад үнийн огцом өсөлт ч болох боломжтой” гэжээ.

Канад дахь ураны хайгуул

Канад Улсын Хойд Саскачеван, Алберта мужийн 100,000 км2 газар нутгийн хамарсан Атабаскагийн сав газар нь зуугаас мянган метр үргэлжлэх элсэн чулуунд агуулагдсан өндөр агууламжтай 10-15 ураны ордуудыг багтаасан хотгор юм.

Тус хотгорт Phoenix, McArthur River and Cigar Lake зэрэг 15-20 хувийн агууламжтай томоохон ордууд орших бөгөөд Канад улсад хайгуулын үйл ажиллагаа явуулах бол хамгийн түрүүнд анхаарлаа хандуулах газар нь тус сав газар юм.

Канад Улсад 1934 онд анх уран олдсон байдаг бөгөөд дэлхийн II дайны дараа Засгийн газраас хувийн компаниудад хайгуул, олборлолт явуулах зөвшөөрөл олгосноор уран нь Саскачеван мужийн экспортын голлох бүтээгдэхүүний нэг болжээ. Анхны томоохон орд Rabbit Lake-ийг 1968 онд илрүүлсэн ба 25 жилийн хугацаанд 54.4 мянган тонн уран олборложээ. Тус бүс нутагт өнөөдөр 18 ордын хэмжээнд 700 мянган тонн ураны нөөцтэй гэж тооцоолжээ.

Цөмийн эрчим хүчний салбарт өндөр агууламжтай ураны эрэлт их байдаг бөгөөд энэ нь Атабаскагийн сав газарт үйл ажиллагаа явуулж буй компаниудын хувьд давуу тал болдог ба томоохон компаниуд тус сав газарт өөрсдийн оролцоог нэмэгдүүлэхийг эрмэлздэг байна.

Эрчим хүчний талбарт цөмийн эрчим хүчний эзлэх хувь нэмэгдэхийн хэрээр Канад Улс болон тус улсын уран олборлогчдод ашигтай болж байна. Тухайлбал, “Канадын цөмийн баримт мэдээ-2019” номд орсноор ураны экспорт эдийн засагт нь 1.2 тэрбум долларын орлого оруулах бөгөөд 2012 оноос аажмаар өсч буй олборололтын хэмжээ нь 2020 он гэхэд 2 дахин нэмэгдэнэ гэжээ. Уран олборлогч бусад томоохон орнууд олборлолтоо бууруулж байгаа үед Канад Улс олборлолтоороо дахин тэргүүлэгч орон болох боломжтой бөгөөд ирээдүйд эрчим хүчний зах зээлд тус улсын байр суурийг хадгалах голлох хүчин зүйл бол улсын ураны нөөц юм гэжээ.

Дүгнэлт

Дэлхийн улс орнууд нүүрстөрөгч үл ялгаруулах эрчим хүчний шийдлийг хайж буй энэ үед эрчим хүчний хэрэглээгээ хангахад цөмийн эрчим хүч ашиглах чиглэлд илүү анхаарлаа хандуулж байна. Цөмийн эрчим хүч ашиглах орны тоо нэмэгдэхийн хэрээр ураны эрэлт нэмэгдэх боломжтой. Энэ үед Канад Улсад ураны хайгуул явуулж, Атабаскагийн сав газарт хөрөнгө босгож буй компаниудын хувьд дэлхийн хамгийн өндөр ураны агууламжтай ордыг эзэмшиж буйн ач холбогдол нь илүү нэмэгдэх юм.

Эх сурвалж: https://investingnews.com/innspired/uranium-exploration-athabasca-basin-canada/