Цөмийн энергийн комиссын Ажлын албаны Тамгын газарт дараах нээлттэй ажлын байранд сонгон шалгаруулж авна. (2019-11-01 07:59:00)

Мэдээ

Улсын физикийн 32 дугаар олимпиад “Оюуны дэвшилд хамтдаа” уриан дор амжилттай явагдлаа

Улсын физикийн 32 дугаар олимпиад “Оюуны дэвшилд хамтдаа” уриан дор амжилттай явагдлаа

Улсын физикийн 32 дугаар олимпиад (УФО-32) 2019 оны 4-р сарын 23-26 өдрүүдэд Өмнөговь аймгийн төвд “Оюуны дэвшилд хамтдаа” уриан дор амжилттай явагдлаа.

Олимпиадын үеэр Даланзадгад сумын 5-р сургуулийг Ардын багш О.Отгонсүрэнгийн нэрэмжит болгосонтой холбоотой ёслолын арга хэмжээ болсон.

Тус олимпиадад 9-р ангийн 47, 12-р ангийн 47 сурагч, багшийн төрөлд 48 багш өрсөлдлөө. Мөн ОХУ–ын Буриад улсаас 2 багштай баг 3 дахь удаагаа оролцож арга туршлагаа хуваалцав.

Профессор Д.Монхорын нэрэмжит “Физикчдийн халз тэмцээн” болж, 10 гаруй баг өрсөлдөж, ЕБС –ийн багш нарын Б.Түвдэндорж ахлагчтай баг түрүүлжээ.


Зураг 2. 5-р сургуулийн физикийн лаборатори

Олимпиадыг БСШУСЯ, Өмнөговь аймгийн ЗДТГ-ын ивээл дор Улсын физикийн олимпиадын хороо, Өмнөговь аймгийн Боловсрол, соёлын удирдах газар, Даланзадгад сумын 1, 5 дугаар сургууль хамтран зохион байгууллаа. Цөмийн Энергийн Комисс, “Даржаагийн Чүлтэм сан” олимпиадыг дэмжигч  байгууллагаар ороцсон.

Улсын физикийн 32 дугаар олимпиадын үйл ажиллагаанд ЦЭК-ын Ажлын албаны дарга Г.Манлайжав, ахлах ажилтан С.Даваа нар оролцсон байдлыг танилцуулбал:

Даланзадгад сумын 5 дугаар бүрэн дунд сургуулийг Цөмийн энергийн комиссын анхны нарийн бичгийн дарга агсан, Ардын багш О.Отгонсүрэнгийн нэрэмжит болгох ёслолын арга хэмжээнд оролцож, Г.Манлайжав үг хэлж, тус сургуульд БСШУСЯ болон ЦЭК-ын нэрийн өмнөөс компьютер, сургалтын зориулалттай цацрагийн тун хэмжүүр бэлэглэв.

Зураг 3. шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Д.Чүлтэмийн нэрэмжит шагнал гардуулах ёслол

Олимпиадын хаалтын үйл ажиллагаан дээр ЦЭК-ын орлогч дарга агсан, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Д.Чүлтэмийн нэрэмжит шагналыг “Шинэ Монгол” БДС-ийн зөвлөх, улсын гавьяат багш Г.Баасанжав, МУИС-ийн зөвлөх профессор Г.Батсүх нарт гардуулсан. Энэ хоёр багш 30 гаруй жил улсын болон олон улсын физикийн олимпиадад сурагчдыг бэлтгэж, тодорхой амжилт гаргасан, Монгол Улсад физикийн сургалт, физик боловсролыг хөгжүүлэхэд үлэмж хувь нэмэр оруулсны төлөө энэхүү шагналтыг олгохоор “Чүлтэм сан”-гийн Удирдах зөвлөл шийдвэрлэсэн юм.

С.Даваа олимпиадад оролцсон ахлах ангийн сурагчид болон дасгалжуулагч багш нарт “Цөмийн физикийн шинжлэх ухаан материйн орон зай, цаг хугацааны гүн рүү нэвтрэх нь” сэдвээр тус бүр нэг цагийн лекц уншиж, цөмийн физикийн ололт амжилтыг сурталчилж, цөмийн физикийн мэргэжлээр элсэн суралцахыг сурталчилсан.

Цөмийн физикч О.Отгонсүрэнгийн нэрэмжит болсон 5-р сургуулийн захирал болон 2020 онд Улсын физикийн 33-р олимпиадыг зохион байгуулахаар Физикийн олимпиадын шилжин явах тугийг хүлээн авсан Ховд аймгийн төлөөлөгч багш нартай уулзаж, цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцав.

Монголын баг 5 сард Австрали улсад болох Азийн Физикийн 18 дугаар олимпиад, 7 сард Израйль улсад болох ОУФ-ийн 50 дугаар олимпиадад оролцохоор бэлтгэлээ хийж байна.