Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-аас “Цөмийн аюулгүй байдлын ирээдүй” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг залуу эрдэмтэн, судлаачдын дунд зарлаж байна. ОУАЭА-аас “Цөмийн аюулгүй байдал: Тогтворжуулах ба бэхжүүлэх хүчин чармайлт” сэдэвт олон улсын бага хурлыг 2020 оны 02 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Австри Улсын Вена хотноо зохион байгуулна. Хурлаар улс орнуудын цөмийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, цөмийн аюулгүй байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, ОУАЭА-ийн цөмийн аюулгүй байдлын удирдамж, сайн туршлагуудыг дэмжих, цөмийн аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлэх цаашдын арга хэмжээнүүдийг боловсронгуй болгох талаар хэлэлцэнэ. (2019-05-23 07:22:00)

Гадаад мэдээ

АНУ, БНКазУ-ын ураны олборлолт буурчээ

АНУ, БНКазУ-ын ураны олборлолт буурчээ

2019 оны эхний улирлын байдлаар БНКазУ-ын “Казатомпром” ХК-ийн уран олборлолтын хэмжээ өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 4 хувиар буурсан бөгөөд цаашид олборлолтын хэмжээг үргэлжлүүлэн бууруулах төлөвлөгөөтэй байгаа аж. Үүний зэрэгцээ АНУ-ын ураны олборлолт ч 2018 оны мөн үетэй харьцуулахад 74 хувиар буурчээ.

Казатомпром ХК-ийн 2019 оны I улирлын тайлангаас

“Казатомпром” ХК-ийн хувь оролцоотой компаниудын нийт олборлолт 2018 оны эхний улиралд 5,528 тонн байснаа энэ жилийн I улиралд 5,294 тонн болж 4 хувь буурсан боловч тус компанийн эзэмшилд ногдох олборлолтын хэмжээ 2,911 тонноос 3,063 тонн болж, 5 хувиар нэмэгджээ. Тус компанийн I улирлын тайланд дурдсанаар борлуулалтын хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад буурсан ба харин борлуулалтын дундаж үнэ 2018 оны I улиралтай харьцуулахад 16 хувиар өссөн буюу 59.11 ам.доллар/кг (26.78 ам.доллар/фунт) болсон байна.

“Казатомпром” ХК-иас 2018-2020 онд олборлолтын хэмжээг 20 хувь бууруулахаа зарлаад байсан бөгөөд энэ хүрээнд олборлолтын хэмжээг одоо байгаа түвшинд нь хадгална гэж мэдэгджээ. Тайланд дурдсанаар 2019 онд 22,750-22,800 тонн уран олборлохоор төлөвлөжээ.

Тус компани нь 2018 оны байдлаар дэлхийн уран олборлолтын 23 хувийг бүрдүүлсэн бөгөөд охин компани болон хамтарсан компаниудаар дамжуулан Казахстан Улсад 26 орд, 13 уурхайд үйл ажиллагаа явуулдаг дэлхийн томоохон олборлогч компани болоод байна. Ураны бүх уурхайдаа газрын дор уусган олборлох арга (in-situ leaching)-ыг ашиглаж байгаа аж.

АНУ дахь олборлолт

АНУ-ын Эрчим хүчний мэдээллийн албаны мэдээллээр тус улсад 2019 оны I улирлын байдлаар 26.5 тонн шар нунтаг (U3O8) олборлосон нь 2018 оны I улиралтай харьцуулахад 74 хувиар, IV улиралтай харьцуулахад 83 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна. Вайоминг мужид байрлах 4 уурхайгаас газрын дор уусган олборлох аргаар дээрх ураныг олборложээ.

АНУ-ын Худалдааны яамнаас явуулсан ураны импорт нь тус улсын үндэсний аюулгүй байдалд хэрхэн нөлөөлж буй талаарх мөрдөн шалгах ажиллагааны тайлангийн хүрээнд Ерөнхийлөгч Доналд Трамп цаашид ямар арга хэмжээ авахыг уран олборлогчид хүлээсээр байна. 2018 оны 1 дүгээр сард “Energy Fuels”, “Ur-Energy” компаниуд Худалдаа өргөжүүлэх тухай 1962 оны хуулийн 232 дугаар хэсгийг үндэслэн Худалдааны яаманд мөрдөн шалгах ажиллага явуулах хүсэлт гаргасан бөгөөд АНУ-ын ураны хэрэглээний 25 хувийг дотоодоос нийлүүлэх шийдвэрийг гаргуулах зорилготой аж.

Дээрх улсууд ураны олборлолтоо бууруулах болсон шалтгааныг БНКазУ ураны үнийг урт хугацаанд тогтвортой барих хүрээнд олборлолтоо бууруулах болсон бол АНУ-ын хувьд ураны импортод явуулсан мөрдөн шалгах ажиллагааны үр дүн хэрхэн гарах нь олборлогчдыг хүлээлтэнд оруулсан гэж үзэж болохоор байна

Шар нунтгийн үнэ

Шар нунтгийн зах зээлийн үнэ сүүлийн 3 жилийн хамгийн дээд цэгтээ буюу энэ оны 1 дүгээр сард 1 кг нь 64 ам.доллар (1 фунт нь 29 ам.доллар) хүрснээсээ хойш аажмаар буурсаар улирлын эцэст 1 кг нь 55.9 ам.доллар (1 фунт нь 25.33 ам.доллар) хүрээд байна. Хэдийгээр улирлын эхэнд зах зээлийн идэвхжил сул байдаг ч АНУ-ын Худалдааны яамнаас явуулсан мөрдөн шалгах ажиллагааны үр дүн ил биш, цаашид ямар шийдвэр гарах нь тодорхой бус байгаа нь үнийн уналтыг даамжруулжээ. Түүнчлэн үнийн буурах хандлагыг ажигласан зах зээлийн арилжаалагчид 2018 онд хямд үнээр худалдаж авсан бараагаа буцаан зарах болсон нь үнийн уналтын бас нэг шалтгаан болсон байна.

Цөмийн эрчим хүч, ураны салбарт зах зээлийн судалгаа хийх, зөвлөх үйлчилгээ үзүүлдэг UxC компанийн мэдээлснээр I улирлын байдлаар 39,293.5 тонн шар нунтаг (U3O8) арилжаалагдсан нь 2018 оны мөн үетэй харьцуулахад 30 хувь илүү байгаа  аж. Арилжааны дундаж үнэ  1 кг нь 62.05 ам.доллар байсан нь өнгөрсөн жилээс 20 хувиар нэмэгдсэн байна.

Урт хугацааны гэрээний үнийн хувьд улирлын турш 1 кг нь 70.64 ам.доллар байсан бөгөөд дээр дурдсан мөрдөн шалгах ажиллагааны үр дүнгээс гарах шийдвэрийн тодорхойгүй байдлаас шалтгаалж урт хугацааны гэрээний үнэ бага байх зураглал ажиглагдаж байна гэжээ.

Эх сурвалж:

1. https://www.world-nuclear-news.org/Articles/Quarterly-uranium-output-decreases-in-Kazakhstan-a

2.https://www.kazatomprom.kz/ru/media/view/kazatomprom_19q1_operations_and_trading_update