Цөмийн энергийн комиссын Ажлын албаны Тамгын газарт дараах нээлттэй ажлын байранд сонгон шалгаруулж авна. (2019-11-01 07:59:00)

Мэдээ

“Олон улсын шинэ эрчим хүчний чуулган 2019” Улаанбаатар хотноо боллоо

“Олон улсын шинэ эрчим хүчний чуулган 2019”  Улаанбаатар хотноо боллоо

Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбоо (MRIA)-ны санаачилгаар, Байгаль Орчин Аялал Жуулчлалын Яам, Эрчим Хүчний Зохицуулах Хороо, Дэлхийн Салхины Эрчим Хүчний Зөвлөл (GWEC), Даян Дэлхийн Ногоон Хөгжлийн Байгууллага (GGGI), Даян дэлхийн байгаль орчин стратеги судлалын хүрээлэн (IGES) –уудын дэмжлэгтэйгээр “ОЛОН УЛСЫН ШИНЭ ЭРЧИМ ХҮЧНИЙ ЧУУЛГАН” 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотноо болж өнгөрлөө.

Тус чуулганаар ногоон бодлого, ногоон хотжилт, ногоон технологи гэсэн үндсэн гурван сэдвийн хүрээнд мэргэжлийн шинжээчид илтгэл танилцуулж,тус сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, Монгол Улсад хэрэгжүүлж болох олон улсын техник технологийн шийдлийн талаар хөндөв. Энэ хүрээнд эрчим хүчний салбараас байгаль орчинд нөлөөлж буй нөлөөллийг бууруулахад олон улсад нэвтрүүлж буй туршлага, дэвшилтэт технологийг сэргээгдэх эрчим хүчний мэргэжилтэн танилцуулж, түүнийг Монгол улсад нутагшуулах замаар “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай нэгдсэн үндэстний байгууллагын суурь конвенцийн Парисын хэлэлцээр”-т өгсөн Монгол улсын амлалтыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн юм.

Уур амьсгалын өөрчлөлт нь дэлхий нийтийн өмнө тулгарч буй хамгийн том асуудал болоод байна. Эрчим хүчний салбарт нүүрс болон бусад шатах түлшээр ажилладаг цахилгаан, дулааны станцууд хүлэмжийн хийг ихээр ялгаруулах, агаарын бохирдлыг үүсгэх зэрэгт голлох хувийг эзэлж байна. Нүүрсний утаа нь хүн төрөлхтөнд асар их хор хөнөөл учруулж байгаа тул дэлхийн ихэнх улс орнууд нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулах, хориглох зорилгоор нүүрсний станцын тоог цөөлөх, үйлдвэрлэсэн цахилгааны үнийг нэмэх, торгуулийн үнэ тогтоох зэрэг төрөл бүрийн хориг арга хэмжээ авч эхлээд байна.

2015 онд агаарын температурын өсөлтийг 1.5 хэмээр хязгаарлаж, 2 хэмээс доош барих зорилтод хүрэхийн тулд Парис хотноо болсон НҮБ-ын уур амьсгалын суурь конвенцийн Талуудын 21 дүгээр бага хурлаар  дэлхийн 197 орны 50 мянган төлөөлөгчид чуулж, сэргээгдэх эрчим хүчний хөгжлийг эрчимтэйгээр дэмжиж ажиллахаа албан ёсоор мэдэгдсэн. Монгол Улс нүүрсхүчлийн ялгарлыг 2030 он гэхэд, 2014 оны түвшинтэй харьцуулахад 14 хувиар бууруулах зорилт дэвшүүлсэн юм.

Монгол Улсын нийгэм эдийн засгийг хөгжүүлэх урт хугацааны бодлогын баримт бичиг “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”-д Нийт эрчим хүчинд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувийгнэмэгдүүлж, эрчим хүчний шинэ эх үүсвэрийг ашиглах бэлтгэлийг хангана гэж заасан байдаг. Үүнд:

  • I үе шат (2016-2020): Нийт эрчим хүчинд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувийг 20-д хүргэх, цөмийн эрчим хүч ашиглах бэлтгэл ажлыг хангах.
  • II үе шат (2021-2025): Нийт эрчим хүчинд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувийг 25-д хүргэх, цөмийн эрчим хүч ашиглах бэлтгэл ажлыг бүрэн хангах.
  • III үе шат (2026-2030): Нийт эрчим хүчинд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувийг 30-д хүргэх, цөмийн эрчим хүч ашиглаж эхлэх.

Дэлгэрэнгүй мэдээллийг: http://www.mongolianminingjournal.com/a/70581 https://www.montsame.mn/mn/read/190451