Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-аас “Цөмийн аюулгүй байдлын ирээдүй” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг залуу эрдэмтэн, судлаачдын дунд зарлаж байна. ОУАЭА-аас “Цөмийн аюулгүй байдал: Тогтворжуулах ба бэхжүүлэх хүчин чармайлт” сэдэвт олон улсын бага хурлыг 2020 оны 02 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Австри Улсын Вена хотноо зохион байгуулна. Хурлаар улс орнуудын цөмийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, цөмийн аюулгүй байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, ОУАЭА-ийн цөмийн аюулгүй байдлын удирдамж, сайн туршлагуудыг дэмжих, цөмийн аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлэх цаашдын арга хэмжээнүүдийг боловсронгуй болгох талаар хэлэлцэнэ. (2019-05-23 07:22:00)

Европын холбооны төслийг 2.5 жилийн хугацаанд амжилттай хэрэгжүүллээ

Европын холбооны төслийг 2.5 жилийн хугацаанд амжилттай хэрэгжүүллээ

“Монгол Улс, Европын холбоо хоорондын түншлэл хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийг 2010 оны 12 дугаар сард Улаанбаатар хотноо үзэглэсэн байдаг. Европын холбооны “Цөмийн аюулгүй байдлын хамтын ажиллагааны хөтөлбөр /INSC/ ”-ийн хүрээнд Монгол улсад дараах 3 төсөл хөтөлбөрийг амжилттайгаар хэрэгжүүлээд байна. Үүнд:

REG4.01/10 “Төв Азийн орнуудад ашигласан ураны орд газрын нөхөн сэргээлт, цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын асуудалтай холбоотой эрх зүйн орчныг боловсронгуй болгох, боловсон хүчин бэлтгэх”

MN3.01/11 “Ураны олборлолт, боловсруулалтын үйл ажиллагаатай холбоотой хяналтын эрх зүйн орчныг бэхжүүлэх”

MN3.01/12 “Цөмийн болон цацрагийн аюулгүй байдал, цөмийн баталгааны эрх зүйн орчныг бэхжүүлэх” зэрэг тус тус болно.

REG4.01/10 төсөл нь орхигдсон ураны уурхайн нөхөн сэргээлтийг гүйцэтгэхэд шаардагдах эрх зүйн орчныг боловсронгуй болгох хүний нөөц болон мэргэшлийн чадавхийг бий болгох зорилгоор 2011-2014 онд Монгол Улсаас гадна Казакстан, Киргизстан, Тажикистан, Туркменстан, Узбекстан зэрэг улсуудад тус тус хэрэгжсэн. 2013-2016 онд хэрэгжсэн MN3.01/11 төслийн хүрээнд Ураны олборлолт, боловсруулалтын цацрагийн аюулгүй ажиллагааны дүрмийг боловсруулж, Цөмийн болон цацрагийн аюулгүй ажиллагааг хангуулах мэргэжилтнүүд, хяналтын боловсон хүчнийг сургаж бэлтгэсэн.

 “Цөмийн болон цацрагийн аюулгүй байдал, цөмийн баталгааны эрх зүйн орчныг бэхжүүлэх” сэдэвт төсөл нь Цөмийн болон цацрагийн аюулгүй ажиллагаа, цөмийн баталгаа, цацрагийн ослын бэлэн байдал, болзошгүй ослын үед хариу арга хэмжээ авах чадамжийг бэхжүүлэх, Европын холбоо болон Олон улсын стандарт, зөвлөмжийн дагуу цацрагтай холбоотой үйл ажиллагаанд мөрдөх стандарт, норм, дүрэм, журмыг боловсруулах зорилгоор 2016-2018 онд амжилттай хэрэгжиж өндөрлөөд байна.

Уг төслөөр GRS, IRSN, WISUTEC,DSL зэрэг байгууллагын экспертүүдээс бүрдсэн RISKAUDIT байгууллага болон Монгол Улсын цөмийн болон цацрагийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааг хангуулах чиг үүрэг бүхий холбогдох төрийн байгууллагын мэргэжилтнүүд хамтран 7 зорилт, даалгаварт ажлуудыг хийж гүйцэтгэсэн.

Төслөөр цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагаа, хаягдлын менежмент, ослоос сэргийлэх бэлэн байдлын төлөвлөгөө, эзэнгүй үүсгүүрийг илрүүлэх, радон хяналтын төлөвлөгөө, цацраг идэвхт материалын хяналт, Циклотрон, ПЕТ/КТ, шугаман хурдасгуурын чанарын хяналт, хэмжилт хийх зөвлөмж, цөмийн материалын бүртгэл зэрэг 17 баримт бичиг боловсруулж, төрийн байгууллагын 11 албан хаагчийг Герман, Франц, Унгар, Румин, Люксембург зэрэг Европын орнуудад дадлагажих сургалтад хамруулан бэлтгэсэн байна. Мөн Монгол улсад 15 сургалт, семинар зохион байгуулж, нийт 400 гаруй албан хаагчийг хамруулан бэлтгэсэн байна.

Хурлаар бид бүхэн энэхүү MN3.01/12 төслийн үр дүнг хэлэлцэж, дээрх 7 зорилтуудын хүрээнд авч хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, гүйцэтгэлийг үнэлэн, төслийн даалгаварт ажлуудад оролцсон холбогдох төрийн байгууллага, албан хаагчдад мэдээллэх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг солилцох юм.