Цөмийн энергийн комиссын Ажлын албаны Тамгын газарт дараах нээлттэй ажлын байранд сонгон шалгаруулж авна. (2019-11-01 07:59:00)

Дэлхийн хэмжээнд нүүрсхүчлийн хийн түвшин нэмэгдсэн тухай мэдээлжээ

Дэлхийн хэмжээнд нүүрсхүчлийн хийн түвшин нэмэгдсэн тухай мэдээлжээ

Агаар мандал дахь хүлэмжийн хийн ялгарлын хэмжээ дахин шинэ дээд хэмжээнд хүрлээ гэж Дэлхийн цаг уурын байгууллага (ДЦУБ)-аас мэдээлжээ. ДЦУБ-ын хүлэмжийн хийн албан ёсны мэдээлэл хэвлэгдэн гарснаар дэлхийн хэмжээнд нүүрсхүчлийн хий (CO2)-н ялгарал 2017 онд 405.8 ppm, 2018 онд 407.8 ppm болж өссөн байна. Дэлхийн хэмжээнд нүүрсхүчлийн ялгарлын хэмжээ 2015 онд 400 ppm хүрч “рекорд” тогтоогоод байсан юм.

Энэхүү нүүрсхүчлийн хийн ялгарлын хэмжээ ихэсч буй урт хугацааны хандлага нь ирээдүй хойч үеийнхэн агаарын температурын өсөлт, илүү эрс тэс уур амьсгал, усны дарамт, далайн түвшин дээшлэх, далайн болон хуурай газрын экосистемийн сөрөг нөлөө зэрэг уур амьсгалын өөрчлөлтийн хүчтэй нөлөөлөлтэй тулгарах болно гэдгийг ДЦУБ-аас онцлов.

НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн гүйцэтгэх захирал И.Андерсен хэлэхдээ: “ДЦУБ-аас эрхлэн гаргадаг Хүлэмжийн хийн мэдээлэл (Greenhouse Gas Bulletin ) болон НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн Утааны ялгарлын тайлан (Emissions Gap Report )-гийн дүгнэлт нь биднийг тодорхой чиглэл рүү буюу дэлхий нийтээрээ утааг бууруулах талаар тодорхой шат дараатай арга хэмжээ авах ёстойг анхааруулж байна. Бид уур амьсгалын өөрчлөлтөөр эрс өөрчлөгдөж буй дэлхий ертөнцтэй нүүр тулах эсвэл сая дурдсан өөрчлөлтийг сааруулах хөдөлгөөнийг өрнүүлэх гэсэн эрс шийдэлтэй тулгараад байна.

1990 оноос хойш хүлэмжийн хий 43%-иар өссөн нь уур амьсгалын дулааралд их нөлөөлсөн. Энэхүү хүлэмжийн хийн 80% орчмыг нүүрсхүчлийн хий эзэлж байгааг ДЦУБ-ын мэдээлэл дэх АНУ-ын Үндэсний далай тэнгис, агаар мандлын захиргааны байгууллагын тоо баримтад дурьдсан байна.

НҮБ-ын Байгаль орчны газраас нэмэлтээр буюу тусад нь эрхлэн гаргаж буй Утааны ялгарлын тайлан нь АНУ-ын Нью-Иорк хотноо энэ оны 9 сард болсон НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Уур амьсгалын үр нөлөөний дээд хэмжээний уулзалт (Climate Action Summit)-ын хүрээнд хэлэлцсэн асуудлуудыг эмхэтгэн хэвлэгдэх юм. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш хэлэхдээ “Дээд хэмжээний уулзалт эрч хүчийг нэмэгдүүлж, хамтын ажиллагаа, хүсэл эрмэлзлийг улам өргөжүүлсэн. Гэвч бидний явах зам урт” гэжээ. Үүнийг урагшуулах нэг гарц болох НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн бага хурал Чилийн ерөнхийлөгчийн ивээл дор Испанийн Мадрид хотноо 12 дугаар сарын 2-15-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

Эх сурвалж: http://www.world-nuclear-news.org/