Цөмийн энергийн комиссын Ажлын албанд дараах нээлттэй ажлын байранд сонгон шалгаруулж авна. (2020-05-28 04:08:00)

Гадаад мэдээ

Дэнисон компани Канад Улсын газрын дор уусган олборлох ураны төслийн хэтийн төлөвийг өөдрөгөөр харж байна.

Дэнисон компани Канад Улсын газрын дор уусган олборлох ураны төслийн хэтийн төлөвийг өөдрөгөөр харж байна.

       Дэнисон Майнс корпорацийн ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал Дэвид Катэс компанийнхаа 2019 оны үр дүнг танилцуулах үеэрээ Уилер Ривер төслийн Финикс ордод гүйцэтгэсэн ажлын үр дүнгээр газрын дор уусган олборлох (ГДУО) аргыг эрсдэлгүйгээр ашиглах боломжтойг мэдэгджээ.       

       Тус компани нь өнгөрсөн онд Финиксийн ГДУО технологид маш чухал техникийн үзүүлэлт болох Финикс ордын хүдрийн биетийн нэвчүүлэх чанарыг тодорхойлж баталгаажуулах зорилгоор ГДУОаргын хээрийн туршилтыг амжилттай гүйцэтгэжээ. Түүнчлэн Уилер Ривер ордын байгаль орчны үнэлгээний ажлыг эхлүүлж, 2019 оны 12 дугаар сард Канадын Цөмийн аюулгүй байдлын комиссоос төслийг хэрэгжүүлэх боломжтой гэсэн шийдвэрийг хүлээн авчээ. Туршилтын хүрээнд Атабаска сав газар анх удаа ГДУО аргаар уран олборлохоор цооногуудыг өрөмдөж тоноглосон байна. Туршилтыг үр дүнгээс харахад Финикс ордын хүдрийн биетийн талбайд гидравлик холбоос өндөр байгаа нь олборлолтын цооногууд дахь гидравлик дамжуулалтыг өндөр хэмжээнд хүргэх боломжтойг баталж байна гэж Катес хэлжээ.       

        Түүнчлэн Дэнисон Майнс корпорацийн энэ оны 2 дугаар сард хийсэн мэдээлэлд чөмгөн дээжний уусгалтын нарийвчилсан туршилтын дүн нь Финикс ордын ураны агуулгын урьдчилсан ТЭЗҮ-д тусгаснаас 4 дахин их болохыг харууллаа гэжээ. Өнөөдрийн байдлаар 2019 оны хээрийн туршилтаар өрөмдсөн цооногуудаас авсан чөмгөн дээжин дээр металлургийн туршилтын ажил явагдаж байгаа бөгөөд чөмгөн дээжний уусгалт, баганан уусгалт, лабораторийн туршилт болон металлургийн процессын загварчлалын ажлууд багтаж байна.

 

        Уилер Ривер орд нь Канад Улсын Саскачеван мужийн Атабаска сав газар дахь бүрэн нэгдээгүй байгаа томоохон ураны орд бөгөөд өндөр агуулга бүхий Финикс орд, Грифон ордуудаас бүрдэх ба нийт 50,812 тонн батлагдсан, 1,500 тонн таамаг нөөц тогтоогдоод байгаа аж.

        2018 онд боловсруулсан урьдчилсан ТЭЗҮ-д тусгаснаар Финикс ордыг ГДУО аргаар, Грифон ордыг уламжлалт гүний уурхайн аргаар олборлох ба 14 жилийн хугацаанд 54,700 тонн шар нунтаг олборлоно гэжээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосуудаас харна уу.

https://www.world-nuclear-news.org/Articles/Denison-sees-increasing-prospects-for-Canadian-ISL

https://www.denisonmines.com/projects/core-projects/wheeler-river-project/