Цөмийн энергийн комиссын Ажлын албанд дараах нээлттэй ажлын байранд сонгон шалгаруулж авна. (2020-05-28 04:08:00)

Гадаад мэдээ

Эмнэлгийн цацраг идэвхт изотопуудын түгээлтэд бэрхшээл тулгарчээ

Эмнэлгийн цацраг идэвхт изотопуудын түгээлтэд бэрхшээл тулгарчээ

Индонезийн Цөмийн Үндэсний Агентлагийн (ВАТАН) судлаач лабароторийн нөхцөлд  эмнэлгийн цацраг идэвхт  изотоп  бэлтгэж буй байдал. (Зургийн: М. Гаспар / ОУАЭА)

COVID-19  цар тахлын үед эмнэлгийн зориулалтаар ашиглагддаг цацраг идэвхт изотопын үйлдвэрлэл үргэлжилсээр буй хэдий ч түүний тээвэрлэлт, түгээлтийн хүндрэлээс болж эмнэлгүүдэд хомсдол үүсч болзошгүй байна. Үүнийг ОУАЭА-аас цацраг идэвхт эмийн изотоп үйлдвэрлэдэг судалгааны реакторуудын дунд явуулсан судалгаагааны дүн харуулж байна. Зарим хавдар, архаг өвчнийг оношлох, эмчлэхэд ашигладаг изотопоос гадна цацраг идэвхт изотопын багахан агуулгатай эм энэ ангилалд хамаардаг."Эмнэлгийн зориулалттай үйлдвэрлэлийг зогсоох шаардлагагүй гэж ихэнх улсын засгийн газрууд үзсэн учраас цацраг идэвхт изотопын үйлдвэрлэл хэвийн байгааг ОУАЭА-аас явуулсан судалгаагааны дүн харуулж байна" гэж  тус агентлагийн Судалгааны реакторуудын ашиглалт, засварын хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч Рам Шарма мэдэгджээ.

Эрүүл мэндийн салбарт чухал ач холбогдолтой цацраг идэвхт изотоп үйлдвэрлэдэг судалгааны реакторуудад коронавирусээс урьдчилан сэргийлэх түүний үр нөлөө, тархалтыг бууруулах зорилгоор ажиллагсдын тоо, хоорондын зай барих арга хэмжээг авсны дараа ОУАЭА-ийн аюулгүй ажиллагааны нормын дагуу үргэлжлүүлэн ажиллуулж байна гэдгийг агентлагийн Судалгааны реакторын аюулгүй байдлын албаны дарга Амгад Шокр цохон тэмдэглэжээ.

Үүний зэрэгцээ COVID-19 тахалын улмаас агаарын тээврийн компаниудын үйл ажиллагаа зогсож, хил хаалттай байгаа зэрэг нь дэлхийн хэмжээнд эмнэлгийн зориулалтай цацраг идэвхт изотопуудын түгээлтэнд нөлөөлж байна.

"ОУАЭА нь цацраг идэвхт изотопын өнөөгийн хэрэгцээг үнэлэхээр ажиллаж байна. Цацраг идэвхт изотопыг ашигладаг ихэнх эрдэм шинжилгээ, боловсролын байгууллагуудын үйл ажиллагаа зогссон бөгөөд эмнэлгүүд оношилгооны болон төлөвлөгөөт ажилбаруудаа хойшлуулсан. Иймд хангамжийн сүлжээний тасралтгүй байдлыг хангах зорилгоор изотопын хэрэгцээг тодорхойлох, үйл ажиллагааны шилдэг туршлагыг хуваалцах, хүндрэл бэрхшээлийг хөнгөвчлөх арга замыг хайх зорилгоор дэлхийн өнцөг булан бүрээс оролцогч талуудтай цахимаар хурал зохион байгуулахаар төлөвлөж байна" гэж ОУАЭА-ийн цацраг идэвхт изотопын бүтээгдэхүүн ба цацрагийн технологийн газрын дарга Жоао Оссо Жуниор хэллээ.

Өмнөд Африкийн туршлага

Өмнөд Африк нь дэлхийн өнцөг булан бүрт эмнэлгийн цацраг идэвхт изотопоор үйлчлүүлэгчээ хангадаг томоохон үйлдвэрлэгчдийн нэг юм.

Өмнөд Африкийн Засгийн газар COVID-19 цар тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн үндэсний хэмжээнд хорио цээрийн дэглэм зарласан. Эмнэлгийн  цацраг идэвхт изотоп нь зайлшгүй шаардлагатай бүтээгдэхүүн гэж ангилагддаг бөгөөд COVID-19 өвчний тархалтыг зогсоох зорилгоор судалгааны реактор SAFARI-1 болон NTP-ээр цацраг идэвхт изотопийн үйлдвэрлэлээ тодорхой хязгаарлалтын хүрээнд үргэлжлүүлж байна.

Эдгээр арга хэмжээнээс үл хамааран үйлдвэрлэсэн цацраг идэвхт бодисын хил дамнасан түгээлт болон дэлхий даяар тархаж буй цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авахад илүү анхаарлаа хандуулж байгаатай уялдан олон улсын захиалгын хэмжээ буурснаас үйлдвэрлэл хүчин чадлаасаа доогуур ажиллаж байна. Иймээс хорио цээрийн дэглэм тогтоосноос хойш NTP цацраг идэвхт изотопын үйлдвэрлэлээ үүссэн нөхцөл байдалтай уяалдуулах замаар төлөвлөж, долоо хоног бүр бүтээгдэхүүнээ илгээн ажиллаж байна.

"Бүх улс орнуудад  COVID-19-ийн өвчтөнд эмнэлгийн бүх үйлчилгээ чиглэж буй нь туйлын үнэн. Гэхдээ эмнэлгийн цацраг идэвхт изотопоос хамааралтай сая сая өвчтөнүүдийг мартаж болохгүй" гэж SAFARI-1 судалгааны реакторын ахлах менежер Коос дю Брюн хэлжээ. Цөмийн энергийн агентлаг (NECSA) Эмнэлгийн цацраг идэвхт изотопыг дэлхий даяар түгээхэд Өмнөд Африкийн төрийн өмчит үндэсний тээвэрлэгч агаарын тээврийн компаниудтай хамтын ажиллагаагаа түншлэлийн гэрээгээр баталгаажуулжээ.

Зарим улс орон, компаниуд цацраг идэвхт изотоп, эмийг хүргэх зорилгоор чартерын нислэг зохион байгуулж байгаа боловч бүх засгийн газар ингэж боломжгүй гэж Оссо Жуниор мэдэгджээ.

Түгээлтийн сүлжээ

Хамгийн түгээмэл эмнэлгийн цацраг идэвхт изотоп болох Технеци-99м (Tc-99m) нь жилд 40 сая ажилбарт ашиглагддаг гэж Дэлхийн Цөмийн Нийгэмлэгээс мэдээлжээ. Энэ нь цөмийн анагаах ухааны эмчилгээний бүх ажилбарын 80 орчим хувь, цөмийн анагаах ухааны оношилгооны илрүүлэлтийн 85 хувийг эзэлж байна.

ОУАЭА-аас явуулсан судалгаагаар Аргентин, Австрали, Бельги, Франц, Польш, Нидерланд, ОХУ, Өмнөд Африк, АНУ-ын судалгааны реакторууд цацраг идэвхт изотопын эрэлт хэрэгцээг хангахад бэлэн байна. Молибдени-99 изотопыг бэлэн болсны дараа түүнийг бусад улс орнуудад, гол төлөв агаарын замаар эмнэлэг, цөмийн оношилгоо эмчилгээний төвүүдэд хүргэн, Технеци-99м-ийн генратор болгон өвчтөнд хэдхэн цагийн дотор хэрэглэх учиртай. Зарим орны эмнэлгүүд Молибдени-99 авах боломжгүй болсон тул хуваарилалтыг дахин хийхээр болжээ.

Мэдээллийн эх сурвалж  https://www.iaea.org/newscenter/news/medical-radioisotopes-still-produced-but-facing-distribution-challenges-globally-data-collected-by-iaea-shows