Цөмийн энергийн комиссын Ажлын албанд дараах нээлттэй ажлын байранд сонгон шалгаруулж авна. (2020-05-28 04:08:00)

Мэдээ

Дэлхийн хүнсний аюулгүй байдлын өдөрт

Дэлхийн хүнсний аюулгүй байдлын өдөрт

Хүнсний аюулгүй байдлыг хангахад цөмийн технологи ашиглах нь

Дэлхийн хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын өдөр өнгөрөгч долоон хоногт олон улсад тохиолоо.НҮБ-ын Ерөнхий Ассемблейгээс 6 дугаар сарын 7-ны өдрийг Дэлхийн хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын өдөр болгон зарласан бөгөөд энэ удаад "Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдалд Хүн бүрийн оролцоо чухал" гэсэн уриан дор тэмдэглэн өнгөрүүллээ.

Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-ийн Техникийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн нэг хэсэг болох хамтарсан судалгааны ажлын хүрээнд цөмийн технологийг ашиглан хүнс, хөдөө аж ахуйн хүнсний бүтээгдэхүүн хорт бодисоор бохирдох эрсдэл, бохирдуулагч бодисыг хянахад 70 гаруй улс орнуудын тусламж, дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Тус тэмдэглэлт өдөрт ОУАЭА-аас Уганда, Коста Рика улсуудын цөмийн технолгийн амжилтыг онцлон танилцуулжээ.

Хөдөө аж ахуйн салбар нь Уганда Улсын эдийн засгийн үндэс суурь бөгөөд энэ салбарт хөдөлмөрийн чадвартай нийт хүн амын 70 гаруй хувь нь ажиллаж, жилийн экспортын дундаж орлогын хэмжээ нь 1.8 тэрбум ам.доллар буюу тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүний дөрөвний нэгийг бүрдүүлдэг байна. Энэхүү салбарыг хамгаалахын тулд ОУАЭА, ХХААБ хамтран Уганда Улсын Стандартын Товчоо (UNBS) болон түнш байгууллагуудад орчин үеийн лабораторийн багаж хэрэгслээр ханган, сургалтаар дамжуулан хүрээлэнгүүдийн чадавхыг бэхжүүлэх ажлыг хагас жилийн турш хэрэгжүүлэн ирсэн байна.

НҮБ-ын салбар-Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ) болон ОУАЭА хамтран хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах хүрээнд дэлхийн улс орнуудад цөмийн болон изотопын шинжилгээний аргыг ашиглан хүнсний аюулгүй байдал, түүний гарал үүсэл, чанарын хяналтыг сайжруулах чиглэлээр олон талын үйл ажиллагааг хэрэгжүүлж байна. Түүнчлэн хүнсний бүтээгдэхүүний хадгалах хугацааг нэмэгдүүлэхэд цацрагийг ашиглах чиглэлээр хүнс, хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтнүүдэд дэмжлэг үзүүлжээ.

Монгол Улс ОУАЭА-т 1973 онд гишүүнээр элссэн бөгөөд 1975 оноос Техникийн хамтын ажиллагааны хөтөлбөрт хамрагдсан. Энэ хугацаанд зөвхөн үндэсний төслөөр нийтдээ 15.1 сая ам.долларын тусламж дэмжлэг авсан бөгөөд хүнс, хөдөө аж ахуйн салбарт 4.9 сая ам.долларын 20 төслийг Монгол Улсад амжилттай хэрэгжүүлсэн. Үүний дүнд зөвхөн цөмийн энергийн салбар төдийгүй монгол нийгэм эдийн засгийн салбарт цөмийн техник технологи нэвтэрч, судалгаа шинжилгээ хийх лабораторийн тоног төхөөрөмжийн хүчин чадал, мэргэшсэн хүний нөөцийг бүрдүүлэх улмаар дотооддоо мэргэшсэн хүний нөөцийг бүрдүүлэх, чадавхжуулах, олон улсын стандартад нийцсэн арга аргачлалаар шинжилж, баталгаажуулах нөхцөл бүрдсэн ба цаашдаа эдгээр ажлууд хийгдсээр байна.

Монгол Улсын хүнсний аюулгүй байдлыг хангахад цөмийн технологийн хэрэглээ

Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын гол хүчин зүйл бол эрүүл ахуйн шаардлагыг хангасан чанар билээ. Манай орны хувьд хүнсний бүтээгдэхүүний 60-70 хувийг импортоор авч хэрэглэдэг гэсэн судалгаа байдаг. Хүн амын эрүүл мэндийг хамгаалахад эрүүл ахуйн шаардлага хангасан, баталгаатай, чанартай, хүнсийг хэрэглэх нь маш чухал юм. Монгол Улсад хүнсний бүтээгдэхүүнд тавих хяналтыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори, Нийслэлийн төв лаборатори, 21 аймгийн мэргэжлийн хяналтын лаборатори, Хилийн боомтуудын лаборатори болон  МЭЕГ-ын харъяа Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лаборатори зэрэг лабораториудаар дамжуулан гүйцэтгэж байна.

Технологийн дэвшил маш хурдацтай хөгжиж буй өнөө үед дэлхий даяар цөмийн технологид суурилсан өндөр чадамжтай тоног төхөөрөмжүүдийг хүнсний аюулгүй байдлын хяналтын шинжилгээ судалгаанд өргөнөөр ашиглаж байна. Мөн хөгжингүй улс орнуудад цөмийн технологийг хүнсний зарим бүтээгдэхүүнийг цацрагаар шарж ариутгах, нян бактерийг устгаж, хадгалах хугацааг уртасгахад ашигладаг.

Монгол орны хувьд хүнсний аюулгүй байдлын хяналтыг хийхдээ хүнсний бүтээгдэхүүнд агуулагдах хорт бодис микотоксин, пестицид, хүнд металлын үлдэгдэл, химийн бодисын үлдэгдэл, эмийн бодисын үлдэгдэл, цацрагийн бохирдлыг тодорхойлоход тэмдэгт атомаар таних энгийн хурдавчилсан шинжилгээний аргаас авахуулаад микрограмм нэгжийн (ppb) төвшинд тодорхойлох өндөр мэдрэмжтэй багаж тоног төхөөрөмжүүд болох AAS, HPLC, GC-MS, GC- MS/MS, LC-MS, ICP зэргийг ашиглаж байна. Эдгээр багаж, тоног төхөөрөмжийн ажиллах үндсэн зарчим нь аливаа бодис, элементийг атом, молекулын төвшинд задлан таних аргад тулгуурласан байдаг.

Цацрагийн бохирдолтой хүнсний бүтээгдэхүүн импортоор орж ирэхийг үгүйсгэхгүй. Иймээс хүнсний аюулгүй байдлын хяналтын нэг томоохон хэсэг нь импортын болон эх орны хүнсний бүтээгдэхүүнд агуулагдах байгалийн болон зохиомол цацраг идэвхт изотопын хувийн идэвхийг тодорхойлох явдал юм. Тус хяналтыг орчин үеийн дэвшилтэт шинжилгээний багажийн тусламжтайгаар (дээжийг цацрагийн фоноос маш сайн тусгаарлах хамгаалалттай цэвэр германи детектортой гамма спектрометрийн систем) үндэсний MNS стандартын дагуу байгалийн болон зохиомол цацраг идэвхт изотопын хувийн идэвхийг тодорхойлох шинжилгээг хийж байна. Түүнчлэн ОУАЭА-ийн төслөөр альфа, бета цацраг идэвхт изотопыг тодорхойлдог спектрометрийн системийг хүлээн авч арга аргачлалыг боловсруулж туршилт баталгаажуулалтийг хийн шинжилгээнд нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Зураг 1. Монгол Улсад үйлдвэрлэгдсэн болон импортын хүнсний бүтээгдэхүүний дээжийг цацрагийн хяналтын шинжилгээ хийсэн мэдээлэл 2013-2019 он.

Цацрагийн хяналтын лабораторид сүүлийн 5 жилд хийсэн хүнсний бүтээгдэхүүнд цацрагийн бохирдол, цацраг идэвхт изотопын хувийн идэвхийг тодорхойлох шинжилгээг тоон үзүүлэлтээр харуулав. Судалгаанаас үзэхэд эх орны хүнсний бүтээгдэхүүнд цацрагийн бохирдол илрээгүй байна. Харин импортоор орж ирж буй хүнсний бүтээгдэхүүнээс өмнө нь цөмийн станцын осол болсон бүс нутгаас ирдэг лаазалсан загас, хуурай сүү, гүрж ногоон цай зэрэг зарим нэр төрийн бүтээгдэхүүнээс бага хэмжээгээр зохиомол цацраг идэвхт изотоп цезий-137 илэрсэн боловч “цацрагийн аюулгүйн норм-2015” стандартаас хэтрээгүй байна.

ОУАЭА-ийн ТХА-ны төслийн хүрээнд МЭЕГ-ын харъяа Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид малын гаралтай хүнсний бүтээгдэхүүнд химийн бодисын үлдэгдэл болон пестицид тодорхойлох CHARMII багаж, SYSTEM/CHARM 7600 болон LC-MS/MS шингэн хроматографийн багаж тоног төхөөрөмж болон оношлуур, лабораторийн дагалдах материалыг хүлээн авч 2004 оноос эхлэн өлөн гэдэс, мах, махан болон далайн гаралтай бүтээгдэхүүнд зарим төрлийн антибиотик тодорхойлох техникийн чадамж болон хүний нөөцийн чадавхыг бүрдүүлсэн байна.Тухайлбал хлорамфеникол, тетрациклин, сульфаметазин, окситетрациклин, пенициллин, эритромицин, ципрофлоксацин зэрэг үлдэгдлийг ЕЛИЗА, нянгийн өсөлтийг саатуулах аргаар илрүүлэх болсон. Ийнхүү мал амьтны гаралтай бүх төрлийн мах, махан бүтээгдэхүүн, дотор эрхтэн, далайн гаралтай бүтээгдэхүүн, сүү, зөгийн бал, өндөг, малын тэжээл, шээс, ийлдсэнд зарим төрлийн антибиотикийн үлдэгдэл тодорхойлох шинжилгээнд дэвшилтэт аргууд нэвтэрсээр байна.

2016-2020 онд INT5154 “Цөмийн болон изотопын аргыг ашиглан шинжлэх ухааны найдвартай мэдээлэл боловсруулах бүс хоорондын харилцаа холбоог бий болгох замаар хүнсний аюулгүй байдлыг сайжруулах нь” бүс хоорондын төсөл, RAS5078 “Хүнсний аюулгүй байдлын лабораторийн хүчин чадлыг сайжруулах, Ази тивд малын эмийн үлдэгдэл, химийн бохирдлыг хянах сүлжээг бий болгох нь” бүсийн төсөл, RAS5081 “Цөмийн арга ашиглан хүнсний аюулгүй байдлыг сайжруулах ба бүсийн хүнс тэжээлийн баталгааг нэмэгдүүлэх нь” бүсийн төсөл, МОN5024 “Цөмийн болон бусад аналитик арга ашиглан хүнсний бүтээгдэхүүний эмийн болон химийн үлдэгдлийг шинжлэхэд лабораторийн чадавхыг сайжруулах” үндэсний төслийг тус тус хэрэгжүүлж байна.

Цөмийн энергийн комисс нь гадаад хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын нийгэм эдийн засгийн бүхий л салбарт цөмийн дэвшилтэд техник технологийг нэвтрүүлэх, үр өгөөжийг дээшлүүлэх, мэргэшсэн хүний нөөцийг бүрдүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.