Цөмийн энергийн комиссын Ажлын албанд дараах нээлттэй ажлын байранд сонгон шалгаруулж авна. (2020-05-28 04:08:00)

Мэдээ

Цацрагийн хамгаалалтын сургалт зохион байгууллаа

Цацрагийн хамгаалалтын сургалт зохион байгууллаа

Ажлын албанаас Цөмийн энергийн комиссын дүрмийн 4.1.9 дүгээр заалтыг  хэрэгжүүлж, цацрагийн үүсгүүртэй ажиллагчдын мэдлэг, чадварыг дээшлүүлэх, дадлагажуулах, давтан сургах, тусгай хөтөлбөрийн дагуу нарийн мэргэжлийн болон цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын мэргэжилтэн бэлтгэх арга хэмжээг тогтмол зохион байгуулж байна. Тус үүргийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Монголын цацрагийн хамгаалалтын нийгэмлэг” ТББ-тай хамтран “Рентген шинжилгээний багаж ашиглалт, цацрагийн хамгаалалт” сэдэвт сургалтыг 2020 оны 06 дугаар сарын 17-18-ны өдрүүдэд, “Цөмийн хэмжүүр ашиглалт, цацрагийн хамгаалалт” сэдэвт сургалтыг 07 дугаар сарын 01-03-ны өдрүүдэд, “Цооногийн каротажийн судалгаанд цацрагийн үүсгүүр ашиглалт, цацрагийн хамгаалалт” сэдэвт сургалтыг 07 дугаар сарын 07-09-ний өдрүүдэд тус онлайнаар зохион байгууллаа.

Дээрх сургалтуудад үйлдвэрийн технологийн процессыг хянах, удирдахад ашиглагдаж буй цөмийн хэмжүүр, ашигт малтмалын хайгуулын цооногийн каротажид ашиглагддаг цацраг идэвхт үүсгүүр, эмнэлгийн болон хяналтын рентген цацрагийн үүсгүүртэй шууд харьцаж ажиллах оператор, тэдгээрт хяналт тавих чиг үүрэг бүхий дотоод хяналтын болон инженер техникийн ажилтнууд зэрэг нийт 29 байгууллагын 59 албан хаагч хамрагдлаа.

Сургалтаар цацрагийн хамгаалалтын холбогдолтой хууль тогтоомж, дүрэм журам стандартууд болон цацрагийн тухай үндсэн ойлголтууд, тун, тунгийн хязгаар, цацрагийн биологи үйлчлэл, цацрагаас хамгаалах аргууд, цөмийн болон цацрагийн осол, ослын сургамжууд, осолд хүргэдэг шалтгаан хүчин зүйлс, цацрагийн үүсгүүрийн аюулгүй байдал, ашиглалт, хадгалалт тээвэрлэлтийн үед тавигдах аюулгүйн шаардлагууд, цацрагийн хамгаалалтын хөтөлбөр, мэргэжлийн шарлага, хүн амын шарлага сэдвүүдээр хичээл зааж, цацрагийн хэмжилтийн багаж ашиглах, ажлын байранд цацрагийн хэмжилт хийх, цацрагийн хамгаалалтын тооцоо хийх дадлагын ажлыг гүйцэтгэлээ.

Цацрагийн үүсгүүрийг хэрэглэх хэрэгцээ шаардлага нь түүний ашиг тус болон эрсдэлийн тооцоонд үндэслэгддэг бөгөөд түүний аюулгүй байдал, аюулгүй ажиллагааг өндөр түвшинд хангаж, соёлыг хэвшүүлэх нь нэн тэргүүнд тавигдах чухал асуудал юм.