Цөмийн энергийн комиссын Ажлын албанд дараах нээлттэй ажлын байранд сонгон шалгаруулж авна. (2020-05-28 04:08:00)

Мэдээ

Цөмийн энергийн комиссын хуралдаан боллоо

Цөмийн энергийн комиссын хуралдаан боллоо

Цөмийн энергийн комиссын ээлжит хуралдаан Боловсрол, шинжлэх ухааны яамны байранд 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр болж өнгөрлөө.   

Хуралдаанаар Цөмийн материалыг бүртгэх, хянах журмын төсөл, Цацрагийн ослоос хамгаалах улсын төлөвлөгөөний төсөл, Байгалийн гаралтай цацраг идэвхт материалын мониторингийн дүрмийн төсөл, Эрүүл мэндийн салбарын цөмийн технологийн хэрэглээ, тулгамдаж буй асуудал, цаашид авах арга хэмжээний тухай зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдаанаас Цөмийн материалыг бүртгэх, хянах журмын төсөл болон Цацрагийн ослоос хамгаалах улсын төлөвлөгөөний төслийг хэлэлцээд Цөмийн энергийн тухай хуульд заасны дагуу Засгийн  газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Цөмийн энергийн комиссын Ажлын албанд даалгалаа. 

Мөн Эрүүл мэндийн яамнаас ирүүлсэн Эрүүл мэндийн салбарын цөмийн технологийн хэрэглээ, тулгамдаж буй асуудал, цаашид авах арга хэмжээний тухай асуудлыг хэлэлцэн, цөмийн технологийн хэрэглээг нэмэгдүүлж, эмчилгээ оношилгооны төрөл, чанарыг нэмэгдүүлэх, шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах, материаллаг баазыг бэхжүүлэхэд санхүүжилтийг шийдвэрлэх, тоног төхөөрөмжийн найдвартай хэвийн ажиллагааг хангах, засвар үйлчилгээг тогтмол хийх нөхцөлийг бүрдүүлэх, хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр Эрүүл мэндийн яам, Цөмийн энергийн комиссын Ажлын албанд үүрэг чиглэл өгөх тухай тогтоол гаргахаар шийдвэрлэлээ.

Хуралдааны төгсгөлд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн Цөмийн энергийн комисс нь салбарын онцлогоос хамаараад чухал ач холбогдолтой бүхий асуудлыг хэлэлцэж шийдвэрлэдгийг онцлон тэмдэглээд комиссын бүрэлдэхүүнд яам, агентлагийн удирдах албан тушаалтнууд байдаг тул Засгийн газрын гишүүн, салбарын сайдуудад комиссын үйл ажиллагааны талаарх мэдээллээр шуурхай ханган ажиллахыг гишүүдэд даалгасан.

  

Дашрамд дурдахад Цөмийн энергийн комисс нь 2015-2019 онд салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох ажлын хүрээнд нийтээр дагаж мөрдөх 11 дүрэм, журмыг баталсан бол Засгийн газрын хуралдаанаар Цацраг идэвхт материалыг аюулгүй тээвэрлэх дүрэм, Газар доор хүчлээр уусган олборлоход мөрдөх техникийн зохицуулалтыг тус тус хэлэлцүүлж батлуулсан байна.

Цөмийн энергийн комиссын дэмжлэгтэйгээр ОУАЭА-аас эрүүл мэндийн салбарт 1979 оноос хойш нийт 3.2 сая ам.долларыг тусламж дэмжлэгийг үзүүлсэн байна. 2015 оноос нийт 1.1 сая еврогийн санхүүжилт бүхий 4 үндэсний төслийг Хавдар судлалын үндэсний төв, Улсын нэгдүгээр төв эмнэлэгт амжилттай хэрэгжүүлсэн. Төсөл хөтөлбөрийн үр дүнд Улсын нэгдүгээр төв эмнэлэгт  2 толгойт SPECT/СТ хүлээн авч суурилуулан Монгол Улсад анхны хосолмол технологийг нэвтрүүлснээр шинжилгээний тоо 2 дахин нэмэгдэж, оношилгооны өвөрмөц болон мэдрэг чанар 30 хувь дээшилж, Хавдар судлалын үндэсний төвд хэрэгжсэн төслийн үр дүнд туяа эмчилгээний шинэ үе болох 3 хэмжээст төлөвлөлт хийх, шугаман хурдасгуураар эмчилгээ хийх нөхцөл бүрдсэн байна. Мөн Засгийн газрын санхүүжилтээр “Үндэсний оношилгоо, эмчилгээний төв байгуулах” төслийн хүрээнд PET/CT оношилгоонд хэрэглэх цацраг идэвхт бодис, эмийн үйлдвэрлэлтийг улсын хэмжээнд анх удаа эмнэлгийн орчинд үйлдвэрлэхээр зорин ажиллаж байгаа юм.

 

ЦӨМИЙН ЭНЕРГИЙН КОМИССЫН АЖЛЫН АЛБА