Цөмийн энергийн комиссын Ажлын албанд дараах нээлттэй ажлын байранд сонгон шалгаруулж авна. (2020-05-28 04:08:00)

Гадаад мэдээ

Дэлхий дээрх “хиймэл нар”- эрчим хүчний ширгэшгүй ундарга

Дэлхий дээрх “хиймэл нар”- эрчим хүчний ширгэшгүй ундарга

Францын өмнөд нутгийн Марсель хотоос 65 км-ийн зайд орших “Кадараш” эрдэм шинжилгээ-судалгааны төвд дэлхийд анхных гэгдэх ITER /International Thermonuclear Experimental Reactor/ халуун цөмийн туршилтын реакторыг барих ажил эхэллээ. Нээлтийн ёслолд Ерөнхийлөгч Эммануэль Макрон оролцож, “Оддын дайн” киноны хөгжим эгшиглэжээ.

Эрдэмтэд энэхүү реакторыг огт хэтрүүлэггүйгээр “хиймэл нар” гэж нэрлэж байна. Нарны эрчим хүч нь устөрөгчийг гели болгон хувиргадаг халуун цөмийн синтезийн урвалын үр дүнд үүсдэг билээ.  10 давхар байшинтай тэнцэх буюу 30 м-ийн өндөртэй, ийм хэмжээний голчтой вакуум камер дотор халуун цөмийн синтезийн урвалыг үйлдвэрлэлийн түвшинд явуулахаар төлөвлөжээ.

ОХУ нь энэхүү амбицтай төсөлд бүр эртнээс оролцсоор ирсэн гол түншүүдийн нэг юм. Туршилтанд Энэтхэг, Хятад, Орос, АНУ, Өмнөд Солонгос, Япон болон Европын Холбооны гишүүн орнууд, түүнчлэн Их Британи, Швейцарийн эрдэмтэд оролцож байна. Өөрөөр хэлбэл дэлхийн хүн амын талаас дээш хувь нь амьдардаг, дэлхийн ДНБ-ний 80 хувийг үйлдвэрлэдэг улс орнууд төслийг хэрэгжүүлж байгаа юм. Халуун цөмийн реакторыг байгуулах санааг Курчатовын нэрэмжит Цөмийн эрчим хүчний хүрээлэнд ажиллаж байсан Зөвлөлтийн эрдэмтэд анх дэвшүүлсэн бөгөөд өдгөө уг санааг амьдралд хэрэгжүүлэхийг дэлхий даяараа хүсэж тэмүүлж байна.

Онолын үүднээс бол халуун цөмийн нэгдэх урвал нь эрчим хүчний шавхагдашгүй эх үүсвэр болох юм. Хэдхэн грамм устөрөгчийн түлш нь олон мянган айлыг цахилгаан дулаанаар хангаж боломжтой бол ханборгоцой жимсний хэмжээтэй тоосгон хэлбэртэй түлш нь 10 мянган тонн нүүрсийг орлож чадна. 10 мянган тонн гэдэг нь Улаанбаатарын IV цахилгаан станцын нэг хоногт хэрэглэдэг нүүрсний хэмжээ юм.

Гэхдээ дулааны болон цөмийн эрчим хүчний станцуудаас ялгаатай нь халуун цөмийн реактор нь хүлэмжийн хийгээр агаар мандлыг бохирдуулдаггүй, цацраг идэвхт хаягдал ялгаруулдаггүй. “Халуун цөмийн синтезийн урвал нь олон тэрбум жил хэрэглэгдэх эрчим хүчийг одод дээр бий болгож байгаа нь бидний сэтгэлийг хөдөлгөж, урам өгсөн” хэмээн ITER-ийн Ерөнхий захирал Бернар Биго ярьж байна.

Гэхдээ төсөлд оролцож буй эрдэмтэд нэг зүйлийг онцлон хэлж байгаа юм. ITER бол туршилтын реактор, энэ бол халуун цөмийн цахилгаан станц биш, харин урьд өмнө нь хэзээ хийгдэж байгаагүй өргөн хэмжээний физикийн туршилтын талбар юм. Хэрвээ бүх зүйл төлөвлөсний дагуу явагдвал энэхүү туршилт нь манай гарагийн эрчим хүчний ирээдүйг тодорхойлох боломжтой юм гэжээ. 

“ITER бол шинжлэх ухааны гайхамшигтай төсөл юм. Уг төсөл нь ирээдүйн эрчим хүч болох цэвэр, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг бий болгох зорилгын төлөө бүх дэлхийг нэгтгэж чадах ба ингэснээр халуун цөмийн урвалыг дэлхий дээр явуулах боломжтой гэдгийг харуулна” гэж Их Британийн цөмийн эрчим хүчний агентлагийн тэргүүн Иэн Чапман хэлжээ.

Эх сурвалж: https://www.bbc.com/news/science-environment-53573294