Цөмийн энергийн комиссын Ажлын албанд дараах нээлттэй ажлын байранд сонгон шалгаруулж авна. (2020-05-28 04:08:00)

Фото мэдээ

“ЦАЦРАГИЙН ОСЛЫН ҮЕИЙН МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ХАРИЛЦАН АЖИЛЛАГАА” СЭДЭВТ ДАДЛАГА, СУРГУУЛИЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Цөмийн энергийн комиссын Ажлын алба, Зэвсэгт хүчний жанжин штаб, Зэвсэгт хүчний 119 дүгээр анги, ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад хамтран “Цацрагийн ослын үеийн мэргэжлийн байгууллагуудын харилцан ажиллагаа” сэдэвт дадлага, сургуулилтыг 2020 оны 09 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Дадлага, сургуулилтад Цөмийн энергийн комиссын Ажлын алба, Зэвсэгт хүчний жанжин штаб, Зэвсэгт хүчний 119 дүгээр анги, ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори, зэрэг 7 байгууллагын 40 гаруй төлөөлөл оролцсон.

Дадлага, сургуулилтын хугацаанд Цөмийн технологийн хэрэглээ, цөмийн эрчим хүчний станц, Олон улсад гарсан цөмийн болон цацрагийн ослын сургамж, Цөмийн болон цацрагийн хяналт, Монгол Улсын “Цацрагийн ослоос хамгаалах улсын төлөвлөгөө”-ний төслийн танилцуулга зэрэг сэдвээр хичээл орж, зөөврийн хэмжилтийн багаж тоног төхөөрөмжийн ажиллуулах зарчим, цацрагийн бохирдолд хэмжилт хийх болон ариутгал цэвэрлэгээний машин механизмтай танилцлаа.

Мөн цацрагийн үүсгүүрийг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээр тээвэрлэх үед тохиолдсон осол болон цэргийн дозиметрийн тохируулгын цацрагийн үүсгүүрийг хээрийн нөхцөлд ашиглах үед гарсан ослын үед хариу арга хэмжээг төлөвлөх, хариу арга хэмжээг хэрэгжүүлэх танхимын болон хээрийн дасгал сургуулилтыг хийсэн.

Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн сургалт, дадлагын талбайд цөмийн болон цацрагийн ослын цагийн байдлыг тагнах, ослын бүсийг тогтоох, гадаад орчны цацрагийн тунг хэмжих, агаар, хөрс, ус, тунадас тоосонцорын дээж авах, мэдээллийг шуурхай дамжуулах, цацрагийн идэвхжил сулруулалт хийх, хариу арга хэмжээ авах, ажиллагаанд оролцож буй албан хаагчдын цацрагийн хамгаалалт аюулгүй байдлыг хангуулах, албан хаагч болон тоног төхөөрөмж, техник хэрэгслийн цацрагийн бохирдолыг арилгах зэрэг дасгал сургуулилтыг амжилттай гүйцэтгэлээ.

Цөмийн болон цацрагийн ослын бэлэн байдлыг хангуулах, ослын нөхцөлд ажиллах, хариу арга хэмжээ авах дасгал сургуулилт нь холбогдох мэргэжлийн байгууллагуудын харилцан ажиллагааг сайжруулах, хариу арга хэмжээг оновчтой төлөвлөх, ослын хор уршгийг хязгаарлах, үүрэг гүйцэтгэж буй албан хаагчдыг авах тун багасгахад чухал ач холбогдолтой юм.

Дашрамд дурдахад 2018 онд Зэвсэгт хүчний жанжин штаб, Зэвсэгт хүчний 119 дүгээр ангитай хамтран “Эзэнгүй үүсгүүрийг илрүүлэх, аюулгүй болгох нь”, 2016-2019 онд ОБЕГ-ын Үндэсний аврах бригадтай хамтран “Цөмийн болон цацрагийн ослын бэлэн байдал” сэдэвт дагалдах сургалтыг 3 удаа зохион байгуулж, Дархан, Эрдэнэт, Булган аймагт эзэнгүй үүсгүүрийг илрүүлэх, аюулгүй болгох ажиллагааг амжилттай зохион байгуулсан билээ.