Цөмийн энергийн комиссын Ажлын албаны Тамгын газарт дараах нээлттэй ажлын байранд сонгон шалгаруулж авна. (2019-11-01 07:59:00)

Мэдээ

Дэвшилтэт технологит эрчим хүч

Орчин үеийн техник технологийн дэвшилд суурилсан Цөмийн эрчим хүчний станцыг ашиглах явдал нь Монгол Улсын эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах, хүн амын өсөн нэмэгдэж байгаатай уялдан гарч ирж байгаа эрчим хүчний хэрэгцээг хүрээлэн байгаа орчинд ээлтэй технологиор хангахтай салшгүй холбоотой.
 
“Өнөөдөр” сонины 2012.02.02-ны өдрийн 026(4491) дугаарт Р.Оюунцэцэгийн бичсэнчлэн цөмийн эрчим хүчний станцыг Монголд барих нь аз туршсан хэрэг биш юмаа.
 
Урьд өмнө нь гарсан цөмийн ослууд нь ажиллаж байгаа хүмүүсийн ажлын хариуцлага, технологийн хуучирсан байдал, байршлын сонголтын асуудалд алдаа гаргасантай холбоотой. Харин нэгдүгээрт энэ бүхнээс сургамж авах, хоёрдугаарт одоо дэлхийн улсуудын ашиглах гэж байгаа цөмийн эрчим хүчний реакторын технологи, аюулгүй ажиллагаа нь найдвартай хангагдсан, хаягдалгүй технологи нэвтэрч байгааг манай улс ч гэсэн авч ашиглах урьдчилсан судалгааны ажлууд хийгдэж байгаа юм. 
 
Манай Улсын эрчим хүчний хэрэглээ жилдээ дунджаар 3,5%-иар өсөж байгаа боловч цаашид уул уурхай, үйлдвэрүүдийг хөгжүүлэхэд маш их хэмжээний эрчим хүч шаардлагатай байгаа юм.
 
Одоогоор ашиглаж байгаа эрчим хүчний чадал 836 МВт ба ОХУ-аас жилдээ 120 орчим МВт цахилгаан эрчим хүчийг импортоор авч хэрэглэж байна. 
 
Манай дулааны цахилгаан станцуудын технологи хуучирсан, ашиглалтаас гарах хугацаа нь болсон, мөн нүүрс түлж эрчим хүч үйлдвэрлэж байгаа нь хүрээлэн байгаа орчны бохирдол, түүний дотор агаарын бохирдол эрс өсөж, хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрснийг судалгааны дүн харуулж байгаа юм. 
 
Манай эрчим хүчний станцуудын өнөөгийн байдлыг авч үзвэл 2 дугаар дулааны цахилгаан станц 2012 онд, 3 дугаар дулааны цахилгаан станц 2016 онд, Дарханы цахилгаан станц 2025 онд, Эрдэнэтийн цахилгаан станц 2029 онд ашиглалтын хугацаа нь тус тус дуусах юм.
 
Нүүрстөрөгч ялгаруулалтын хэмжээгээр нь дэлхийн улсуудыг авч үзвэл манай улс 95 дугаар байранд орж байгаа бөгөөд 10 895 мянган тонн нүүрстөрөгчийг жилд гаргаж байгаа нь дэлхийн гаргаж байгаа нүүрстөрөгчийн 0.04%-ийг эзэлдэг. Нүүрстөрөгчийн ялгаруулалтыг тодорхой хэмжээгээр бууруулах, дэлхийн дулаарлыг багасгах нь бүх улсуудын гол бодлого болж байна. Энэ бол манай улсын хувьд ч тулгамдсан асуудал.
 
Ялангуяа өвлийн улиралд хот суурин газруудын агаарын бохирдол ихсэж, түүнд агуулагдаж байгаа хорт хий, бусад бохирдуулагч бодисын хэмжээ зөвшөөрөх утгаас олон дахин ихсэж, хотын хүн ам, түүний дотор бага насны хүүхдүүдийн амьсгалын замын өвчлөл ихсэж, улмаар уушгины хорт хавдар болон бусад төрлийн өвчин эмгэг үүсэх нөхцлийг бүрдүүлж байгаа нь судалгааны дүнгээс харагдаж байгаа юм.
 
2030 онд манай улсын эрчим хүчний өсөлт урьдчилсан судалгаагаар 3000 орчим МВт болох төлөвтэй байгаа бөгөөд нүүрстөрөгчийн ялгаруулалтын хэмжээ 3-4 дахин нэмэгдэх төлөвтэй байна.
 
Дэлхийн аль ч улс орнууд өөрийн улсын эрчим хүчний түүхий эдийн нөөцөд тулгуурлан эрчим хүчний эх үүсвэрээ сонгодог. Манай улсын хувьд нүүрсний нөөцтэйгээс гадна ураны нөөц ихтэй учраас уг 2 эх үүсвэрийг голлон ашиглах нь зүйтэй. Хэдийгээр манай улс нүүрсний нөөц их байгаа хэдий ч үүнийгээ нөөцлөн химийн үйлдвэрийн түүхий эд болгон ашиглавал эдийн засагт чухал ач холбогдолтой болно.
 
Нэгэн жишээг энд авч үзвэл:
200 МВт-ын бага чадлын цөмийн эрчим хүчний реактор ашиглан эрчим хүч үйлдвэрлэхэд жилдээ дунджаар 1,5 сая тонн нүүрсийг хэмнэн, нүүрсний үнийг дэлхийн жишгээр авч үзвэл 115 сая ам долларын ашиг олох бололцоотой бөгөөд ингэснээр нүүрсний нөөцийг нэмэгдүүлж, химийн үйлдвэрийн түүхий эд болгон ашиглах боломжтой юм. 300 МВт-ын цөмийн эрчим хүчний станцыг 2021 оноос ашиглаж эхэлснээр 2021-2035 оны хооронд нийт 22,4 сая тонн нүүрс нөөцлөх ба энэ нь 1,7 тэрбум ам доллартай тэнцэх ашиг олох боломжтой болохыг судалгаа харуулсан. Цаашид нарийвчилсан судалгаануудыг хийхээр төлөвлөн ажиллаж байна.
 
Цөмийн эрчим хүчийг ашиглан эрчим хүч үйлдвэрлэснээр эрчим хүчний үнэ одоо байгаагаас нэмэгдэхгүй. Харин сэргээгдэх эрчим хүчээр цахилгаан эрчим хүч үйлдвэрлэвэл эрчим хүчний үнэ 3-4 дахин нэмэгдэх юм.
 
Эрчим хүчний хөгжлийн судалгаагаар 2050 он гэхэд цөмийн эрчим хүч дэлхийн эрчим хүчний голлох эх үүсвэрүүдийн нэг болох төлөвтэй байна. Цаашлаад цөмийн хаягдлыг боловсруулан уран, плутонийн холимог түлш үйлдвэрлэн эрчим хүч үйлдвэрлэх, устөрөгчийн нэгдлээр эрчим хүч гарган авах технологиудыг эрчимтэй хөгжүүлж байна.
 
Дэлхийн хүн ам 2050 он гэхэд дунджаар 9,2 тэрбум болох төлөвтэй байгааг Нэгдсэн Үндэстний Байгууллагаас гаргасан. 2030 онд дэлхийн цөмийн эрчим хүч 18% болтлоо өсөж, нүүрсээр гаргах эрчим хүчийг 50% бууруулах ба усны эрчим хүчийг нэмэгдүүлэхээс гадна ус төрөгчийг ашиглаж эхэлнэ.
 
Дэлхийн эрчим хүчний түүхий эдийн нөөцийн судалгаагаар газрын тосны нөөц 41,6 жил, хийн нөөц 60,3 жил, нүүрсний нөөц 133 жил, ураны нөөц 100 жил байгаа боловч цөмийн дэвшилтэд технологийн ачаар хаягдал түлш боловсруулан, холимог түлш үйлдвэрлэн плутонигоор эрчим хүч үйлдвэрлэснээр ураны нөөц 1000 жил болж нэмэгдсэн. Иймээс өндөр хөгжилтэй орнууд цөмийн энергийн салбарыг хөгжүүлэхэд маш их хэмжээний хөрөнгийг зарцуулж байна.
 
2012 оны 01 дүгээр сарын 01-ний байдлаар дэлхийд нийт 434 реактор ажиллаж байгаа бөгөөд 2050 онд дунджаар 1000 гаруй реактор ажиллах судалгааг Европын “Эдийн засаг, хамтын ажиллагааг хөгжүүлэх байгууллага”-аас гаргасан ба үүний ихэнх нь Азийн орнууд, тэр дундаа Хятад Улсад байх төлөвтэй байна. Хятад Улсын эрчим хүчний бодлогод нийт 120-оос дээш эрчим хүчний реактор барьж эрчим хүч үйлдвэрлэх бодлоготой байна.
 
Цөмийн энергийн салбарыг Монгол Улсад хөгжүүлснээр технологийн хөгжлөөр дэлхийд эн зэрэгцэх юм. Иймээс:
 
Монгол Улсын тогтвортой хөгжлийг хангахын тулд орчин үеийн техникийн шийдлээр аюулгүй, байгаль орчинд ээлтэй, эдийн засгийн хувьд үр ашигтай гэж хүлээн зөвшөөрөгдсөн цөмийн эрчим хүчийг ашиглах нь чухал. Энэ байдалд тулгуурлан манай Улсын Их Хурал, Засгийн газар цөмийн энергийн салбарыг хөгжүүлэхээр дараах хууль, бодлого, тогтоолуудыг баримталж байна. Үүнд: 
 
“Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого” УИХ-ын 2008 оны 12 дугаар тогтоол, “Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн систем”, УИХ-ын 2007 оны 10 дугаар тогтоол, “Монгол улсын засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” УИХ-ын 2008 оны 35 дугаар тогтоол, “Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого” УИХ-ын 2009 оны 45 дугаар тогтоол, “Цөмийн энергийн тухай хууль” 2009 он, “Хөтөлбөр, төлөвлөгөө батлах тухай” Засгийн газрын 2009 оны 222 дугаар тогтоол зэрэг болно.
 
Цөмийн эрчим хүчний станц барих асуудлыг Олон Улсын Атомын Энергийн Агентлагийн шаардлагын дагуу манай улс урьдчилсан судалгааны төслүүдийг хэрэгжүүлж, цөмийн эрчим хүч манай улсын эрчим хүчний зайлшгүй нэг эх үүсвэр болох нь бидний судалгаанаас харагдаж байгаа бөгөөд цаашид байршил, реактор сонгох, орчин үеийн дэвшилтэт, найдвартай аюулгүй ажиллагаа нь баталгаатай байх тийм эрчим хүчний станцтай болох шийдлийг эрэлхийлэн ажиллаж байна.
 
Цөмийн энергийн газар, Цөмийн Технологи нэвтрүүлэх хэлтсийн дарга доктор, профессор Б.Эрдэв