Японы атомын энергийн агентлаг (ЯАЭА)-аас жил бүр зохион байгуулдаг “Сургагч багш бэлтгэх” хөтөлбөрийн хүрээнд “Реакторын инженер” дагалдах сургалтыг ЯАЭА болон Шинжлэх ухаан технологийн их сургуультай хамтран 2019 оны 01 дүгээр сарын 07-18-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна. (2018-12-26 06:40:00)

Гадаад мэдээ

Олон Улсын Атомын Энергийн Агентлаг 153 гишүүнтэй

 
Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА) - ын үйл ажиллагааны талаар танд танилцуулж байна. Тус агентлаг (ОУАЭА) нь 1957 онд цөмийн энергийг хүн төрөлхтний сайн сайхны төлөө ашиглах зорилготой байгуулагдсан бөгөөд цөмийн салбарын хамтын ажиллагааны олон улсын байгууллага аж. Өөрийн дүрэмд заасны дагуу дараах үндсэн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг байна. Тодруулбал:
 
1. Цөмийн материалыг энх тайвны зорилгоор ашиглаж буй эсэхийг шалгаж баталгааны хяналт явуулах;
 
2. Цөмийн болон цацрагийн аюулгүй ажиллагааны норм, стандартыг тогтоож заавар, дүрэм боловсруулан, тэдгээрийг гишүүн орнуудад хэрэгжүүлэх; 
 
3. Цөмийн технологийг эрүүл мэнд, хүнс, хөдөө аж ахуй, эрчим хүч, геологи, байгаль орчин болон бусад салбарт нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх. ОУАЭА нь Удирдлагын, Баталгааны, Цөмийн эрчим хүчний, Цөмийн шинжлэх ухаан ба хэрэглээний, Техникийн хамтын ажиллагааны болон Цөмийн аюулгүй байдлын гэсэн зургаан газартай.
 
Агентлаг 153 гишүүнтэй, 100 гаруй орны 2300 орчим мэргэжилтэн, инженер техникийн болон захиргааны ажилтантай. Бүсийн алба нь Канадын Торонто, Японы Токио хотод болон харилцагч ажилтан нар Америкийн Нэгдсэн Улсын Нью-Йорк, Швейцарийн Женев хотод байрлаж үйл ажиллагаагаа явуулдаг. Бүгд Найрамдах Австри Улсын Зейберсдорф хот болон Монакогийн Вант Улсад цөмийн судалгааны лабораториуд байрладаг юм байна.
 
Удирдах дээд байгууллага нь Ерөнхий бага хурал болон Захирагчдын зөвлөл ажээ. Тус агентлагийн Ерөнхий бага хурлын ээлжит чуулган жил бүрийн 9 дүгээр сарын 3 дахь долоо хоногт хуралдаж, Агентлагийн бодлого, төсөв, өмнөх оны үйл ажиллагааны тайлан, техникийн хамтын ажиллагааны фондын татвар, гишүүн элсүүлэх, Захирагчдын зөвлөлийн гишүүдийг сонгох, гишүүн орнуудын дэвшүүлсэн бусад асуудлуудыг хэлэлцдэг юм байна.
 
Захирагчдын зөвлөлд тус Агентлагийн 35 гишүүн орон орох бөгөөд тэдний 13 гишүүн орныг тус зөвлөл томилж, 22 гишүүн орныг Ерөнхий бага хурлаар сонгодог.
 
Тус зөвлөл жил бүрийн 2, 6, 9 дүгээр сард Ерөнхий бага хурлын өмнө, хойно болон 12 сард, бүгд 5 удаа хуралдаж гишүүн орнуудын дэвшүүлсэн асуудал, Агентлагийн үйл ажиллагааны тайлан, хөтөлбөр болон төсвийг судлан эдгээр асуудлаар Ерөнхий бага хуралд зөвлөмж гаргадаг байна.
 
Дашрамд дурьдхад ОУАЭА-ийн Ерөнхий захирал асан Ханс Бликс 1986, Мохамед Эл Барадей 2009, одоогийн Ерөнхий захирал Юкия Амано 2010 онд тус тус манай улсад ажлын айлчлал хийж байжээ.