Хөгжиж буй орнуудын судлаач, эрдэмтдийн судалгааны ажлын цаашдын үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилго бүхий Олон улсын онолын физикийн хүрээлэн (ICTP)-г Нобелийн шагналт профессор Абдус Салам 1964 онд үүсгэн байгуулжээ. (2019-03-04 09:11:00)

Хэвлэлийн тойм

“Цөмийн эрчим хүчний дэд бүтцийн хөгжил-2012” семинар

“Цөмийн эрчим хүчний дэд бүтцийн хөгжил-2012” семинар

“Цөмийн эрчим хүчний дэд бүтцийн хөгжил-2012” Олон улсын семинар БНСУ-д энэ сарын 02-ны өдөр эхэлжээ.
 
БНСУ болон бусад орнуудын туршлага судалж, санал бодлоо солилцох зорилгоор МУ-ыг төлөөлж Цөмийн энергийн газар, Шинжлэх ухааны академийн Физик технологийн хүрээлэн болон МУИС-ийн Цөмийн судалгааны төвийн холбогдох мэргэжилтэн, судлаачид нийт арван гурван хүн семинарт оролцож байна.
 
Семинарыг Сөүлийн үндэсний их сургууль, Солонгосын Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх болон хяналтын хүрээлэн хамтран Сөүл хотноо зохион байгуулж байна.
 
Олон улсын семинарт БНСУ-ын цөмийн холбогдох хүрээлэнгүүдээс гадна Малайз, Турк, Вьетнам, Хятад, Япон, Франц, Саудын Араб, Монгол зэрэг орнуудын 100 гаруй төлөөлөгчид оролцож байна.
 
Семинарыг Солонгосын Парламентийн гишүүн асан Парк Кван Юн нээж хэлсэн үгэндээ: “Цөмийн эрчим хүчний хөгжил нь дэд бүтэц, хүний нөөц, технологи зэрэг чухал асуудлаас бүрдэх бөгөөд үүнд олон улсын хамтын ажиллагааны үүрэг чухал” болохыг онцлон тэмдэглэсэн байна.
 
Мөн БНСУ-ын Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх болон хяналтын хүрээлэнгийн ерөнхийлөгч Док Сан Ку Жун болон Абу Дабигийн Цөмийн энергийн хүрээлэнгийн төлөөлөгч Антони Хэчанова нар оролцжээ.
 
“Цөмийн эрчим хүчний дэд бүтцийн хөгжил-2012” семинар 21 дүгээр зууны эрчим хүчний тогтолцоо сэдвээр эхэлж Солонгос улсын үндэсний эдийн засгийн төлөвлөгөө, Эрчим хүчний хөгжлийн түүх ба төлөвлөлт, Анхны цөмийн эрчим хүчний эх үүсвэр байгуулах төслийн туршлага гэсэн сэдвүүдээр үргэлжилсэн байна.
 
Цөмийн эрчим хүч хөгжүүлэхээр төлөвлөж байгаа орнуудын хөтөлбөрийн хэрэгжилт тухайн орны хөгжлийн нөхцөл байдал, төрийн бодлого, санхүүжилтийн асуудлаас болж харилцан адилгүй байдаг. Фукушимагийн ослын дараа олон орон цөмийн эрчим хүчний хөтөлбөрөө эргэн харахад хүрсэн.
 
Байгаль орчинд хор нөлөөгүй технологийн шийдэл нь дэлхийн хэмжээнд өрнөж байгаа 3 дахь техник технологийн хувьсалын юм. Энэхүү шийдлийн гол хандлага нь нэгдсэн системээс орон нутгийн чанартай бага, дунд чадлын эрчим хүчний үйлдвэрлэлд шилжих замаар тухайн орон нутгийн эрчим хүчийг хангахад оршино гэж Солонгос Улсын Эрчим хүчний технологийн үнэлгээ болон төлөвлөлтийн хүрээлэн (KETER )-гийн доктор Нам Сунг Ах илтгэлдээ онцоллоо.
 
Тус семинар таван өдөр үргэлжлэх бөгөөд БНСУ-ын Бусан хотын Доосаны машины үйлдвэр, Кори цөмийн эрчим хүчний станцын үйл ажиллагаатай танилцах юм байна.
 
Дашрамд дуулгахад семинар гурав дах удаагаа болж байгаа бөгөөд 2009, 2011 онуудад Цөмийн энергийн газар, БНСУ-ын Сөүлийн үндэсний их сургуультай хамтран Монгол улсад зохион байгуулж байжээ.