Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-аас “Цөмийн аюулгүй байдлын ирээдүй” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг залуу эрдэмтэн, судлаачдын дунд зарлаж байна. ОУАЭА-аас “Цөмийн аюулгүй байдал: Тогтворжуулах ба бэхжүүлэх хүчин чармайлт” сэдэвт олон улсын бага хурлыг 2020 оны 02 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Австри Улсын Вена хотноо зохион байгуулна. Хурлаар улс орнуудын цөмийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, цөмийн аюулгүй байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, ОУАЭА-ийн цөмийн аюулгүй байдлын удирдамж, сайн туршлагуудыг дэмжих, цөмийн аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлэх цаашдын арга хэмжээнүүдийг боловсронгуй болгох талаар хэлэлцэнэ. (2019-05-23 07:22:00)

Нийтлэл

Б.Лхагвасүрэн. Хавдраар өвчлөгсдийн 60 хувь нь туяаны эмчилгээнд ордог

“Манай оронд цөмийн технологийг хэр сайн ашиг­­ладаг юм бол? Цө­мийн технологийг маш олон салбарт ашиглаж байгаа. Эмчилгээ, онош­логооны чиглэлээр эрүүл мэндийн салбарт хэрэг­лэс­нээр олон зуун хүний амь насыг уртас­ган, тэд­нийг өвчин шана­лалаас ангижруулж байна. Цө­мийн энергээс эрчим хүч гарган авч мянга мянган хүнд илч дулаан өгч тохь тухтай тайван амьдралыг бэлэглэж байгаа. Мөн аж, үйлдвэр, уул уурхай, бо­ловс­рол, шинжлэх ухааны салбарт ашиглахаас гадна хүний хөдөлмөрийг хөн­гөвчилж, техник техно­логийн хөгжил дэвшлийг хурдасгаж байна” хэмээн Цөмийн энергийн газ­рын­хан хэлж байна. Тус газар, Монгол Америкийн шинж­лэх ухааны судал­гааны “Мон-Аме” төвийн­­хөн хамтран сэт­гүүлч­дэд зориулж “Цө­мийн техно­логийн хэрэг­лээ, ач хол­богдол, үр нө­лөөг олон нийтэд суртал­чилах” нь сэдэвт сургал­тыг зохион байгуулж цө­мийн тех­но­логийг хэрэг­лэж байгаа зарим албан байгууллагын үйл ажил­лагаатай танилцуулсан. Энэ үеэр сэтгүүлч миний бие анхаарал болгоомж, мэдлэг чадвар шаардсан хэн бүхний хийгээд байж чадахгүй ажлыг хийдэг хэд хэдэн хүнийг “Мон­гол Улсын төлөө” булан­даа хамтад нь оруулахаар зорьсон юм. Учир нь Цө­мийн техноло­гийг хэрэг­лэнэ гэдэг тийм ч амар ажил биш аж. Бидний хамгийн түрүүнд очсон газар Хавдар судла­лын үндэсний төвийн Туяаны эмчилгээний тасаг байлаа. Тус тасгийн фи­зикч, инженер Б.Лхагва­сүрэн биднийг хүлээн авч тоног, төхөөрөмж болоод үйл ажил­лагааныхаа та­лаар танилцуулав. Б.Лхаг­ва­сүрэн залуу боловсон хүч­нүүдийн нэг гэхэд тоног төхөөрөмжүүдээ чадварлаг сайн ажиллуулж олон хүнд амьдрал бэлэг­лэж яваа нэгэн. Тэрээр “Энэ ажлыг хийж байгаагаагаараа бо­лон сайхан хамт олон­тойдоо бахархдаг. Залуу хүн хариуцлагатай ажил хийх тусмаа амьдралд учирсан аливаа хүнд хэцүү бэрхшээлийг торох юмгүй даван туулдаг гэж би үздэг. Манай эмчилгээний зарим аппарат олон жил болж байгаа. Ашиглалтын хугацаа нь дуусчихсан хэдий ч ажиллуулаад л явж байна. Анх 1935 онд мэр­гэжилтэн бэлтгэх зорил­гоор ОХУ руу таван хүн явуулсан юм билээ. 1959 онд нийслэлийн Нэгдсэн эмнэлэгт анхны туяаны рентген аппаратыг суури­луулснаар манай улсад энэ эмчилгээ бий болсон гэдэг. Улсын клиникийн төв эмнэлэгт дүрс онош­логоо, анагаах ухааны цөмийн онош зүйн шин­жилгээний тасаг 1975 онд байгуулагдан ард түмний­хээ эрүүл энхийг сахин 37 жилийн турш ажиллаж байна. Анх цацрагийн мэргэжилтэн эмч П.Он­хуудайн зүтгэл санаач­лагаар нээн ажиллуулж I-131 изотопоор бамбай бул­чирхайн үйл ажиллагааг шалгаж эхэлснээр манай улсад цөмийн анагаах ухаа­ны тасаг шинээр нээгдсэн. Үүнээс хойш үйлчлэх хүрээ, шинжил­гээний тоо өсч Иод-131, Техниций-99, Алт-99, Рени-188 зэрэг изотопыг ашиглаж бамбай булчир­хай, бөөр /динамик, ста­тик/, элэг, яс, үе мөч, цөсний хүүдий зэрэг эрхт­ний шинжилгээ, эмчил­гээнд ашиглаж байна. 1960-аад онд манай оронд Хавдар судлалын бие даа­сан алба бий болж хавд­рын эсрэг эмнэлгийн тус­лам­жийг улсын хэмжээнд үзүүлэх боломж нээгдсэн юм. 1961 онд “Улсын цац­раг туяаны эмнэлэг” бай­гуулагдсан бөгөөд 1982 онд Улсын хавдар судлалын үндэс­ний төв байгуулаг­даж, өндөр идэвхжил бү­хий үүсгэвэртэй ажиллах зориулалтын тусгай бай­ранд нүүж орсноор эмчил­гээний шинэ тоног төхөө­рөмжүүд тавигдаж эхэл­сэн. Одоогийн байдлаар Хавдар судлалын үндэс­ний төвийн туяа эмчил­гээний тасаг нь Монгол Улсын хэмжээнд хавдрын эсрэг, өвөрмөц эмчилгээ явуулдаг цорын ганц нэгж юм. Туяа эмчилгээ нь хавдрын эд эсийг цөмийн цацрагаар үйлчлэн үхүү­лэх, эд эсийн үржил ху­ваагдлыг саатуулах, мөн зарим хэт ургалт, архаг үрэвслийг зогсоох үйл­чилгээ үзүүлдэг. Манай Улсад хавдраар өвчлөгс­дийн 60 хувь нь туяа эм­чил­гээнд орж байна” гэв.
 
 
2013 ОНД ШИНЭЭР ХОЁР ШУГАМАН ХУРДАСГУУР СУУРИЛУУЛНА
 
Жилээс жилд нэмэгдэж буй хавд­рын өвчлөлтэй холбоотой ХСҮТ-д 2013 онд шинээр хоёр шугаман хурдасгуур суурилуулах гэж байгаа ажээ. Ийм аппараттай болсноор хавд­раар өвч­лөгсөд болон үйлч­лүү­лэгчид заавал гадаа­дын орныг зорьж өндөр үнэтэй эмчилгээ үйлчил­гээ хийлгэх шаардлагагүй болно. Туяаны эм­чилгээг клиник физик төлөвлөлт, эмчилгээний гүйцэтгэл гэсэн шат да­раалсан үйлдлээр, түүнд тохирсон аппарат тоног төхөөрөм­жийн тусламж­тай нарийн мэргэшсэн эмч, эмнэл­гийн физикч, тоног төхөөрөмжийн ин­же­нер, техникч нарын хамтарсан багийн ажил­ла­гаа маш чухал үүрэг гүйцэтгэдэг байна. Туяа­ны эмчилгээг дангаар нь болон бусад хавдрын эмчилгээний аргуудтай хавсран хийх бөгөөд төгс буюу радикал туяаны эм­чилгээг хагал­гаа­ны өмнө хавдрын хэм­жээг багас­гах, хагалгааны да­раа дахилт үсэрхийлэл гарч болох эрсдлээс урьд­чилан сэргийлэхийн тулд, мөн химийн эмчил­гээний үр дүнг дээшлүүлэх зорил­гоор хийнэ. Туяаны эмчил­гээ нь зайн болон дотуур туяа эмчилгээ гэ­сэн үндсэн хоёр хэлбэр­тэй. Зайн туяа­ны эмчил­гээ нь аппара­тын толгойн хэсэг болон хүний биеийн гадаргуу хоорон­д тодорхой хэмжээ­ний зайнаас хавдар­тай хэсэг руу өндөр идэвхтэй цацраг идэвхт үүсгүүр бүхий аппаратаар эмчил­дэг аж. Дотуур туяаны эмчилгээ нь улаан хоолой, умайн хүзүү, шулуун гэдэс гэх мэт хөндийт эрхтнүү­дэд тусгай дамжуулах хэрэгсэлийн тусламжтай цацраг идэвхт үүсгүүрийг хавдрын го­ломтод тулгаж байрлуулан хийгддэг гэд­гийг Туяаны тасгийнхан дуулгасан юм.
 
ЦӨМИЙН ТЕХНОЛОГИЙГ ХӨРСНИЙ ШИМИЙГ САЙЖ­РУУ­ЛАХАД АШИГЛАЖ БАЙНА
 
Бидний дараагийн очсон газар бол Дархан-Уул аймгийн Ургамал га­зар тариалангийн хүрээ­лэн байлаа. Тэнд үр та­рианы ургамлын селек­цийг амжилттай хэрэг­жүүл­сэн байна. Үүний үр дүнд шинэ тутант болох Хараа-86, MO-5, МО–6, MO-88, MO-5, MC-77, MC-78, MC-98, Дархан-35, Дархан-49, Дархан-106, Дархан-141 сортууд бүтээсэн ба селекцийн эх материалыг 1800 гаруй мутантаар баяжуулжээ. Хөдөө аж ахуйн салбарт цөмийн технологийг хөрс­ний шимийг сайжруулж ургацыг нэмэгдүүлэх, ургамлын ургацыг чанар­жуулах, мутацлах аргаар ашиг шимтэй шинэ сорт, шинэ үүлдэр гарган авах малын ашиг шимийг сайж­руулах, ус цэвэр­шүүлэх зорилгоор ашиглаж байна.
 
Цөмийн технологийг ашиглан бий болгосон байгаль орчинд зохицсон буюу хүрээлэн буй орчинд хүлэмжийн хий бага ялга­руулдаг малын тэжээл нь мах, сүүний гарцыг нэ­мэг­дүүлж ирсэн. Энэ тех­нологийг Монгол Улсад нэвтрүүлэн махны чиглэ­лийн үхэрт зориулж тэжээ­лийн жор бэлтгэн, дөрвөн төрлийн дарш хийж борд­логын үеийн тэжээлд ашиг­лан махны шимт чанарыг сайжруулжээ.
 
Бэлчээр, тариалан­гийн газрын ашиглалтыг сайжруулах зорилгоор Цези-137, Берилли-7 зэ­рэг изотопыг ашиглан хөрсний элэгдэл эвдрэ­лийг тогтоон хөрсний үржил шим, ургамлын ургацыг дээшлүүлэх су­дал­гааг гүйцэтгэж зургаан төрлийн бактерийн бордоо үйлдвэрлэсэн байна.
 
Одоогоор Дарханы Урга­мал газар тариалан­гийн хүрээлэн жилдээ 10-15 тонн бактерийн бордоо үйлдвэрлэж Сэлэнгэ, Булган, Төв, Хэнтий зэрэг аймгийн аж ахуйн нэг­жүү­­дэд нийлүүлж 10 мянган га-д хэрэглэжээ.
 
О.БҮРНЭЭ
 
Эх сурвалж: Зууны мэдээ