Японы атомын энергийн агентлаг (ЯАЭА)-аас жил бүр зохион байгуулдаг “Сургагч багш бэлтгэх” хөтөлбөрийн хүрээнд “Реакторын инженер” дагалдах сургалтыг ЯАЭА болон Шинжлэх ухаан технологийн их сургуультай хамтран 2019 оны 01 дүгээр сарын 07-18-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна. (2018-12-26 06:40:00)

Мэдээ

Цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул, судалгааны үйл ажиллагаа явуулж байгаа компаниудад хяналт шалгалт хийгдэнэ

Цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул, судалгааны үйл ажиллагаа явуулж байгаа компаниудад хяналт шалгалт хийгдэнэ

Цөмийн энергийн газраас Дорноговь аймгийн нутагт цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул, судалгааны үйл ажиллагаа явуулж буй “Кожеговь” ХХК, “Монгол Ураниум Ресурс” ХХК-иудын үйл ажиллагаанд төлөвлөгөөт хяналт шалгалтыг энэ сарын 09-ны өдрөөс эхлүүлсэн байна.
 
Хяналт шалгалтаар Цөмийн энергийн тухай, Төрийн хяналт шалгалтын тухай болон холбогдох бусад хууль тогтоомж, цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын холбогдолтой дүрэм, журам, стандартын хэрэгжилтийг шалгаж, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах юм байна.
 
Түүнчлэн хайгуулын үйл ажиллагаа явуулсан талбайд гадаад орчны цацрагийн түвшний хэмжилт хийх, ажил амралтын байр болон дээж бэлтгэх, бичиглэл хийх хадгалах байруудад цацрагийн тунгийн чадал, гадаргуугийн бохирдол, радоны хуримтлалын хэмжээг тодорхойлох хэмжилтүүд хийхээр шалгалтын удирдамжид тусгагджээ.
 
Мөн нөхөн сэргээлтийн ажлыг шалгахаас гадна цацрагийн тунгийн чадлын хэмжилт хийж, хөрс, уснаас дээж авч изотопын шинжилгээнд хамруулах юм байна.
 
Хяналт шалгалтыг Цөмийн болон цацрагийн хяналтын улсын байцаагчид таван өдөрт багтаан хийхээр томилогджээ.