Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-аас “Цөмийн аюулгүй байдлын ирээдүй” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг залуу эрдэмтэн, судлаачдын дунд зарлаж байна. ОУАЭА-аас “Цөмийн аюулгүй байдал: Тогтворжуулах ба бэхжүүлэх хүчин чармайлт” сэдэвт олон улсын бага хурлыг 2020 оны 02 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Австри Улсын Вена хотноо зохион байгуулна. Хурлаар улс орнуудын цөмийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, цөмийн аюулгүй байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, ОУАЭА-ийн цөмийн аюулгүй байдлын удирдамж, сайн туршлагуудыг дэмжих, цөмийн аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлэх цаашдын арга хэмжээнүүдийг боловсронгуй болгох талаар хэлэлцэнэ. (2019-05-23 07:22:00)

Нийтлэл

Ц.Түмэндэлгэр: Энэ янзаараа изотоп контор хүчин чадалаа дийлэхгүй

 Ц.Түмэндэлгэр: Энэ янзаараа изотоп контор хүчин чадалаа дийлэхгүй

Цөмийн энергийн газрын Изотоп конторын дарга Т.Түмэндэлгэртэй ярилцлаа. Юуны өмнө цөмийн хаягдал болон цацрагийн хаягдлын ялгааг хэлж өгөхгүй юу?
 
Цөмийн хаягдал гэдэг нь Цөмийн эрчим хүчний станцаас гарч байгаа хаягдлыг хэлнэ. Өөрөөр хэлбэл, ашиглагдсан цөмийн түлш болон реакторын ашиглалтаас гарч байгаа эд ангиудыг цөмийн хаягдал гэнэ. Харин цацрагийн хаягдал гэдэг нь эмнэлэг, аж үйлдвэр, уул уурхай, зам засварт өдөр тутам хэрэглэгддэг, ашиглалтын шаардлага хангахгүй болсон цацраг идэвхт үүсгүүр, тоног төхөөрөмж зэргийг хэлнэ л дээ.
 
Тэгэхээр манайд ямар төрлийн хаягдал байна вэ?
 
Манай улсад цацрагийн хаягдал л бий. Мэдээж цөмийн цахилгаан станц, уран боловсруулах үйлдвэр байхгүй учраас цөмийн хаягдал байхгүй л дээ. Цацрагийн хаягдлыг их, дунд, бага түвшний гэж ангилдаг. Манайд бол дунд болон бага түвшнийх байгаа.
 
Энэ хаягдал хаанаас гарч байна вэ?
 
Хамгийн их хэрэглэдэг салбар нь эмнэлгийн болон Шинжлэх ухааны салбар. Ихэнх эмнэлэгт рентген төхөөрөмжөөр оношлогоо хийж байгаа. Хавдар судлалын үндэсний төвд хорт хавдраар өвчилсөн хүмүүсийг цацраг туяагаар эмчилдэг шүү дээ. Энэхүү туяа эмчилгээг кобальт, цезий зэрэг өндөр идэвхтэй цацраг идэвхт үүсгүүр ашигладаг. Мөн Улсын клиникийн төв эмнэлэгт цацраг идэвхт изотопоор оношилдог тасаг ч бий. Үүн дээр аж үйлдвэрийн салбараас гарч байгаа хаягдлын хэмжээ нэмэгдэнэ.
 
Уул уурхай, автозамын салбарт цацраг идэвхт үүсгүүрийг ихээр хэрэглэдэг гэж сонсч байсан юм байна.
 
Уул уурхайн салбарт голчлон геологийн хайгуулын ажилд ашигладаг юм. Карротажийн төхөөрөмж гэдгээр нь хүмүүс мэднэ дээ. Үүнийг өрөмдлөгийн нүхэнд хийж ашигт малтмалын ямар элемент байгаа болон агууламжийг тодорхойлдог юм. Харин автозамд бол замын нягт чанарыг тодорхойлох багажинд цацрагийн үүсгүүр ашигладаг.
 
Эдгээр багаж, төхөөрөмжийг ашигласны дараа тухайн орчиндоо хортой нөлөө үзүүлэх үү?
 
Эдгээр салбарт ашиглаж байгаа багаж, төхөөрөмжүүд тухайн ажиллаж байх тэр хугацаандаа л цацраг туяа ялгаруулдаг тул ашигласны дараа тухайн орчиндоо ямар нэгэн хортой нөлөө үзүүлэхгүй. Харин тоног төхөөрөмжөөс нь цацраг идэвхт үүсгүүр нь алдагдвал аюултай.
 
Цацраг идэвхт үүсгүүрийн хэрэглээнд ямар хяналт тавьдаг юм бэ. Ер нь Монгол Улсад нийт хэчнээн тооны цацраг идэвхт үүсгүүр ажиллаж байна вэ? Ямар дүрэм журмаар энэ үйл ажиллагаа явагдаж байна вэ?
 
Монгол Улсын хэмжээнд төчнөөн тооны цацраг идэвхт үүсгүүр ажилладаг гэж тодорхой хэлэх боломж алга. Ер нь бол Цөмийн энергийн газрын Цөмийн болон Цацрагийн хяналтын газар үүнд хяналт тавьж ажиллаж байгаа. Хууль эрх зүйн хувьд Цацраг идэвхт материалын сав баглаа боодол, Техникийн ерөнхий шаардлага MNS 6240:2011 гэсэн Монгол улсын стандарт батлагдсан, “Цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны журам”, “Цацраг идэвхт хүдрийн үйл ажиллагаанаас гарах хаягдлын менежмент” зэрэг журмуудын төслийг боловсруулан яам, агентлаг, байгууллагаас санал аваад байна. Цацрагийн аюулгүйн норм, Цацрагийн аюулгүйн үндэсний дүрэм шинэчлэгдэж байгаа.
 
Ингэхэд Монгол Улсын хэмжээнд жилд хэчнээн тонн цацрагийн хаягдал гардаг юм бэ?
 
Хаягдлын хэмжээг тонноор ярихгүй л дээ. Ер нь бол 1960-70-аад оноос хуримтлагдсан хаягдлыг Изотоп конторт хадгалж байгаа. Их хэмжээний хаягдал гэж яривал 1992 онд цацраг идэвхт бодисоор бохирдсон хэсэг газар илэрч байсан түүхтэй. Тэр газрыг цэвэрлэж, бохирдсон хөрсийг Изотоп конторт авчирч булшилсан. Цацраг идэвхт үүсгүүр өөрөө жижиг хэмжээтэй боловч агуулж байгаа контейнер, сав баглаа боодол нь овор ихтэй.
 
Изотоп конторын ачаалал ямар түвшиндээ байгаа вэ? Цаашдаа энэ ганц конторын багтаамж хүрэлцэх үү?
 
Изотоп контор бол Улсын онц чухал объектод ордог. Монгол Улсын хэмжээнд гарч байгаа бүхий л цацрагийн хаягдлыг төвлөрүүлэн хадгалдагаараа онцлогтой. Үүнийгээ дагаад ачааллаа дийлэхээ байж байгаа нь үнэн. Цаашдаа эмнэлгийн салбар болон уул уурхайд ашиглах цацраг идэвхт үүсгүүрийн тоо нэмэгдэх хандлагатай байгаа. Замын компаниуд ч жил тутам нэмэгдэж байна. Энэ хэрээр хаягдлын тоо хэмжээ нэмэгдэнэ. Энгийн жишээ хэлэхэд, Фукушимагийн АЦС-ын ослын дараа Монголд импортоор орж ирсэн цацрагийн бохирдолтой автомашинуудаас илэрсэн бохирдсон эд анги, цацрагийн бохирдлыг цэвэрлэлтээс гарсан хаягдлыг Изотоп конторт хадгалсан. Эндээс харахад байдал энэ янзаараа байвал Конторын хүчин чадал хүрэлцэхгүй гэдэг нь тодорхой болж байна. Тиймээс л ЦЭГ-аас нэмж хадгалах байгууламж барих саналаа Үндэсний хөгжил шинэтгэлийн хороонд хүргүүлсэн ч нааштай хариу өгөөгүй л байна.
 
Өнгөрсөн жил “ЦЭГ цөмийн хаягдал хадгалах байгууламж барих гэнэ” гэж шуугиад байсан тэр асуудал мөн үү?
 
“Цацрагийн үүсгүүр, цацраг идэвхт ашигт малтмал, цацраг идэвхт хаягдлыг хадгалах, боловсруулах, булшлах байгууламж болон радиохимийн лабораторийг байгуулах” төслийг боловсруулж дунд хугацааны улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт оруулах саналыг Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороонд хүргүүлсэн.
 
Үүнд Цацраг идэвхт материалыг олборлох үед хариуцлагатай уул уурхайн үйл ажиллагааг нэвтрүүлэх үүднээс ураны исэл буюу шар нунтаг, уран олборлох болон боловсруулах үйл ажиллагааны явцад гарах цацраг идэвхт хаягдлыг уурхайн дэргэдэх хадгалах байгууламжийг Дорнод, Дорноговь зэрэг аймгуудад байгуулах.
 
Мөн ашиглалтын шаардлага хангахгүй болсон цацрагийн үүсгүүр болон цацраг идэвхт хаягдлыг төвлөрүүлэн хадгалах Улсын онц чухал объект Изотоп конторын цацрагийн байгууламжийн хүчин чадал цаашид хүрэлцэхгүй болж байгаа бөгөөд хадгалагдаж буй цацраг идэвхт материал, цацрагийн үүсгүүр болон цацраг идэвхт хаягдлын төлөв байдал, овор хэмжээг өөрчлөн зохистой хэлбэрт оруулахад тасалж хэрчих, нягтруулж шахалтад оруулах, хатууруулж бэхжүүлэх, боловсруулах, цацрагийн үүсгүүрийн бүрэн бүтэн байдал, битүүмжлэлийг шалгах зэрэг иж бүрдэл тоног төхөөрөмж бүхий радиохимийн лабораторийг байгуулах төслийг боловсруулж дунд хугацааны улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт оруулах саналыг Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороонд хүргүүлсэн.
 
Эдгээр асуудлуудыг улсын төсвийн хөрөнгө оруулалт шийдэгдээгүй байгаа тул хэрэгжих боломжгүй байна.
 
Дээр нь цацрагийн хаягдал барих зардлыг нь тухайн уул уурхайн компани нь өөрөө хариуцдаг, ЦЭГ түүнд нь хяналт тавьж ажиллахын тулд улсын төсвөөс хөрөнгө гаргаж тэр хяналтын тоног төхөөрөмж суурилуулах талаар санаачилга гаргасан юм.
 
Уран олборлоход хаягдал багагүй гарна биз?
 
Ил болон далд уурхайгаас олборлоход хаягдал шороо их хэмжээгээр гардаг. Түүнийг нь байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх талаас нь манай газраас хяналт тавьж ажиллана. Харин сүүлийн үед ихээр ашиглах болсон газар доор уусган баяжуулах арга нь хаягдал бага гаргадгаараа сайн талтай. Ер нь Монгол Улс уран олборлосон тохиолдолд тухайн газарт нь хаягдлаа хадгалаад явах нь хамгийн зөв шийдэл болно. Харин үүнийг “цөмийн хаягдал булшлах гэлээ” гэж мушгин гуйвуулах нь үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлнэ.
 
Цацраг идэвхт хаягдлыг хадгалахад тусгай технологи шаардагддаг гэсэн. Манайд ямар технологиор хадгалж байна вэ?
 
ЦЭГ-аас Үндэсний хөгжил шинэтгэлийн хороонд хүргүүлсэн төсөлд цацраг идэвхт хаягдлыг боловсруулах радиохимийн лаборатори байгуулах санал багтаж байгаа. Энэ талаар дээр дурдсан.
 
Цацрагийн хаягдлыг изотоп контороос өөр газарт хадгалбал яах вэ?
 
Мэдээж болохгүй. Хүн амын эрүүл мэндэд хортой. Монгол Улсын хуулиар хориотой үйлдэл. Зарим компаниуд цацрагт идэвхт үүсгүүрээ өөрсдийнхөө агуулахад хадгалдаг. Зүй нь эдгээр үүсгүүрүүдээ ашиглах үедээ тухайн газартаа хэрэглэж байгаад тодорхой хугацаанд ашиглахгүй үедээ Изотоп конторт хадгалж байх хэрэгтэй. Тэгэхгүй бол ямар нэгэн байгалийн гамшигт үзэгдэл, террорист халдлага гарах үед Цацрагийн аюулгүй байдал алдагдаж байна гэсэн үг.
 
Эх сурвалж: Үндэсний шуудан сонин