Хөгжиж буй орнуудын судлаач, эрдэмтдийн судалгааны ажлын цаашдын үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилго бүхий Олон улсын онолын физикийн хүрээлэн (ICTP)-г Нобелийн шагналт профессор Абдус Салам 1964 онд үүсгэн байгуулжээ. (2019-03-04 09:11:00)

Нийтлэл

Г.Манлайжав. Энэ оны хоёрдугаар сараас хойш нэг ч ураны лиценз олгоогүй

Г.Манлайжав. Энэ оны хоёрдугаар сараас хойш нэг ч ураны лиценз олгоогүй

Цөмийн энергийн газар / ЦЭГ /-ын үе үеийн дарга нар ураны лиценз наймаалдаг гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан. Энэ талаар ЦЭГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч асан Г.Манлайжав болон албаны бусад хүмүүсээс тодрууллаа.
 
ЦЭГ-ын дарга нар ураны лиценз наймаалдаг гэх мэдээлэл гарсан байна. Үүнд тайлбар өгөхгүй юү?
 
Зарим сонин болон сайтуудаар ураны лицензтэй холбоотой цуврал нийтлэл дараалан гарлаа. Гэвч нийтлэлийн бодит үнэн алдагдсан,  дурдсан мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй, тоо баримт нь зөрсөн байна л даа. Зарим төрийн албан хаагчыг ч гүтгэсэн шинжтэй өгүүлэл нийтлэгджээ. Жишээ нь, энэ сарын 5-ны өдөр mass.mn сайтад “МАН-ын Ерөнхий нарийн бичгий дарга У.Хүрэлсүхийн найз ЦЭГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Манлайжав ураны лиценз наймаалж найздаа сонгуулийн мөнгө босгоход нь тусалсан” гэсэн утгатай мэдээлэл гарсан. Бүр тодорхой тоо дурдаж, 960 мянган долларын авлига авсан гэсэн гүтгэлгийн шинж чанартай мэдээлэл байсан л даа. Тиймээс энэ асуудлыг ЦЭГ-ын удирдлагуудын төвшинд авч хэлэлцээд тухайн өдөр нь хуулийн байгууллагад шалгуулахаар өгсөн. Mass.mn сайтынхан болохоор энэ мэдээллийг төлбөртэй нийтэлсэн гэдэг юм. Тэгэхээр мөнгө төлж төрийн албан хаагчыг гүтгэсэн цаад эзэд нь тодорхой болно гэдэгт найдаж байгаа. Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн албан хаагчид эздийг нь ойрын хугацаанд тогтоож өгнө гэдэгт итгэлтэй байна.
 
Ураны лицензийг олгох эрх нь хэнд байдаг юм бэ?
 
Ураны асуудал бол дэлхий нийтийн хувьд эмзэг асуудал байдаг. Жишээ нь, цөмийн эрчим хүч ашигладаг, цөмийн зэвсэгтэй орнуудын хувьд үндэсний аюулгүй байдалтай холбоотой чухал асуудалд тооцогддог. Монгол Улс бурханы хишгээр цөмийн эрчим хүчний түлш болох уранаар баялаг юм. Энэ ч үүднээсээ дэлхийн улс гүрнүүдийн анхаарлыг багагүй татаж байгаа. Тиймээс манай эрх баригчид гадаад, дотоод бодлогодоо анхааралтай, ач холбогдол өгч ажилладаг. Тухайлбал, цөмийн энергийн салбарыг Ерөнхий сайдын эрхлэх хүрээнд хариуцуулж, Цөмийн энергийн комиссыг Ерөнхий сайд нь ахалдаг. Энэ комисс хуралдаж байж лиценз олгох эсэхийг шийддэг.
 
Нэг үе АНУ, Япон улсын Засгийн газар Монголд цөмийн хаягдал булшлах гэрээ хийсэн гэж шуугиж байсан. Энэ хэр үнэний ортой яриа юм бол?
 
ЦЭГ-ын даргаар ажиллаж байсан Б.Энхбат энэ асуудлыг олонд дэлгэж, цаг нь болохоор хэлнэ гэж байсан. Харамсалтай нь, өнөөдрийг хүртэл тэрээр тодорхой баримттай зүйл нэгийг ч хэлсэнгүй. УИХ-ын сонгуулийн үеэр л хий хоосон сенсацлах төдий өнгөрөх шив дээ. Үүнийг олон нийт ойлгож байгаа байх.
 
ЦЭГ-аас ураны 160 гаруй лиценз олгосон гэсэн мэдээлэл байгаа. Энэ хэр бодитой тоо вэ?
 
Ураны тусгай зөвшөөрлүүдийг дур мэдэн өгдөг, зардаг гэсэн мэдээлэл сонингоор нэлээн гарлаа. Нийтлэлд ЦЭГ-ын үе үеийн дарга нар л дур мэдээд баахан лиценз олгосон юм шиг бичсэн байна лээ. Үнэн хэрэгтээ Ашигт малтмалын газраас олгосон байсан лицензүүдийг 2009 онд Цөмийн энергийн тухай хууль батлагдсаний дараа л  160 гаруй лиценз олгогдоод байсныг ЦЭГ мэдэлдээ авсан юм шүү дээ. Өөрөөр хэлбэл, 160 гаруй ураны тусгай зөвшөөрөл хэдийнэ олгогдчихсон, нөөцийг нь тогтоосон, зарим нь лицензтэй газраа үйл ажиллагаагаа эхлүүлсэн байсан. Харин ЦЭГ эдгээр лицензийг мэдэлдээ авснаар ураны лицензийн тоог өнөөдрийн байдлаар 94 болгож цөөрүүлээд байна. Үүний 92 нь хайгуулынх, хоёр нь ашиглалтын лиценз. Үүн дээр нэмж хэлэхэд, миний бие энэ оны хоёрдугаар сард ажлаа хүлээж авснаас хойш нэг ширхэг ч лиценз нэмж олгоогүй. Тэр бүү хэл сонинд “Ерөнхий сайд асан С.Баярт оросуудтай хамтарч уран олборлох, боловсруулах үйлдвэр барих эрх өгсөн” гэж бичсэн байна лээ. Бодит байдал дээр Оросын нэг ч компани, оросуудын хөрөнгө оруулалт, оролцоотой нэг ч компанид уранын лиценз олгоогүй байдгийг олон нийт тэр бүр мэдэхгүй. Иймэрхүү худал мэдээлэл цацсан жишээ олон байна л даа. Жишээ нь, Монголд уран боловсруулах зөвшөөрөл авсан аж ахуйн нэгж байхгүй шүү дээ. Гэтэл зөвшөөрөл өгсөн, авсан болгож бичсэн байгаа юм.
 
Ашигт малтмалын газраас нийтдээ 160 гаруй лиценз олгоод байсныг 94 болгож цөөрүүлсэн гэсэн. Ямар лицензүүдийг цуцалсан юм бэ?
 
Жишээ нь, Энхбат дарга ажлаасаа халагдахынхаа өмнө 21 тусгай зөвшөөрөл олгосон асуудал байдаг юм. Тэдгээр тусгай зөвшөөрлийг бүгдийг нь цуцалсан. Дээд удирдлагадаа ч танилцуулсан. Тэд уг асуудлыг хянаж үзээд нэг өдөр, хоёрхон цагийн дотор газрын даргад бүх эрх мэдлийг шилжүүлэх замаар бүх дүрэм журмаа дур мэдэн өөрчилж, ураны тусгай зөвшөөрөл олгосон нь хууль бус гэж үзэх үндэслэлтэй гэдгийг тогтоосон. Ингээд хууль бусаар олгосон лицензүүдийн эрхийг цуцлах чиглэл надад өгсөн. Өгсөн үүргийг нь ч миний бие биелүүлсэн.
 
Таныг нэр бүхий компаниудад лиценз зарж авлига авсан гэсэн байсан. Бүр үнийн дүнг нь тодорхой мэдээлсэн байсан.
 
“Занаду”, “Шинэ эрин”, “ЛЧ”, Монгол металл”, “Майнинг” груп зэрэг компаниуд тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлөө л ЦЭГ-т ирүүлсэн байдаг юм. Өөрөөр хэлбэл, өргөдлөө өгч, хүсэлт тавьсан байгаагаас биш тэдэнд тусгай зөвшөөрөл олгосон юм байхгүй. Бодвол тэр хүнд мэдээлэл өгч бичүүлсэн хүн нь андуурсан юм байлгүй дээ. Лиценз ямар үнэтэй байдгийг тусгай зөвшөөрөл олгож байсан, бичиж байгаа улсууд нь л өөрсдөө мэдэх юм байлгүй. Миний хувьд нэг ч тусгай зөвшөөрөл олгож байсангүй. Тиймэрхүү юманд ч оролцож байсангүй.
 
Таныг МАН-ын нөлөө бүхий гишүүн У.Хүрэлсүхийн найз, түүний дэмжлэгээр албан тушаал авдаг гэсэн яриа байна л даа.
 
Би 1991 оноос л энэ салбарт мэргэжлээрээ ажиллаж байгаа шүү дээ. Мэргэжлийн хяналтад ч гэсэн цацрагийн хяналтын албаа дагаад л очиж байсан. 2008 онд ЦЭГ байгуулахад эндээ шилжиж ирсэн. Цацрагийн болон цөмийн хяналтын албаны даргаар ажиллаж л байсан хүн. Энэ бүхэнд тэр хүний үүрэг роль байхгүй ээ. Энийг заавал ингэж улс төржүүлэх нь утгагүй л асуудал.
 
Эх сурвалж: Үндэсний шуудан сонин
Х.Түвшинтөгс