Цөмийн энергийн комиссын Ажлын албаны Тамгын газарт дараах нээлттэй ажлын байранд сонгон шалгаруулж авна. (2019-11-01 07:59:00)

Нийтлэл

Н.Тэгшбаяр. Ерөнхийлөгчийн зарлигийг давж гишгэдэг хүн засагт ажиллаж таарахгүй

Н.Тэгшбаяр. Ерөнхийлөгчийн зарлигийг давж гишгэдэг хүн засагт ажиллаж таарахгүй

Цөмийн энергийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Тэгшбаяртай ярилцлаа.
 
Уран олборлох үйлдвэр барих, цөмийн эрчим хүчний эх үүсвэр байгуулах асуудал ирэх оны төсвийн төсөлд орсон талаар МАН-ын зарим гишүүн мэдээлэл хийсэн. Ерөнхий сайдын багцаас 50 тэрбум төгрөгийг энэ ажилд зарцуулах нь гэсэн хардлага байна лээ?
 
Хаана байгаа 50 тэрбум төгрөг вэ. Өнгөрсөн лхагва гаригт УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Цөмийн энергийн газрын ирэх оны төсвийн багцыг хэлэлцсэн.Тэнд л лав тийм мөнгө байхгүй байна лээ. Манай төсвийн багц таван тэрбум төгрөг ч хүрэхгүй. Инээдтэй төсөвтэй газар шүү дээ. Гэтэл Америкийн энэ чиглэлийн судалгааны
 
лабораториудын нэг жилийн төсөв л гэхэд хэдэн тэрбум ам.доллар байдаг. Бараг Монгол Улсын жилийн төсвөөс илүү шахуу юм билээ. Манай салбарт уран олборлох тохиолдолд төрийн хувь эзэмшил улсын төсвөөр хайгуул хийсэн эсэхээс хамаарч 34 ба 51 хувиас доошгүйг “Мон-Атом” төрийн өмчит компаниар дамжуулан төр эзэмшин, хяналтаа тогтоодог. Ингэж хуульчлагдсан учир алхам бүр нь улсын хяналтанд, Үндэсний аюулгүй байдлын бодлогын хараанд, ард түмний мэдэлд байгаа гэж ойлгож болно. Ганц хүнээс хамаарах шийдвэр энэ салбарт байхгүй. Манай агентлаг бол тохируулах л чиг үүрэгтэй.
 
 
-Дулаан-Уул ураны ордыг түшиглэн олборлох үйлдвэр барих бэлтгэл ажил хангах, цөмийн эрчим хүчний эх үүсвэр байгуулах ТЭЗҮ-ийн урьдчилсан судалгаа хийх, технологийг сонгох зэрэг асуудал төсвийн төсөлд бичигдчихсэн байгаа юм биш үү?
 
-Миний өмнөх даргын үед ТЭЗҮ боловсруулна гээд явуулчихсан байна лээ. Ерөөсөө ямар ч хөрөнгө төлөвлөөгүй байж биччихсэн байсан. Ийм зүйл болж байгаа нь хариуцлагүй ажиллаж байсантай холбоотой байх. Манай байгууллагын төсвийн багцыг намайг ажил авахаас өмнө наймдугаар сард гарын үсэг зураад явуулчихсан байсан.Нэгэнт төсөв мөнгө нь суугаагүй, хийх эсэх нь тодорхойгүй асуудлыг хасахаас аргагүй биз дээ. Тиймээс би энэ бай-гууллагад ирэнгүүтээ холбогдох төрийн байгууллагуудад мэдэгдсэн, УИХ-ын дарга тэр заалтуудыг нь байнгын хороон дээр санал гаргаад хасчихсан. Төсвийн төсөлд яагаад тийм асуудал оруулсныг өмнөх дарга нараас асуусан нь дээр байх.
 
-Хамтарсан Засгийн газар, таны өмнө ажиллаж байсан даргын төлөвлөсөн ажил байсан гэж үү?
 
-Зөвхөн өмнөх ч биш. Өмнөхийн өмнөх Засгийн газруудаас эхтэй. Н.Энхбаяр Ерөнхий сайд байхад энэ асуудал яригдаж л байсан. С.Баяр Ерөнхий сайд байх үед уран олборлох асуудал бүр төгөлдөржөөд явж байлаа. Сү.Батболдын үед ч асуудал явж байсан. Гэхдээ тэд нар энэ салбарыг урагшлуулж, сайн ажиллуулж чадаагүй. Хар л даа. Манай салбарын шийдээд гаргасан асуудлууд нь шүүх дээр байна. Шийдэх гэж байгаа нь хүлээгдсээр байгаа. Дүрслээд хэлэхэд хорхогны халуун чулуун дээр суусан мэт орчинд ирчихээд байж байна.
 
-Төсвийн төслөөс хасагдчихсан юм бол МАН-ын зарим гишүүн ямар үндэслэлээр олбор-лох үйлдвэр барих нь гэж хардаад байгаа юм бол?
 
-Улс төр хийхдээ өмнөх асуудлыг бодох ёстой байж дээ. Гэхдээ би Я.Содбаатарыг шударга залуу юм гэж үнэлж байгаа. Өөрөө ч уул уурхайн салбарын бодлого тодорхойлж байсан. Өнөөдрөөс өмнө үүссэн хүндрэлүүдэд шүүмжлэлтэй хандаж, байгаад. Үнэндээ манай салбар асуудал ихтэй байгаа бол МАН-ынхны бодлогын үр дүн. Юун дээр алдаж оносноо дүгнээд за-сахын оронд алдаагаа бусад руу түлхээд байж болохгүй.
 
-Танай салбарын юу нь болохоо байчихсан байсан гэж?
 
-Хэлж байна шүү дээ. Урьд нь шийдсэн олон асуудлууд нь шүүх дээр байна. Шийдэх гэж оролдсон нь хүртэл шүүх дээр очихдоо тулсан. Олон стратегийн түнш, харилцагчдын асуудал шийдэгдээгүй хүлээгдэж байгаа. Стратегийн ач холбогдолтой салбарын хувьд зог-солтгүй урагшлах учиртай биз дээ. Аливаа асуудал манай байгууллага дээр ирээд зогсдог байж таарахгүй. Харин шийдэх ёстой бол шийдээд явуулах, боломжгүй бол боломжгүйгээ хугацаанд нь хэлдэг байх ёстой. Гэтэл шийдэх эсэх нь мэдэгдэхгүй тодорхой бус байдалд оруулаад цөөнгүй асуудлыг зогсоочихсон байгаа.
 
-Уранаа огт ашиглах хэрэггүй. Тэгвэл цөмийн хаягдал булшлах цэг болно гэж үздэг хүмүүс бас цөөнгүй.
 
-Аливаа асуудлын голыг ололгүй, шууд ингэнэ, тэгнэ гэж дүгнэдэг нь буруу. Асуудалд бодитоор, шинжлэх ухааны үндэстэй хандах хэрэгтэй. Газрын тосны нөөц дэлхий даяар хумигдаж байгаа. Байгаль орчны нөлөөнөөс шалтгаалж нүүрс шатааж, эрчим хүч гаргах эрсдэлтэй болсон зэргээс болоод хүн төрөлхтөн атомын эрчим хүчийг хэрэглэх нь дамжиггүй. Сэргээгдэх эрчим хүч эрчимтэй хөгжиж байгаа, улс орнууд үүнд их анхаарал тавьж байгаа ч эрчим хүчний найдвартай эх үүсвэр болж чадаагүй л байна. Тиймээс Монгол Улс уранаа ашиглах хэрэгцээ гарах нь дамжиггүй. Харин ямар байдлаар, яаж ашиглах вэ гэдгийг бид судлах, тодруулах, хэлэлцэх хэрэгтэй. Уран ашиглана гэдэг цөмийн хаягдал булшлах гэсэн үг огт биш. Гадны улс орон гаргасан цөмийн хог хаягдлын асуудал манайд огт хамаагүй. Түүнийг бид хийхгүй. Ерөнхийлөгчийн зарлиг хүртэл гарчихсан байгаа. Ерөнхийлөгчийн зарлигийг давж гишгэдэг хүн засагт ажиллаж таарахгүй.
 
-Уран ашиглах, энэ салбарыг хөгжүүлэх нь галт зэвсгээр тоглохтой адил гэж зүүрлэх хүн олон.
 
-Ер нь сүүлийн үеийн бүх дэвшилтэт технологи энэ салбарын хөгжилтэй шууд холбогдож байна. Үүнийг ашиглахгүй гэдэг бол “Ferrari” жолоодохгүй морь унана гэдэгтэй л адил. Гэхдээ нэг л өдөр “Ferrari” унах шаардлага гарна шүү дээ.
 
Аль нь аюулгүй, аль нь аюултай гэдгийг ойлгодог байх шаардлагатай. Тэгэхгүйгээр хүмүүсийг хоосон айдсаар тоглоод байна шүү дээ. Цөмийн хаягдал хортой учраас Ерөнхийлөгчийн 181 дүгээр зарлигаар хориглочихсон. НҮБ-аас Монгол Улсыг цөмийн зэвсэггүй орон гээд зарлачихсан. Аюултай асуудал нь манайд огт хамаагүй.
 
-Цөмийн энергийн газрын дарга асан С.Энхбат МАН-ынхан тэр дундаа Эрчим хүчний болон Гадаад харилцааны сайд цөмийн хаягдал булшлах хэлэлцээр хийх гэж байсныг ярьдаг. Гэтэл МАН-ынхан Шинэчлэлийн Засгийн газар үүнийг хэрэгжүүлэх нь гэж хардаж байгаа нь ямар учиртай юм бол?
 
-Хэлсэн хүнээс нь асуусан нь дээр байх. Төсөв дээр тийм асуудал суугаагүй гэдгийг баттай хэлж чадна. Манай байгууллагын төсөв 50 байтугай таван тэрбум төгрөг ч хүрэхгүй. Үнэхээр тийм зүйл байсан бол МАН-ынхан өөрсдөө хийх гэж байсан юм байлгүй. МАН сүүлийн 20 жил төр барилаа. Тэр хугацаанд тийм зүйл ярьж, шийдвэр гаргасан юм байгаа биз. Одоо манай төсөвт лав тийм зүйл байхгүй. Гадаадын улс орнуудын цөмийн хаягдал Монгол Улсад булшлах асуудал огт байхгүй. Үүнийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
 
-Тэгвэл шар нунтаг боловсруулж байна гээд байгаа нь ямар учиртай юм бэ?
 
-Орчин үед ураны хүдэр боловсруулаад гаргасан нунтаг нь шар өнгөтэй биш шүү дээ. Боловсруулаад хэрэглэсэн технологиосоо хамаараад бор, эсвэл хар өнгөтэй байдаг. Дээр үед л шар өнгөтэй нунтаг гардаг байсан. Түүгээр нь нэрлээд заншчихсан буруу хэллэг юм. Байгаль дээр байгаа ураны хүдрийг тээрэмдэж нунтаглаад, нунтагийг нь хүчиллэг шингэнээр угаагаад хатаасны дараа гарсан нунтагийг хэлж байгаа юм. Энэ нунтаг нь химийн бодисынхоо хувьд хортой. Харин радиацын хувьд хор нөлөө багатай. Дэлхий дахинд уг нунтагийг цааш боловсруулах үйлдвэр рүү явуулахдаа металл саванд хийгээд зөөвөрлөдөг. Аюулгүй ажиллагааны норм журмыг мөрдвөл ямар ч аюулгүй.
 
-Ер нь уран боловсруулах тухай ярьдаг ч ахиц гардаггүй. Компаниуд нь ихэвчлэн шүүхдэлцээд байдаг?
 
-Хөдөлгөхгүй, явуулахгүй байх нь зарим талд ашигтай байх. Манай улс ураны таамаг нөөцөөр эхний тавд ордог. Тэр утгаараа дэлхийн зах зээлд орвол тоглогчдын байршил өөрчлөгдөнө. Тэгэхээр энэ салбарт тоглогчдод ашиггүй болно.
 
Манай улсад энэ салбарт хөрөнгө оруулсан бүх компани зогсонги байдалд орчихоод байгаа. Хууль эрх зүйн орчин, улс төр нь найдваргүй. Манай салбарын зарим аусудлууд гадны шүүх дээр очоод эхэлчихсэн байна. Дэлхийд зөвшөөрөгдсөн компаниуд Монголоос гарах шийдвэрээ сонгуулиас өмнө гаргачихсан байсан байна. Энэ талаар одоо би мэдэж байх жишээтэй. Хөрөнгө оруулагчид гарах хэнд ч ашиггүй шүү дээ. Хөрөнгө оруулагчдыг дэмжиж хамтарч ажиллах нь зөв бодлого.
 
-Тэгээд та салбараа яаж өөрчлөх вэ?
 
-Хуулийн дагуу шийдэж болох бүхнийг хуулийн хугацаанд нь шийднэ.Харилцагчдадаа тодорхой байдал үүсгэнэ. 30 хоногт асуудал шийдэх бол тэр хугацаанд л хариугаа өгдөг байх болно. Энэ салбарыг өнгөрсөн Засгийн газрууд ач холбогдолтой гээд анхаарлаа хандуулдаг байсан. Ач холбогдол өгсөн хэрнээ сайн ажиллуулаагүй байж одоо шинэ дарга ажлаа авсан дор улс төр хийх шаардлагагүй. Хэдэн жилийн дараа надаас хариуцлага нэхвэл хэлэх зүйлтэй сууна. Хүүхэд төрөнгүүтээ алхдаггүй биз дээ. Я.Содбаатарын хэлснээр энэ салбарт асуудал байгаа бол тэдний л үлдээсэн асуудал.
 
-Атомын цахилгаан станц байгуулах ажил олон жил яригдаж байгаа.Үүнд хэрхэн хандаж байгаа вэ?
 
-Атомын цахилгаан станц байгуулах эсэхийг эрдэмтэн мэргэдээс асууж, үндэсний аюулгүй байдлын хэмжээнд авч үзэх асуух ёстой асуудал. 1965 оноос өнөөг хүртэл ярьж судалж байгаа асуудал. Одоо судалгаануудаа эцэслэн дүгнэж, олон нийтээс санал асууна. Дэлхий даяар сэргээгдэх эрчим хүчийг түлхүү ашиглахаар ярьж байгаа ч технологийн хувьд шийдлээ олоогүй асуудлууд байсаар л байна. Нар үргэлж шарахгүй, салхи тогтмол үлээхгүй.Нар, салхиар гаргаж авсан эрчим хүчээ нөөцлөөд хэрэгтэй үед нь буцааж ашиглана гэх юм бол дэлхий дээр байгаа бүх батарей нийлээд ч дэлхийн эрчим хүчний хэрэгцээг арван минут л хангана. Иймээс байгалийн хий, нүүрс, уран гэх мэт тогтвортой эх үүсгэвэрүүдээс эрчим хүч гаргаж авсаар л байх нь гарцаагүй.
 
-Иргэний хөдөлгөөнийнхөн танай салбарыг хамгийн их эсэргүүцдэг. Тэдэнтэй ойлголцоод ажиллаж болдоггүй юм уу?
 
-Цөмийн технологи бидний амьдралд олон салбарт үр ашгаа өгч байгаа шүү дээ. Цацрагаас айгаад байгаа юм бол бүгдийг нь зэрэг ярих хэрэгтэй. Шатаагаад ил задгай хаясан үнс тэр чигтээ цацрагтай. Нар, салхины эрчим хүч, гибрид машин, гар утас гээд ихэнх өндөр технологийн бүтээгдэхүүний амин чухал түүхий эдэд ураны газрын ховор элемент болох уран, тоорий бүлгийн элементүүд их хэмжээгээр байдаг.
 
Тийм байхад бид цацрагаас айгаад татгалзана гэвэл XXI зуунааас ухарч байна гэсэн үг. Гар утас хэрэглэх хэрэггүй, нүүрс биш аргалаа түлэх ёстой, машин унахгүй гэсэнтэй л адил. Өөрөөр хэлбэл дэлхийн улсуудтай өрсөлдөхгүй л гэсэн үг. Нэг зүйлийг нэмж хэлэхэд тэдэнд эх орноо гэсэн сэтгэл байгааг гүнээ ойлгож байна. Нөгөө талаас энэ салбарт ажиллаж байгаа надад, манай салбарынханд ч гэсэн тийм сэтгэл бий. Тиймээс тэр хүмүүс манай цацрагийн хяналтынхантай хамтарч ажиллах хэрэгтэй. Энэ тал дээр хэзээ ч манай агентлагийн хаалга нээлттэй. Манай хяналтын чиг үүрэг энэ хүмүүсийнхтэй нэг зүг рүү харж байгаа. Ингэх нь ч зөв гэдэгт итгэлтэй байна.  Маш тодорхой хэлэхэд Цөмийн хаягдал орж ирнэ гэдэг асуудал огт байхгүй гэдгийг дахин хэлмээр байна.
 
-Цөмийн эрчим хүчийг ашиглах нь үеэ өнгөрөөж байгаа хоцрогдсон технологи гэх яриа бас байна. Ер энэ тал дээр дэлхий нийтийн хандлага хаашаа явж байна вэ?
 
-Асуудлыг аль өнцгөөс харахаас хариулт ихээхэн хамаарна. Тухайлбал Австри, Бельги, Герман, Япон зэрэг орнуудаар жишээ аваад яривал цөмийн энергийг ашиглах явдал үеэ өнгөрөөж байгаа мэт харагдана, нөгөө талаас АНУ, ОХУ, Энэтхэг, Хятад, Өмнөд Солонгос зэрэг орнуудын цөмийн хөтөлбөрийг харвал энэ нь эрчим хүчний салбарт томоохон тоглогч хэвээр байх болно. Ерөнхий зураглалаар нь дүгнэвэл эрчим хүч, уул уурхай, хөдөө аж ахуй, эрүүл мэнд зэрэг олон салбар цөмийн технологийн ололтоос татгалзах аргагүй, хараат байх нь тодорхой байна.
 
-Ураны зөвшөөрөлгүй, хугацаа хэтэрсэн тусгай зөвшөөрлүүд олон байдаг гэсэн. Түүнийг яаж цэгцлэх вэ?
 
-Энэ салбарт лиценз эзэмшигчдийн тоо улам л цөөрсөөр байгаа юм билээ. Бүхнийг хуулийн дагуу л шийднэ.
 
-Та энэ байгууллагын даргын орлон гүйцэтгэгчээр томилогдохоосоо өмнө хаана ажиллаж байсан вэ?
 
-”Мон Атом” компанийн дэд даргаар ажиллаж байсан.Энэ салбарт байсны хувьд юу нь болж, юу нь болохгүй байгааг мэддэг. ЦЭГ, “Мон Атом” ТөХХК  хоёр нэг зүгт хараад салбараа хөгжүүлэх ёстой байтал хоёр тийшээ хардаг байсан. Үүнийг өөрчлөхийн төлөө ажиллаж байна.
 
-Танай байгууллага хаалттай. Улс төрийн нөлөө ихтэй. Тэр утгаараа улстөрчдийн шахааны хүмүүс ажилладаг, авлига ихтэй гэх шүүмжлэл бий.
 
-Шуудхан хэлэхэд, энэ ажлыг авахдаа санаатай санаандгүй янз бүрийн дайралтууд ирнэ гэдгийг мэдэж байсан. Гэхдээ би хуулийн дагуу ажиллана.
 
Тус салбарт ихээхэн хөрөнгө эргэлдэх ёстой бол хуулийн дагуу бизнесээ хийж Монгол Улсад хэрэгтэй болоосой л гэж бодож байна. Түүнээс хэн нэгэнд авлига өгөөд ажлаа бүтээнэ гэж байхгүй. Хуулийн орчин, салбар нь тодорхойгүй байсан учраас “Арева”-гаас бусад хүлээн зөвшөөрөгдсөн хөрөнгө оруулагчид гараад явчихсан байна шүү дээ. Ийм үед энэ байгууллагад ирж байна.
 
-Хуулийн орчин нь хэр байдаг юм бэ?
 
-Өөрчлөх сайжруулах шаардлагатай зүйлс олон байна. Үүний нэг нь Цөмийн энергийн хууль. Үүн дээр мэргэжлийн баг гараад ажиллаж байна. Үндэсний аюулгүй байдлын бодлогод нийцсэн бөгөөд хуулийн дагуу Хөрөнгө оруулагчдыг дэмжиж бүх зүйл нь ил тодорхой ажиллахыг хүсч байна. Эцэстээ цөмийн энергийн салбарын бодлого зөв, оновчтой байвал Монгол Улс дэлхийн стратегийн салбарын нөлөө бүхий улсуудын нэг болох учиртай.
 
Б.ЦЭЦЭГДЭЛГЭР
 
Эх сурвалж: Өдрийн сонин