Цөмийн энергийн комиссын Ажлын албаны Тамгын газарт дараах нээлттэй ажлын байранд сонгон шалгаруулж авна. (2019-11-01 07:59:00)

Ярилцлага

Дэлхийн сая сая хүн, өдөр бүр цөмийн технологийг хэрэглэж ач тусыг нь хүртэж байна

Дэлхийн сая сая хүн, өдөр бүр цөмийн технологийг хэрэглэж ач тусыг нь хүртэж байна

Цөмийн технологийн хэрэглээ бидний амьдралд ойрхон байдаг ч тэр болгон хүмүүс мэддэггүй. Энэ салбарын хөгжлийн талаар Цөмийн энергийн газрын Технологи нэвтрүүлэх хэлтсийн дарга Б.Мөнхтөртэй ярилцлаа.
 
Манай улсын хувьд цөмийн технологи аль салбарт түлхүү ашиглагдаж байна вэ?
 
-Нийгэмд цөмийн технологи гэхээр л цөмийн цахилгаан станц, уран, шар нунтаг, цөмийн хог хаягдал гэсэн ойлголт байдаг. Гэтэл дэлхийн сая сая хүн, өдөр бүр цөмийн технологийг хэрэглэж ач тусыг нь хүртэж байна.
Хэрэглээ талаасаа хүнс, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, геологи, уул уурхай, байгаль орчин, мал аж ахуй, аж үйлдвэр, өндөр технологи, шинжлэх ухааны салбарт цөмийн технологиудыг өргөн ашиглаж байгаагийн нэг жишээ бол эрүүл мэндийн салбар юм.
 
Манай улс эмнэлгийн салбарт энэхүү технологийг оношлогоо, эмчилгээнд хэрэглээд 60 гаруй жил болж байна. Цөмийн болон цацрагийн хэрэглээний технологи зарчмын хувьд өөрчлөгдөөгүй хэдий ч орчин үед бусад салбарын хөгжилтэй уялдан технологи нь шинэчлэгдэн өөрчлөгдсөөр байна. Та бидний байнгын хэрэглээ болсон рентген аппарат, компьютер томограф эд бүгд цөмийн технологи гэдгийг дурьдаж болно.
 
Харин хүнс, хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарт цаг уурын өөрчлөлтөд тэсвэртэй, тухайн газар оронд нутагших чадвар сайтай ургамлын шинэ сорт гаргаж авах, хөрсний элэгдэл, ус, ургацын тэжээллэг байдлын менежментийг сайжруулах, хүнсний бүтээгдхүүнийг цацрагаар шарах, хадгалалтын хугацааг уртасгах, хортон шавьж, хөгц мөөгөнцрийн тархалтыг зогсоох, малын үржил шимийг сайжруулах зэрэгт өргөн ашиглагдана.
 
 
Геологи, уул уурхай, аж үйлдвэрийн салбарт үл эвдэх сорилын хяналт шинжилгээг барилга, дэд бүтцийн салбарт өргөн нэвтрүүлэх, үйлдвэрлэлийн радиограф, дефектескопын шинжилгээг өргөтгөх, үйлдвэрийн процессын хяналтыг автоматжуулахад цацрагийн үүсгүүрийн хэрэглээг нэмэгдүүлэх, гаалийн хяналт шалгалтын техник хэрэгслэлийг сайжруулах, геологийн судалгаа, ашигт малтмалын эрэл хайгуул, дээжүүд элементийн анализ хийх зэрэг нь мөн л цөмийн технологийн хэрэглээ гэдгийг хэлэх байна.
 
Цөмийн технологийг нэвтрүүлэхэд Цөмийн энергийн газраас ямар оролцоотой ажилладаг вэ?
 
-Монгол Улс нь Олон улсын атомын энергийн агентлагын гишүүн орноор элсч, тус агентлагийн техникийн хамтын ажиллагааны хөтөлбөрт 1975 оноос эхлэн хамрагдаж ирсэн. Тус хөтөлбөрийн хүрээнд 1975-2011 онуудад цөмийн технологи нэвтрүүлэх чиглэлээр 60 гаруй төсөл хэрэгжүүлж 12 гаруй сая ам.долларын тусламж авсан байдаг. ОУАЭА-ийн техникийн хамтын ажиллагааны хөтөлбөр, Ази, Номхон далайн бүсийн орнуудын хамтын ажиллагааны гэрээний хүрээнд 2012-2013 онд цөмийн энерги, эрүүл мэнд, хүнс, хөдөө аж ахуй, шинжлэх ухаан, байгаль орчны чиглэлээр үндэсний 8, бүсийн 15, гэрээнээс гаднах 24, бүс хоорондын 2 нийт 49 төсөл хэрэгжиж байна. Эдгээр төслүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд манай байгууллагын зүгээс анхаарч, ОУАЭА-тай хамтран хяналт тавьж ажиллаж байна. Цаашид энэ салбарын хөгжүүлэхэд холбогдох судалгаа шинжилгээний хүрээлэн, төрийн болон төрийн бус байгууллага, аж нэгжүүдтэй хамтран ажиллахад бид хэзээд бэлэн байх болно.
 
Төрийн бодлогод энэ салбарыг хөгжүүлэхэд хэрхэн анхаарч байна вэ?
 
-Манай улсын хувьд цөмийн технологийг төрийн бодлогын хэмжээнд тавьж тэргүүлэх чиглэлүүдийг тогтоож олон улсын холбогдох байгууллагуудтай хамтран төсөл хөтөлбөр боловсруулан өмнө дурдсан салбар чиглэлүүдээр хөгжүүлж, боловсон хүчний чадавхыг дээшлүүлж, тоног төхөөрөмжүүдийг сайжруулах зайлшгүй шаардлага гарч байна. Дээрх салбаруудад цөмийн технологи ашиглах асуудлыг дэмжиж хөгжүүлснээр хүнсний аюулгүй байдлыг хангах, туяа эмчилгээний чанарыг сайжруулж, цар хүрээг нь өргөтгөх, эрдсийн түүхий эдийн шинжилгээг боловсронгуй болгох, агаарын бохирдлыг бууруулах зэрэг олон эерэг нөлөөллийг монгол улсад бий болгоно.
 
Цөмийн технологийг өндөр түвшинд хөгжүүлж байгаа ямар орнууд байна вэ?
 
-Дэлхийд хөгжлөөрөө тэргүүлэгч орнууд болох АНУ, ОХУ, Япон, БНСУ зэрэг улсууд цөмийн технологийг хөгжүүлэхээр төрийн бодлогоор их хэмжээний мөнгө зарж том том судалгааны ажлуудыг амжилттай хийж байна. Жишээ дурьдхад дэлхийн 53 оронд 250 байгууллага хүнсний бүтээгдэхүүнийг цацрагаар шарах технологийг ашиглаж байна. сүүлийн үеийн дэвшилтэд технологийн талаар сонирхуулахад 2011 онд АНУ-аас Сониуч нэртэй роботыг Ангараг гарагт буулгасан. Энэ роботыг цөмийн хөдөлгүүрээр тоноглогдсоныг тэр болгон хүмүүс мэддэгүй. Түүнчлэн Марс гарагын хурдас чулуулгийн химийн элементийг тодорхойлоход альфа цацрагийг ашигладаг.
Цөмийн технологийн хэрэглээ, ач холбогдолын талаарх иргэдийн ойлголт мэдлэг бага байдаг. Олон нийтэд зөв мэдээлэл өгөх тал дээр хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?
 
- Манай улсын хувьд ч цөмийн технологийн хэрэглээ улам бүр өсөн нэмэгдэж байна. Бид цөмийн технологийг хэрэглээ, ач холбогдол, үр нөлөөний талаар олон нийтэд мэдээлэл өгөх, цөмийн технологи ашиглаж байгаа аж ахуй нэгж байгууллагын үйл ажиллагааг сурталчилах зорилгоор “Амьдралд ойрхон хэрэглээ” нээлттэй өдөрлөгийг энэ сарын 03-ны өдөр МҮЭ-ийн соёлын төв ордонд зохион байгуулана. Нээлттэй өдөрлөгт Хавдар судлалын үндэсний төв, Улсын клиникийн төв эмнэлгийн Цөмийн онош зүйн тасаг, Геологийн төв лаборатори, Мал эмнэлгийн хүрээлэн, Улсын ариун цэврийн төв лаборатори, Ургамал, газар тариалангийн сургалт эрдэм шинжилгээний төв болон “Арева” ХХК, “Оюутолгой” ХК зэрэг нийт 20 гаруй байгууллага оролцоно. Энэ өдөрлөгт ирсэн хүн бүр цөмийн технологийн талаар бодит мэдээлэл авах боломжтой.
 
Танд баярлалаа.
Эх сурвалж: Өдрийн сонин