Японы атомын энергийн агентлаг (ЯАЭА)-аас жил бүр зохион байгуулдаг “Сургагч багш бэлтгэх” хөтөлбөрийн хүрээнд “Реакторын инженер” дагалдах сургалтыг ЯАЭА болон Шинжлэх ухаан технологийн их сургуультай хамтран 2019 оны 01 дүгээр сарын 07-18-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна. (2018-12-26 06:40:00)

Нийтлэл

“Таны амьдралд ойрхон хэрэглээ”

“Таны амьдралд ойрхон хэрэглээ”

Сүүлийн үед сайн муу элдэв зүйлстэй “холилдох” болсон Цөмийн технологи гэгч зүйл Монголчуудын хувьд аль 1957 оноос түүхтэй салбар билээ. Цөмийн шинжилгээний лабораторийг манай улс 1957 онд байгуулждотооддоо цөмийн физикийн судалгааг явуулах үндэс суурьтай болж, Олон улсын атомын энергийн агентлагт (ОУАЭА) 1973 онд гишүүн орноор элсчээ.
 
Улмаар 1975-2011 онд хүнс, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, геологи, уул уурхай, байгаль орчин, аж ахуй, шинжлэх ухааны салбарт цөмийн болон цацрагийн технологи нэвтрүүлэн 60 гаруй төсөл хөтөлбөрт оролцож 12 гаруй сая ам.долларын тусламж авчээ. Энэ тусламжийг цөмийн физик болон технологи, эрүүл мэнд, хүнс, хөдөө аж ахуй цөмийн эрчим хүч, уул уурхай, байгаль орчны салбарт тус тус зарцуулсан байна. Өдгөө цөмийн технологийг хэрэглэдэггүй салбар гэж бараг үгүй.
 
Өнөөдөр Цөмийн энергийн газраас “Амьдралд ойрхон хэрэглээ” нээлттэй өдөрлөгийг зохион байгууллаа. Тус өдөрлөгт Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон бусад албаны төлөөллүүд, 22 улсын болон хувийн аж ахуйн нэгж оролцлоо.
 
Ерөнхий сайд Н.Алтанхуяг:
 
Өнөөдрийн үйл ажиллагааг зохион байгуулж буйн учир нь манай иргэдийн дунд цөмийн технологийн талаарх ойлголт бүдэг сул байна. Манай улсад өнөөдөр 200 гаруй байгууллага цөмийн технологид суурилсан 800 гаруй тоног төхөөрөмжийг ашиглаж байна. Иргэн хүн рентген зураг авахуулж байна гэдэг нь л цөмийн технологитой ойртож буй хэрэг.
 
Иргэд шар нунтаг гэж их аюултай зүйл байх юм гэж асууж байна. Шар нунтгийн талаар мэдэхгүй байх нь тэдний эрх. Харин энэ нь юу вэ гэдгийг мэргэжлийн байгууллагууд нь ойлгуулах ёстой. Өнөөдрийн нээлттэй өдөрлөг ийм зорилгыг агуулж байна.
 
Ер нь Монгол улс газар дор байгаа цөмийн цацраг идэвхитэй ашигт малтмалаа тодорхой хэмжээгээр ашиглавал яасан юм. Гэхдээ ашиглана гэхээр атомын цахилгаан станц л ярих гээд байх юм. Харин хамгийн наад захын хэрэглээ болох шар нунтаг хүртэл ашиглах боломж юу байна гэдгийг харах хэрэгтэй.
 
Үнэхээр Монголд хэрэгтэй юм гэвэл цөмийн энергийг тодорхой хэмжээнд ашиглая, цөмийн технологио улам бүр нэвтрүүлье. Шар нунтаг гээд байгаа юм нь ямар хэмжээнд ямар аюултай вэ гэдгийг тогтоож ашиглаж чадвал ашиглая, чадахгүй бол больё. Шинэчлэлийн засгийн газрын мөрийн хөтөлбөрт “Цөмийн хог хаягдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт булшлахыг хориглоно” гэж байгаа. Одоогийн хуулиар хориглосон байгаа ч илүү боловсронгуй болгоно. Ер нь юуг ямар хэмжээгээр хэрэглэвэл үр ашигтай, ямар хэмжээгээр хэрэглэвэл хор уршигтай болдогийг ойлгомоор байна. Тиймээс өнөөдөр энэ бүхнийг иргэдэд ойлгуулах хэрэгтэй гэж үзэж байна” гэлээ.
 
Цөмийн технологийг ярихад холбоотой сонирхол татсан асуудал нь уран байдаг. Монгол орны нутаг дэвсгэрийн 70 хувь нь геологийн судалгаанд хамрагдсан байдаг. Одоогоор 11 ураны ордыг илрүүлэн тогтоожээ. Тусгай зөвшөөрлийн хувьд хайгуулын 83, ашиглалтын зөвшөөрөл 2 байгаа нь Монгол улсын нийт нутаг дэвсгэрийн 1,2 хувийг эзэлдэг байна. Уран олборлолтонд бэлтгэгдэж байгаа “Арева”, Хятадын үндэсний цөмийн корпорацийн төсөл, Гурвансайханы гэх мэт дөрвөн төсөл байгаа юм.
 
Танд цөмийн технологийн салбарын талаарх асуулт байвал өнөөдөр болж буй “Танд ойрхон хэрэглээ” нээлттэй өдөрлөгөөс иргэн та хариултаа авч болох юм. Нээлттэй өдөрлөг 16.00 цаг хүртэл үргэлжлэнэ.
 
М.Жаргал
Эх сурвалж: www.gogo.mn