Японы атомын энергийн агентлаг (ЯАЭА)-аас жил бүр зохион байгуулдаг “Сургагч багш бэлтгэх” хөтөлбөрийн хүрээнд “Реакторын инженер” дагалдах сургалтыг ЯАЭА болон Шинжлэх ухаан технологийн их сургуультай хамтран 2019 оны 01 дүгээр сарын 07-18-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна. (2018-12-26 06:40:00)

Мэдээ

ЦЭГ-аас хүнсний бүтээгдэхүүнд цацрагийн аюулгүй байдлын шинжилгээг тогтмол хийдэг

ЦЭГ-аас хүнсний бүтээгдэхүүнд цацрагийн аюулгүй байдлын шинжилгээг тогтмол хийдэг

Цөмийн энергийн газар хуулиар хүлээсэн чиг үүргийн дагуу эх орны болон импортын гол нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн, түүхий эд, ундны усанд цацрагийн аюулгүйн шинжилгээ хийж, улсын байцаагчийн дүгнэлт гарган, цацрагийн хяналт тавьж ажилладаг байна.
 
Хүнсний бүтээгдэхүүнд цацраг идэвхт изотопууд тодорхой хэмжээгээр агуулагдаж байдаг бөгөөд Цөмийн энергийн газрын Цацрагийн хяналт шинжилгээ, тохируулгын лабораторт хүнсний бүтээгдэхүүний гамма цацрагийн нийлбэр идэвх болон гамма цацраг идэвхт изотопуудын хувийн идэвхийг тодорхойлох шинжилгээг хийдэг.
 
Тус лабораторт өнгөрсөн онд нийт 3559 хүнсний бүтээгдэхүүний дээжинд цацрагийн аюулгүйн шинжилгээ хийснээс 20 нэр төрлийн импортын бүтээгдэхүүнд бага хэмжээний зохиомол цацрагийн бохирдол илэрснийг илрүүлэн, холбогдох арга хэмжээг авч, импортыг зогсоосон байна.
 
Мөн дотоодод хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч томоохон 22 аж ахуйн нэгжийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, бүтээгдэхүүний түүхий эдээс улирал тутамд, Улаанбаатар хотын ундны усны төвлөрсөн хангамжийн станцуудаас ундны уснаас сар бүр, томоохон гол мөрөн, цас, борооны уснаас жил тутам дээж авч, цацрагийн аюулгүйн шинжилгээ хийж, холбогдох дүгнэлтийг гаргажээ.
 
Дашрамд дуулгахад ихэнх хүнсний бүтээгдэхүүнд байгалийн цацраг идэвхт Кали-40, цөөн тохиолдолд зохиомол цацраг идэвхт Цези-137 изотоп илэрдэг ажээ.
 
Кали-40 нь ихэнх хүнсний бүтээгдэхүүнд агуулагддаг байгалийн цацраг идэвхт изотоп бөгөөд харин Цези-137 нь хүний үйл ажиллагаатай холбоотойгоор үүсдэг зохиомол цацраг идэвхт изотоп юм.
 
Цацраг идэвхт элементээр бохирдсон бүтээгдэхүүнийг удаан хугацаанд хэрэглээгүй тохиолдолд хүний биед хор хөнөөл учруулдаггүй байна.